Altanzul 2026.02.03

Хөргөгч

altanzul

altanzul

Зохиогч

5 мин
Хөргөгч

Хөргөгч

Хөргөгчний моторын хүнгэнэсэн чимээ яагаад ч юм Бурмаагийн нойрыг бүр хулжааж орхижээ. Уг нь зүгээр л нэг хөргөгчний дуу шүү дээ. Энэ шөнө Бурмаагийн дүү түүнтэй хань болж хонож байгаа бөгөөд хааяа хааяахан зөөлхөн хурхирах чимээ гарах нь Бурмаагийн жихүүцсэн сэтгэлийг тайтгаруулах мэт. Хэрвээ үе үе дуулдах дүүгийнх нь амьсгал, хурхирах чимээ гарахгүй байсан бол Бурмаа гэрээсээ гараад гүйхэд бэлэн байсан биз.

Өөрийгөө чухам яагаад айгаад байгаагаа сайн ойлгохгүй байгаа ч сүүлийн үед жихүүцсэн сэтгэлээ тайтгаруулж чадахаа больжээ. Нөхөр нь нас бараад зургаахан сар болж байгаа ч хаа очиж ганцаардаж, нөхрөө үгүйлээд байхаа хэдийн больсон. Харин ч нөхрөө ослоор өөд болоход нь тэгтлээ их харамсаагүйгээ бодоход Бурмаа өөрийгөө хааяа гайхаж бардаггүй аж.

“Би нөхрөө өөд болоосой гэж хүссэн хэрэг үү? Үгүй дээ, яалаа гэж. Би түүндээ хайртай л байсан. Хорвоо биднийг салгасан учраас үхсэнийх нь хойноос гуниглахгүй байгаа нь харин сайн хэрэг. Хувь заяатайгаа эвлэрээд, ингээд л амьдрах хэрэгтэй.”

Ийн бодсоор хэвтэж байлаа. Гэр хороололд тохилог хашаатай, хоёр давхар байшинд амьдардаг түүний хувьд энэ шөнө ямар нэгэн зүйл болох гэж байгаа мэт зөн совин татна.

…Үгүй бас гайхалтай юм аа. Энэ хөргөгч ингэж чанга дуугардаг билүү? Уг нь шинэхэн хөргөгч. Шөнө дунд болохоор л ингэж трактор шиг дуугараад байдаг нь ойлгомжгүй.

Бурмаа босч шалгах санаатай тээнэгэлзэн хэсэг суув. Ядаж тог тасарсан, сарны гэрэл ч тусахгүй энэ шөнө байшин тэр чигтээ харанхуй. Зөвхөн ор хөнжлийн цагаан хэрэглэл л бүдэгхэн ялгарна.

Өчигдөр шөнийн зүүд нь бодогдоход Бурмаа бүр хөшиж орхив. Ёстой муу ёрын зүүд байсан. Тэр зүүдэндээ тачигнаж дуугарсан хөргөгчөө шалгахаар доош буугаад гал тогооны гэрлийг асаахад хөргөгчний дотор ямар нэг зүйл пижигнэтэл буцалж, хаалгыг нь даван улаан цус урсаж байв. Дотор нь юу байгааг харахаар ойртож яваад цочин сэрсэн юм.

Үргэлжлэлийг унших

Энэхүү нийтлэл нь төлбөртэй контент юм. Та 2,500₮ төлснөөр бүрэн эхээр нь унших боломжтой.

Хуваалцах
Бүх мэдээ