Жин үдийн нар зулай төөнөсөн зуны эхэн сарын өдөр, хоёр голын дундах дэлгэр сайхан хөндийд хот айлын гадаа танан цагаан эсгий дэвсэн суусан авгай хүүхнүүд хорвоогийн аар саарыг ам уралдуулан хөөрөлдөнө. Тэдний дэргэдүүр домботой цай, тавагтай идээ барьсан хорин гурваас хэтрээгүй залуухан бүсгүй өнгөрөхөд зарим нь:
- Ишшш хөөрхий хар нялхаараа амьтан хөгшин ноёны хатан болж, өтөл залгасан их хатанд нь хялалзуулах ч гэж дээ хэмээн халаглахад зарим нь
- Магнай зааны бага хүүтэй сэтгэлийн холбоотой юм гэх чинь билээ хөгшнийх нь хөрөнгөнд туйлж залуугийнх нь хөнжилд хөлбөрсөн айхавтар амьтан хэмээн муучлах сонсогдоно.
Арай залуухан зарим нь :
- Хайран сайхан залуу ноёны хүүхний хормойтой орооцолдрж байж ялд унахвийдээ хэмээн халаглана.
Ямартаа ч ноён оч цацарсан сэргэлэн харцтай, хараацайн жигүүр шиг хөмсөгтэй инээх бүрийд нь хоёр хацар дээрээ зүүгээр шившсэн аятай хонхойдог гил хар гэзэгтэй Ойгон нуураар нутагтай залуухан охиныг хатан буулган авчирч. Цагаан эсгийгээр өвч бүрэн хойд зүгийн содон эдлэлээр тохинуулж, ховор ангийн арьсаар чимсэн өргөөнд суулган үнэтэй цэнэтэй гэснээр гоёулан эрхлүүлдэг болжээ.
Нутгийнхан их ахайтнаас төрсөн хоёр сайхан хүү нэг охинтой хөгшин ноёныг яагаад залуу хатан буулгасныг үл ухан зүсний сайханд хөл алдсандаа хатан нэр зүүлгэн хажуудаа авсан хэмээн шивэр авир хийлцэнэ.
Ноёны бага хатан гэгдэх магнайд нь сар наадаж Яруугийн голын ус дагаж урсмаар энэ сайхан бүсгүйг Наранзул гэх бөгөөд хөгшин ноёны бага хатан болон ирж төрсөн нутаг ижий ааваасаа холдон хар залуугаараа сэтгэлийн дөнгөтэй яваа ч уруу дорой царайлж уйлж унжиж байсангүй үл мэдэг инээмсэглэл тодруулан харц дээгүүр гунхалзана. Гэвч хичнээн шөнийг гойр хулжаасан гуниг дунд нулимс дүүрэн үдсэнийг хэн ч үл мэднэ.
Нутгийн хүүхнүүдийн Магнай зааны бага хүүтэй сэтгэлийн холбоотой хэмээн хүүрнэдэг нь ч үнэний ортой. Жил гарангийн өмнө Магнай зааны бага хүү Эрболд хэмээх ёстой л өв тэгш төрж дээ гэхээр сайхан залуутай хошуу даншиг дээр таарснаас хойш Чигэстэйн голын шугуйд сэмхэн уулзаж ноёны агтчин Эрболдын багын анд Зоригтоор бие биедээ үг дайдаг болсон билээ.
Ноёны бага хүү эхнэр авахад насанд хүрч ноёнтон хэдий ургийн талынхаас хэргэм зэрэг эрх ямба өндөр ч ёс ёмбогор төр төмбөгөр нэгэнт улаан залаат Монголын удам дамжигдсан ёс учраас бэр гуйх найрын өдрийг товдохоор басхүү замдаа Яруугийн дацан орж мөргөхөөр өглөө эртлэн мордсон бөгөөд ноёны ахайтан Чимэдд удахгүй болох найранд бэлдэх хүүгийн гэрийг зэхэх ажил оногдон үлдсэн билээ.
