Өгүүллэг 2026.04.11

Би тэр залуугийн оронд өөрийгөө байгаасай гэж хэчнээн их хүсдэг гээч...

negdeh

negdeh

Зохиогч

5 мин
 Би тэр залуугийн оронд өөрийгөө байгаасай гэж хэчнээн их хүсдэг гээч...

Зөөлөн шивэрч байсан бороо гэнэт хувингаар цутгах мэт орж эхлэв. Хүмүүс бороо намдахыг хүлээн дэлгүүрээс гарч чадахгүй үүдэнд нь бөөгнөрөн зогсоно. Тэнгис хэдий яаруу ажилтай байсан авч бас л тэдний нэгэн адил гудамж ширтэн хүлээн зогслоо. Борооны ус зам дагуу нэлийн урсах ажээ. Намдах шинж алга. Тэнгис шүхрээ дэлгээд гарахаар завдтал “...Уучлаарай, та гарах гэж байна уу? Таны шүхэр доор хамт гараад таксинд суучихаж болох уу? Би гараад такси барих гэсэн чинь бороо хүчтэй ороод, гэтэл гэрээсээ юу ч үгүй гараад ирчихэж...” гэх эмэгтэй хүний дуу сонсогдлоо. Тэнгис түүнийг ажиглан харвал 23-24 орчим насны хөөрхөн бүсгүй жаахан сандарсан байдалтай зогсож байгаа харагдав. Тэнгис ч дуугүй л толгой дохиод гадагш гарлаа. Тэр бүсгүй богино юбка, сандаал өмссөн байх ажээ. Хүчтэй бороо шавхай үсчүүлэн газарт буухад түүний хөл, шилбэ нь халтартан тэр гэхийн тамтаггүй болов. Такси ч олдох янзгүй. Тэнгис өөрөө ч их яарч байсан хэдий ч хажуудаа байх сайхан бүсгүйтэй хэсэг зуур ч болов хамт зогсмоор санагдана. Хоёул хэсэг чимээгүй зогслоо. Нөгөө бүсгүй ийнхүү чимээгүй байгаад санаа нь зовсон бололтой, гадаа бороо орж байхад гар хоосон гарсан тухайгаа байн байн ярих аж. Тэгэж тэгэж нэг юм такси зогсов. Үнэхээр машин олдохгүй байсан тул арга буюу тэр таксинд хамтдаа суужээ.
- Машин олдохгүй бололтой, чиний наадахаар чинь л цаашаагаа явахаас...
- Тэр нь дээр биз дээ, Чи хаашаа явах юм? гэж нөгөө бүсгүй инээмсэглэв.
- 1 дүгээр хороолол. Харин чи ?
- 13 дугаар хороолол... Шал эсрэг зүг рүү явах юм байна даа.
- За, гэхдээ чамайг эхнээс нь хүргээд өгье дөө.
Машин хөдөллөө. Дахиад л юу ч ярихгүй нам гүм болцгоов. Машин явсаар...
- Аймар бороо орж байна шүү. Хагас сайнд орсон бороо бүтэн 7 хонодог гэдэг бил үү? гэж удтал дуугүй байсны эцэст Тэнгисийг ам нээхэд:
- Тэгэх нь ч тэгдэг шүү гэж жолооч дуугарав.
Тэнгисийн урам хугарах шиг болжээ. Түрүүн гадаа зогсож байхдаа л зогсоо зайгүй яриад байсан, гэтэл одоо ядаж хариу ч хэлдэггүй байна шүү гэж гоморхон бодлоо. Түүнээс хойш дахиж юу ч ярьсангүй, байн байн тэр бүсгүйг хяламхийн харсаар явлаа. Үнэхээр хөөрхөн аж. Урт сормуус, хөөрхөн алаг нүд, цэвэрхэн арьс, шулуун хамар, урт хүзүү, томбогор хөх... энэ бүгдийг нь ажиглаад байвал өөлөх юм ер нь алга аа. Гэнэт нам гүмийн эвдэн нөгөө бүсгүй жолоочид гэр лүүгээ орох замыг зааж эхлэв. “Нээрээ хүнд яахаараа бүх зүйл ингэж төгс заяадаг байна аа. Хоолой нь хүртэл ийм ялдам байх гэж” хэмээн Тэнгис бодсоор суув. Машин баруун, зүүн тийш мушгиралдан явсаар түүний гэрийн гадаа ирлээ. Нөгөө бүсгүй ч Тэнгист талархалаа илэрхийлээд, өөрийн явсан унааны хөлсийг жолоочид төлөөд машинаас буув. Гэтэл Тэнгис гэнэт санасан юм шиг “Хүүе, түр хүлээгээрэй” гэж хэлээд түрийвчээ уудлан нэрийн хуудсаа гарган: “Май, энэ миний нэрийн хуудас. Сайхан танилцлаа. Завтай болохоороо залгана биз” гэж хэлэхэд цаадах нь гайхан харснаа инээмсэглэн авлаа. Тэнгис машины хаалгаа хаагаад хөдөлсний хойно “Түй, тэнэг золиг. Сайхан танилцлаа гэж хэлээд байхдаа яахав дээ. Нэр усаа ч мэдэлцээгүй байж” гэж боджээ.
Гэртээ ирсэн хойноо Тэнгис тогтон сууж чадсангүй. Яагаад ч юм тэр бүсгүй юу юугүй л өөр лүү залгах юм шиг санагдаад болдоггүй. Тэгээд залгахаар нь юуны тухай ярихаа хүртэл төсөөлөн бодно. “Байна уу, Тэнгистэй ярья гэхээр нь Байна аа, би байна. Өөрөө хэн бэ гэж хэлнэ. Тэгээд л их ширүүн бороо ороод, такси олдохгүй сандарсан тухайгаа хэлээд түүний хаана ажилладаг /эсвэл сурдаг/ талаар нь асуугаад, тэгээд л...” гээд мөрөөдөж эхлэв. Харамсалтай нь тэр өдөржингөө Тэнгисийг догдлуулсан атлаа нөгөө бүсгүй хүний урманд залгасангүй. “Хммм, бороо орж байхад шүхэр доороо зогсоогоод, тэгээд таксинд суулгаж гэрт нь хүргэж өгч байхад ядаж баярласанаа илэрхийлээд утасдчихдаггүй онцгүй л охин байна даа” гэж гоморхон боджээ.

