Данзаннямын өргөмөл ганц хүү цэргийн албанаас халагдаад гэртээ ирсэнгүй. Хот суурин газарт суухаар болов гэсэн захидлыг онжавтаа өгөөд усанд хаясан чулуу шиг алга болов. Жилийн жилд доод голын хөх сайранд өндөглөдөг саарал өрвөлөгт хос тогорууны ангаахай шиг сөрвийсөн шар даахьтай жаал хүүг өргөж аваад хүн хийсэн Данзанням хүүгээ халагдаж ирэхэд унуулах морь, тохох эмээлийг нь бэлдэж, сумын хоршооны даргад Уянгын цоохор мод захиж тумбай гунж хоёрыг өгөөд явуулснаа хөгшиндөө хэлээгүй байлаа.
Цэцэг нуурын хөвөөнөөс цэргийн албанд мордов оо хө гэж дуулалдсаар явцгаасан цэргийн залуус халагдаад ирэхэд өөрийнх нь хүү ирсэнгүй. Эмээлтэй морь хөтлөөд мордсон өвгөнөө сул дөрөө ханхийлгэн харшуулсаар урам муутай ирэхэд Жаргал авгайн зүрхрүү шорлочих шиг болов.
Асууж чадахгүй өмөлзсөөр үүдэнд дээрээ зогсох хөгшнөө хараагүй мэт хөтөлгөө мориныхоо эмээлийг авч, хазаар ногтыг нь мулт татан, хондлойг нь нударгаараа илбэж, сул тавьчихаад эмээлээ тэврэн ирж яваа эр нөхрийнхөө дээд Цахирын асга шиг хөх буурал үсийг нь анх удаа харсан мэт
-Миний муу өвгөн хагас өдөрт өтөлчихлөө гэж үү гэсэн саримдаг бодол орж гаран, гэрийнхээ хошлонгоос зуураад авахыг Данзанням хараад
-Нөгөөх чинь ирсэнгүй. Там тум сураг сонсоход хотын цэргүүдтэй үлдсэн бололтой гэж ёоз муутай хэлснээ самганыхаа нулимс мэлмэрсэн харцыг хальт хараад
-Хүний хүү хүрэн бөөртэй гэж үнэн юм байна. Сүүжний ясанд хэм сууж, өдрөөс өдөрт чөмөг нь дундарч байгаа намайг байг ээ гэхэд цээжнийхээ махаа бартал харуулдсан энэ муу самганыг бодоод бараагаа харуулж, элгийг дэвтээгээд буцахгүй дээ гэж бодоод гэртээ оров.
-Амьд мэнд л яваа бол яахав дээ өвгөн минь гэж хэлээд чичирхийлсэн гараар цай аягалан бариад, хүүдээ өглөөнөөс хойш чанаж тавьсан эр төлөгний дал дөрвөн өндөр, сээр харцага тэргүүтэн тураг махтай гуулин төмпөнгөө бүтээсэн цагаан самбайг авч өмнө нь тавив.
Сүрхий цайсаж ирсэн Данзанням халуун цайнаасаа яарамгүй ууж, урт соруултай гаансаар дүнсэн тамхиа нэрж сууснаа
-Төрсөн эх шүү юм нь хүүгээ тоссон ч юм бил үү. Өссөн гэрээсээ дайжсан мэт ирээгүйг бодоход чи бид хоёрыг бодох ухаан алга л байж дээ гэж хэлээд
-Хөгшин минь хатуухан юмнаасаа ганц аягыг бүлээсгээд өг. Дайнтай жилийн азгүй эцэг шиг эзэнгүй морь хөтлөөд буцах ёозгүй хог юм гээд зовхио даган бөмбөрсөн ар үрийн хар үрэл шиг өнчин нулимсаа эрхий хурууныхаа өндгөөр арчив.
--Ирэх л байлгүй дээ өвгөн минь. Миний муу хүү чинь сүрхий сэргэлэн юм болохоор энэ хэдээсээ хоцорсон ч араас нь давхиад ирнэ дээ гэж өвгөнөө аргадан хэлэхдээ уруул нь өмөлзөж байлаа.