Наранзул хатан хэмээн ямбалж суулгүй чадал хүрэх хэргэмдээ тохирох аливаад оролцож их ахайтанд дэм болох мөн хүмүүсийн байр байдлыг ажин сэтгэлт хархүүтэйгээ уулзах завсар зай харан үйл мэтэж буй эмэгтэйчүүдэд идээ цай барин ойр зуурыг амжуулан явлаа.
Хэдийгээр нэг эрийн хоёр эхнэр бололцсон боловч эх охин хоёр шиг нас сүүдрийн зөрүүтэй хоёр ахайтан бие биедээ тийм ч муугүй бас тэгтлээ сүжрэлгүй хандана. Чимэд ахайтан өөрөө охин үртэ өр нимгэн бүсгүй тул Наранзулыг битүүхэн өрөвдөнө.
Наранзул гэрийн сүүдэрт утас ээрч буй 2 хөгшинд цай хийж өгөх зуураа уяан дээр ноёнтын адууны сор болсон сайхан халиун морины дэлийг сумлан засаж буй Зоригтыг цай уу хэмээн дуудаж басхүү харцаараа ойлголцон дохилцож амжлаа.
Огторгуйд сар мэлтйитэл мандсан намуухан сайхан үдэш ажээ. Наранзулын хэлсний дагуу тулганы баруун захад үдэш болохыг хүлээн тэсэлгүй үүрэглэн суусан төрхмөөс нь дагаж ирсэн итгэлт хүн нь болох үе мэргийн залуу бүсгүйг дугтарч сэрээгээд за алив шалавлаж үз хэмээхэд бүсгүй сандчин ногоон даавуу дээл хийц чимэг барагтай шанх тоорцогоо тайлан ахайтандаа өгөнгөө,
- Олон хавар нэгэндээ болох вий дээ айх л юм байна шүү хэмээн үглэнэ. Наранзул хувцсыг авч өмсөнгүүтэй торгон хөнжил шашир хоргой дэртэй зүмбэр хээтэй модон ор луу хөөрхий бүсгүйг түлхэх шахам хэвтүүлээд гарч одлоо. Сарнб саруултайд харц барлагын хувцас улам ч сайхан харагдуулах мэт зохисон залуу ахайтан гүйх шахам түргэн түргэн алхсаар өргөөнөөс холдлоо. Үнсний хонхорын цаахнатай Зоригт дадсан зангаараа хөтөлгөө морьтой хүлээх аж.
Сар наадсан Чигэстэйн голын уужим тохойд дүрээ тольдох мэт тонгойсон хадан цохионы доорхи бургасны захад ирээд Зоригт тэндээ үлдэж бүсгүй цааш явсаар бургасан дунд далд оров.
Шигүү бургасны гүн дэр тохомын чинээ хэсэг цоорхойд жижиг түүдэг асаан цай буцалгангаа чимээ анирлан суусан Эрболд хөнгөн алхаатай хөлийн чимээ ойртохыг сонсоод өхөөрдөн инээвхийллээ.
Эрболд энэ жил хорин таван нас хүрсэн бөгөөд хүдэр чийрэг бие бас эхээсээ өвлөсөн бүсгүй хүнд байхаар нүд хөмсөг, тэгш сайхан хамар, шударга зоримог зан гээд эр хүнд байх ёстой сайхан бүхэн цогцолсон үйлийн үргүй сайхан эр билээ.
- Чи минь сайн сууж байв уу ноёныхоо ойрд хөл ихтэй дуулдана. Их ахайтан зан сайтай байна уу хэмээн ярилцаж. Гурван чулуу тулсан аяны тогоонд ларгилах цайнаас аягалан бүсгүйд өгөнгөө ганзаганд ирсэн дээлээ нөмөргөн чийг нь унах нь жиндэх вий хэмээн халамжилна.