Даваа гараг болж ажлын шинэ 7 хоног эхлэв. Тэнгистэй борооноор таарсан тэр бүсгүй амралтын 2 өдрийн турш огт утасдсангүй. Тэнгис уг нь нөгөө бүсгүйг залгана гэдэгт бараг 100 хувь итгэлтэй байсан сан. “Уг нь эмэгтэйчүүд их сониуч хүмүүс, тэгэхээр сонирхоод залгах л ёстой /Тэнгис эмэгтэй хүмүүсийн талаар ийм бодолтой байдаг байв/, тэгээд ч программист гэдэг чинь хэрэгтэй мэргэжил. Миний юу хийдгийг нэрийн хуудаснаас харчихаад хэрэг болоод утасдаж л таарна /бас л тэр ингэж боддог/, ер нь ч тэгээд эмгэтэйчүүд чинь компьютерт муу хүмүүс шүү дээ /бас л түүний нэг ойлголт/ тэгэхээр тусламж авах гээд утасдаж л таараа”. Энэ бодолдоо өөрөө итгээд сэтгэл нь тайвшран, түүнийг хэзээ нэгэн цагт утасдана гэж бодсоор ажилдаа иржээ.
Өдөржингөө толгой өндийх завгүй ажиллав. Орой болж ажил тарах үед түүний ажлынх нь утас дуугарлаа.
- Байна уу?
- Тэнгистэй ярья
- Би байна аа
- Өө, сайн байна уу, би нөгөө хагас сайн өдөр чамтай дэлгүүрт таараад, тэгээд борооноор...
- Аан, тийм. Саналаа, саналаа. Тэнгис хязгааргүй баярлав. Тээр, утасдана гэж хэлээгүй юу. Түүний онол батлагдах нь энэ. Инээд нь хүрээд болдоггүй.
- Чи тэгээд гэр лүүгээ яваад өгсөн үү? Чамд их баярласан шүү гэж хэлээд хүүхэд шиг өхөөрдмөөр инээх нь сонсогдов.
Яг энэ үед “Цэлмэгээ, алив гаръя аа” гэж утасны цаанаас дуудах нь сонсогдлоо.
- За, за баяртай. Би гарлаа.
- Хүүе, хүүе... Чи тэгээд...
Тэр бүсгүй утсаа тавьчих нь тэр. Юутай ч нэрийг нь Цэлмэг гэдэг бололтой. Тэнгис яаран утасныхаа дугаар илрүүлэгчийг шалгаад хаанаас ярьсныг мэдэж аваад дугаарыг нь утсандаа сэтгэл хангалуунаар тэмдэглэн авчээ.
Түүнээс хойш дахиад 2, 3 хоног өнгөрсөн авч Цэлмэг дахин утасдсангүй. Түүнд зүгээр л талархалаа илэрхийлэх гэж утасдсан ажээ. Тэнгис ингээд л зүгээр салмааргүй санагдана. Танилцах, тэр байтугай бүүр дотносохыг үнэхээр их хүсч байлаа. Тэгээд өөрөө утасдахаар ажил руу нь /бодвол ажлынх нь утас байсан байлгүй/ залгахаар харилцуураа авсан боловч нэг л зүрхшээгээд дугаар луу нь залгаж чадсангүй. “За, за болье. Ерөөсөө л орой ярья. Одоо тэгээд ч ажил их байна” гэж бодон өөрийгөө хуурч утсаа тавилаа. Гэвч ажлаа хийж чадсан ч юм байхгүй сэтгэл нь гэгэлзээд тогтож сууж чадсангүй дахиад л харилцуураа шүүрч авав. Эхний 2 дугаарыг залгасан авч бас л эргэлзээд утсаа тавьчихлаа. Тэгээд юу гэж ярихаа төлөвлөн дотроо хэд хэдэн удаа давтаж үзэв. Яг л олны өмнө анх удаагаа гарч үг хэлэх гэж байгаа мэт сэтгэгдэл төрнө. Тэгэж тэгэж нэг юм залгалаа. Утасны харилцуур цаанаас нь авч “Глобал компани сонсож байна?” гэх нь сонсогдов. Тэнгис шүлсээ гүд хийтэл залгиад:
- Сайн байна уу, Цэлмэгтэй ярья.
- Гадуур ажилтай явж байгаа.
Тэнгис тэнэг юм шиг алмайрч байх хооронд цаадах нь утсаа тавьчихжээ. “За ямар ч байсан “Глобал” компанид ажилладаг юм байна. Гар утсыг нь асуугаад авчихгүй тэнэг юм боллоо” хэмээн өөрийгөө зүхэн бодлоо. Тэгээд нилээд удсаны эцэст дахиад залгав.
- Цэлмэгтэй ярья
- Гадуур ажилтай явж байгаа, ирээгүй байна.
- Гар утсыг нь хэлээд өгөхгүй юу?
- Та өөрөө хаанаас ярьж байна. Тэнгис түргэн сэтгэх хэрэгтэй боллоо. Мэдээж юу гэж гадны хүнд утсыг нь өгөх вэ дээ.
- Өө, би ангийнх нь хүүхэд байгаа юм аа. Надад байсан гар утас нь солигдсон байна. Тэгээд ажил руу нь ярьсан чинь байдаггүй... Хэсэг чимээгүй болов. Цаадах нь утасных нь дугаарыг өгөх эсэхээ мэдэхгүй эргэлзэж байгаа бололтой.
Тэнгис ч улам үнэмшилтэй болгох гэж:
- Бас түүнээс ангийнхаа бусад хүүхдүүдийн утсыг ч гэсэн асуумаар байдаг. Би хөдөө ажиллаж байгаад сая амралтаараа ирлээ л дээ гээд хэлчихэв.
- 99....
- Баярлалаа.
Ингээд л болчихлоо. За тэгээд түүний нэр, ажил, ажлын болоод гар утсыг нь мэдчихдэг байна шүү. Одоо бусад нь бол ч...

