…Шөнө болжээ. Гадаа гудамжны ганц нэгхэн гэрэл ёлтойж орон сууцны айлуудын гэрлүүд цөм унтраалттай харагдана. Энэ үед Халиуны нойр хулжжээ. Тэрээр энэ жил 25 нас хүрсэн, Анагаах Ухааны Их сургуулийн төгсөх ангийн оюутан.
Халиун хоёр өрөө байрандаа ганцаараа амьдардаг. Нөхөр нь хоёр жилийн өмнө түүнийг үлдээгээд гадаад руу ажиллахаар явсан. Тэгээд харамсалтай нь ирээгүй. Чухамдаа бол ажиллаж байсан газарт нь үйлдвэрийн осол гарч нөхөр нь нас барсан бөгөөд тухайн үйлдвэрээс нь Халиунд нөхөн олговор маягийн хэдэн төгрөг ирсэн. Тэр мөнгө нь хэдий их байсан ч түүнийг хэрэглэх нь хайртай хүнийхээ амьдралыг мөнгөөр сольсонтой ялгаагүй юм шиг түүнд санагдаж тэр мөнгөнд нь гар хүрэх нь битгий хэл барааг нь ч хараагүй билээ.
Халиун нөхрөө гадаад руу явж их мөнгөтэй болоод ир гэж ятгасаар явуулсанаа орой болгон бодож өөрийгөө зүхдэг байсан цаг саяхан. Хоёр жил гэдэг бас ч үгүй урт хугацаа болохоор түүний сэтгэлийн шарх бага багаар нимгэрч тэрээр амьдралыг урьдынхаасаа арай өөдрөг байдлаар харах болов. Тэгээд өөрийнх нь нэр дээр ирсэн өнөөх мөнгөндөө хэдхэн хоногийн өмнө анх удаа гар хүрч юуны өмнө өөртөө байр худалдаж авчээ. Оюутны байранд амьдарсаар залхсан түүнд өөрийн гэсэн хоёр өрөө байртай болсон нь итгэмээргүй санагдаж байлаа. Боломжийн хямдавтар үнэтэй авч чадсан энэ байрандаа тэрээр эхний хэд хоногтоо засвар энэ тэр хийгээд ямар ч завгүй байсаар дөнгөж өнөөдөр л бүх юм нь жигдэрч байгаа билээ. Тэгээд нам тайван унтъя гэтэл нойр нь хүрсэнгүй. Кабелийн сувгуудыг хэд дахин эргүүлсэн авч түүний сонирхлыг татчих зүйл таарсангүй. Тэрээр зурагтаа унтраагаад гэрлээ ч бас унтраачихлаа. Цонхоор сарны сүүмгэр гэрэл тусч өрөөний энд тэндхийг бүдэг бадаг гэрэлтүүлнэ.
Халиун хөнжлөө нөмөрч хэвтсээр залхсан бололтой өндийж гэрийнхээ халаадыг нөмрөн цонхоор гадагшаа харлаа. Хэн ч алга. Хааяа нэг хуйсагнуур салхи дэгдэж модноос унасан хатсан навчсыг ийш тийш нь тууна. Гадаа бүр чимээ ч алга. Уг нь оюутны байранд байхад шөнийн турш байрны өмнөх талбай дээгүүр хүмүүс эргэлдэж ямар нэгэн зүйлийн чимээ сонсогдож байдагсан. Харин энд бол өөр юмаа. Ямар ч амьгүй мэт. Хүйтэн цэвдэг тийм орчин юм. Магадгүй оршуулгын газар л ийм байдаг болов уу гэмээр.
Ийнхүү Халиун цонхоороо гадагшаа харснаас болоод нойр нь бүр ч сэргэж жаахан жихүүцээд авав. Халиун гэрийн шаахайгаа хөлдөө чирэн угаалгын өрөө рүүгээ алхлаа. Өөрөөс нь өөр хэн ч байхгүй хоёр өрөө байр нь ханхайгаад нэг л эвгүй. Гэвч тэрээр аль болох өөрийгөө өөдрөг байлгах гэж эрмэлзэж байсан бөгөөд бүлээн усаар нүүрээ удтал шавшлаа. Угаалтуурнаас ус гоожих чимээ… тэгээд л болоо. Өөр ямар ч чимээ түүний эргэн тойронд алга. “Чив чимээгүй орчинд нэг амрах юмсан” гэж боддог байсан. Гэтэл бас яг үнэн хэрэг дээрээ энэ нь тийм ч хүсээд байхаар эд биш ажээ. Халиун усаа хаалаа, дахиад л чив чимээгүй. Халиун ямар нэгэн зүйлийг сонсохыг хүссэндээ өөртэйгөө ярьж үзэв. Өөрийнхөө дууг сонсоод тайвшрах биш харин ч бүр илүү эвгүйцээд ирлээ. Миний дуу хоолой ийм өнгөтэй билүү гэсэн гайхсан бодол Халиуны толгойд төрөх нь тэр. Ер нь л бодоод байх нь ээ урьд өмнө Халиун ийм чив чимээгүй орчинд өөрийнхөө хоолойг сонсч байгаагүй ажээ. Аймаар ч юм шиг… Түүний дуу хоолой өөрт нь огт танихгүй хүнийх шиг санагджээ. Тэрээр айж балмагдахдаа өөрийн мэдэлгүй хоёр гарынхаа алгаар амаа таглачихсан байх нь тэр.
…Хэсэг хугацаа өнгөрлөө. Халиун өөрийгөө хүчлэн байж тайвшруулсан болоод хэдэн өрөөгөө дамжин сэлгүүцэв. Тэгээд ганцаардлын цэв хүйтэн мэдрэмж өөрийнх нь эргэн тойронд хүчээ аван өсч үржихийг мэдэрлээ. Өрөөний булан тохой бүрт хэн нэгэн үгүйлэгдэх шиг, бүр ширээний хажууд тавьсан өнчин ганц сандал хүртэл дээр нь хүн суулгүй өчнөөн олон жилийг элээчихсэн юм шиг…