Яг хүүгийнхээ насан дээр цэргийн гурван жилийг хил дээр өнгөрөөсөн Данзанням нутгийнхаа жаал бүсгүй Жаргалыг "хүлээнэ ээ" гэсэн үгээ мартчихсан байх вий дээ гэж санаашран бодсоор халагдаад ирэхэд саахалтын зайтай айлсаж буусан "дуугай Соном" гэрийнхээ үүдэнд дурандаад сууж байсан билээ.
Сумын төв дээр тоссон аав нь цээж дүүрэн ханхалзсаар том хүүгээ бахархангуй харж,
-Манайх энэ жил "дуугай Соном" -той айлсаж зусаж байгаа гээд хүүгийнхээ баярласан харцнаас бодлыг уншсан мэт хамраа зангидан ярвайж байв. Эцэг нь өөрийнхөө бодолд тааламжтай үедээ ингэж ярвайсхийн инээмсэглэдэг зантай билээ. Цэнхэр дурдан тэрлэг өмссөн Жаргал салаа хархан гэзгээ савчуулан гарч орж гүйхийг харсан Данзаннямын эргэлзээ үүлээ хөөсөн тэнгэр шиг цэлмэж, хурдхан уулзахсан гэсэн аранзал залуу насны гал дүрэлзсэн аазгай өргөн цээжинд нь багтаж ядан хуйларч, эмнэг хангал зүрх нь тогтож ядан тонгочиж байх шиг санагдаж байв.
Ээждээ үнсүүлж, аавдаа эрхлэн бор гэрийнхээ хоймрыг дүүргэх шахам суугаад халуун цай сэлбүүлэн ууж суух үед гаднаас зөөлөн ханиасаар Соном өвгөн орж ирэв.
-За хүүгээ тосож ирээд бөөн баяр уу гэсээр инээмсэглэх өвгөнтэй золгохоор боссон Данзаннямын хоёр хацрыг үнссэн саахалтын өвгөн баруун хойно гарч завилан суугаад хүүдийтэй тамхиа нудчиж мод толгойнд тамхи чихэж аваад ганц хоёр сороод
-Цэрэг халагдаж ирээд сайхан байна аа. Хэдэн унагаа уяж айраг цагаа сайхан ислээ. Хүү албаа сайн хааж ирэв үү. Дайн самуунгүй энх цаг сайхан юмдаа гээд цай ууж суулаа.
Үе тэнгийн хоёр өвгөн бууз үмхэн, нэрмэлийн охь балгаж хуучилж суусаар сүрхий халамцаад Соном өвгөн харихаар босоход
-Миний хүү Соном гуайгаа хүргээд өг. Замдаа унтаад өгөхөөс сийхгүй өвгөн шүү гээд инээж суугаа аав нь хүүгийнхээ тогтож ядсан харцны нандин учрыг мэдэж байсан ажээ.
Бор авдраа нээж ууттай чихэр гарган сонинд боогоод
-Май үүнийг Жаргалдаа өгөөрэй. Хүүхэд л болсон хойно горьдоно гэснээ, өврөөсөө тод цэнхэр пансан алчуур гарган хоёр өвгөний харцнаас нуумаглан хүүгийнхээ гарт атгуулаад
-Цаадахдаа өг гэж шивнэн, хайр гэрэлтсэн гэгээн харцаар шагнав.
-За ээжээ гэж хэлээд өвгөдийн араас гарахдаа ээжийнхээ бурхан ухааныг биширч байсан.
Оровч гаравч хөтлөлцөх шахам гүйлдсэн залуу хос аавынхаа зэхсэн гэрт дэр нэгтгээд хэдхэн сарын дараа залуу гэргийн хөл хүндэрч баяр хөөрөөр жигүүрлэж явсан жаргалтай үе байсаан.
Усанд хаясан чулуу, салхинд хийссэн үнс шиг , сураг тасарсан хүүг нь амьд мэнд эрүүл саруул явна гэсэн сайн зүгийн хэл сонссон Жаргал авгай, жилээс жилд гундаж, үгээ залгин дуугай дүнсийх өвгөнөө аргадан
-За яахав өвгөн минь холын сурагтай байхад болно доо.
Үрийн заяа ивээсэн ч өсгөхийн заяа дутсан үед үрийн минь оронд...