Цэлмэгийн тухай бодол тээсээр гэртээ харив. Түүн рүү яримаар санагдсан боловч нэгдүгээрт зүрхшээгээд, хоёрдугаарт одоо залгавал магадгүй хоолоо хийгээд завгүй байгаа биз, иймээс ярих хамгийн тохиромжтой цагийг хүлээе гэж шийджээ. Гэхдээ үнэндээ 2 дахь шалтгаан нь нэгдэхээсээ урган гарчээ.
Орой 10 цаг болоход мань хүн Цэлмэг рүү залгав.
- Сайн байна уу, Цэлмэг үү?
- Тийм байна. Өөрөө хэн бэ?
- Аан, нөгөө бороо... гэж хэлчихээд гэнэт дуугүй болчихов
- Өө, хэ хэ хэ... Чамайг чинь Тэнгис гэдэггүй, Бороо гэдэг байсан юм уу?
- Яасан их хүнийг шоолдог бүсгүй вэ? За тэгээд чи надаас утсыг чинь яаж олсон бэ гэж гайхаж асуугаач.
- Яаж олсон гэж?
- Олно гэсэн зүйлээ олж чаддаг л хүн дээ би.
- Өө, тийм үү, Ямар мундаг залуу вэ? гэж нилээд ёжлонгүй өнгөөр дуугарав.
- За, за тэр ч яахав. Чи тэгээд машинаас буугаад л гэр лүүгээ орсон уу? /Шал тэнэг юм асуучихлаа/
- Аан тийм, би өөр хаачих вэ дээ.
- Хэ, хэ, хэ нээрээ ч тийм дээ. Шал дэмий юм асуучихаж...
- За, за. Уучлаарай, би жаахан завгүй байна. Баяртай.
“Энэ ямар их зантай охин бэ? Ёстой харин дургүй хүргэчихлээ байна” гэж Тэнгис хорсон...

Үргэлжлэлийг унших

Энэхүү нийтлэл нь төлбөртэй контент юм. Та 2,500₮ төлснөөр бүрэн эхээр нь унших боломжтой.

Хуваалцах
Бүх мэдээ