Хэзээ ч онгойдоггүй хаалга
Оюутан зарлал уншина. Дийлэнх нь ижил утгатай зарлалууд…
“Ганц бие хүнд өрөө хөлслүүлнэ.”
Төвөгтэй зүйл байсангүй. Оюутан гудамжны утаснаас хэдэн дугаар руу залгав. Зарим нь удтал дуудна. Заримд нь эзэн олдсон гэнэ. Хамгийн сүүлчийн найдвар нь ашгүй утсаа авлаа. Харилцуурын цаана хэн нэг нь хүндээр амьсгаадах сонсогдоно. Тэр ямар хүйсийн хүн болохыг дуу хоолойгоор нь тодорхойлох аргагүй. Юутай ч тэд товчхон ярилцаад яриа тохиров.
“…р хорооллын …р тоот”.
Маргааш нь хичээлийнхээ дараа оюутан хаягийн дагуу явж очлоо. Хөх өнгөтэй хуучны модон хаалга. Хонхгүй. Тогшиход хаалга чимээгүйхэн онгойв. Ядахад нугас нь ч чихарсангүй.
Мөс шиг харцтай бяцхан охин шагайгаад цааш эргэв.
“Ийм жаахан байж яаж ингэж хардаг байна аа?”
Охины амнаас өөрт нь хандсан ямар нэг авиа гараагүй тул оюутан босго даван орлоо. Гэрт хэн ч байхгүй мэт нам гүм. “Хэвтрийн хөгшин л байгаа байх” гэж бодов. Энэ бодол үнэн бололтой. Гэрээс тийм гэхийн тэмдэггүй эвгүй, эхүүн үнэр ханхална.
Тэрээр охины явж орсон өрөө рүү шагайхдаа давхийн цочив. Тэр өрөөнд дүүрэн хүн байлаа. Дунд насны эр, эм хоёр. Нэг өвгөн. Бас хоорондоо тун адилхан царайтай, ойролцоо насны хоёр залуу. Тэгээд нөгөө охин. Бүгд яг адилхан харцаар оюутныг харна. Тэдний харц яг охиных шиг ажээ.
Ямар нэгэн зүйл эхэлж хэлэх нь оюутны үүрэг байсан тул зарын дагуу явж байгаагаа даруухан тайлбарлав. Эзэгтэй нь олон таван үггүй суудал дээрээсээ босч, түүнд орох өрөөг нь үзүүлэв. Гурван өрөө байрны хамгийн хойт талынх нь оюутанд оногджээ. Орж гарах бүртээ бүгдийг нь ажиглах боломжтой ч өөдөөс нь харсан нэг л өрөөний хаалга хаалттай байлаа.