Хөндлөнгийн хүн харвад хөөрхийдөө хээрээр гэр хийж шөнийн хар чийгэнд ингэж суух мөн жаргал нь халуудсан хүнээ гэхээр боловч хүний орчлонгийн жаргал басхүү амьдралын амт ганц элбэг хангалуун эдлэл, амт төгс идээ ундаанд бус сэтгэл бүтэн байхад л оршдог аж.
Залуу энгэрийг нь түшин суусан сэтгэлт бүсгүйнхээ хэвлийг дээлийнх нь гаднаас энхрийлэн илбээд :
- Сайн эр төрнөдөө ээжийгээ зовоогоогүй биз хэмээн инээмсэглэлээ.
- Үгүй ээ ойрл харин исгэлэн юм идмээр санагдаад баруун хайрханаар тошлой хайсан ургаагүй байна лээ.
- Их ахайтан хар аваагүй байгаа хэмээн залууг сэтгэл зовнисон байртай санаа алдахад Наранзул гагцхүү бүсгүй хүнд л заяадаг савхан цагаан хуруутай жижигхэн дулаан гараа хэвлий дээрээ байгаа залуугийн гар дээр тавиад үгүй байхаа ажиг сэжиг авахаар юм болоогүй хэмээн хэллээ.
Гэвч бүсгүйн горьдлого худлаа ажээ. Гурван хүүхэд төрүүлж өсгөн ач зээгээ үзсэн өтөл ахайтан аль хэдийн анзаарснаар барахгүй түүний чихэнд Эрболд Наранзул хоёрын явдал ч цухас хүрээд авсан ч энэ талаар ноёнтонд юу ч хэлээгүй бөгөөд хов зөөж ирсэн аягач хүүхний улаан нүүрэн дундуур нь тас алгадаж дахиад ингэж зэс хошуулаад үзээрэй хэмээн зандарсан билээ.
Гүн хөх огторгуйд одод анивчин хөрстийн бүхний гэрч болон зорчсон саран авхай залуу хосыг аргадах мэт мэлтийнэ.
Эрболд хүндээр санаа алдсанаа :
- Би амьд яваа цагтаа мах цусныхаа тасархайг ноёны дэргэд өсөхийг харж чадахгүй чамайг санасаар бэтгэрч гүйцэх нь. Амаржих тань арай болоогүй тул оргоё гэж шийдээд байгаа урин цаг ч дөнгөж эхэлж байна гэлээ.
Наранзул залуугийн ярианаас цочих мэт болон өндийн суугаад насан өндөр ижий аав тань яах билээ хэмээхэд ноёнтон аавд минь амиараа өртэй хэмээн их л хүндэтгэлтэй ханддаг нарийн учрыг нь мэдэхгүй ч юу юугүй муу юм хийхгүй биз. Тэгээд ч хааны алба халаатай эзний алба ээлжтэй хэдэн жилийн дараа эргээд ирэхэд болох биз хэмээлээ.
Түүдгийн гэрэлд Наранзулын сэргэлэн харцанд горьдлого итгэлийн гэрэл гялсхийн
- Хэзээ явна гэж гэхэд дөрөв хоногийн дараа хөдөлнөө юмаа базаагаад Зоригтоор хэл өгүүлэхийг хүлээж суугаарай гэлээ.
Тэр өдрөөс хойш Наранзул ойр зуурын юмаа базаан богц зэхсээр болзсон хугацаа болоход ноёнтны адууны сор болсон чоно гүйцдэг шандаст хос халиун морийг унан сэтгэлт хархүүгийн хамт оргож олсон байлаа.
Хос хоёр явсаар залгаа хошууны хилийн дээс дөнгөж алхан сэтгэл нь амарцгааж тармаг мольой хамар ороовуу үгүй юу оргож босон зугтсан хүнийхээ хөсгөн дээр өөрсдөө буучихна тэр...