Өгүүллэг 2026.03.28

Залуу хүн байж өөрөөсөө эгч, хүүхэд гаргадаггүй хүүхэнтэй сууна гэдэг...

negdeh

negdeh

Зохиогч

5 мин
Залуу хүн байж өөрөөсөө эгч, хүүхэд гаргадаггүй хүүхэнтэй сууна гэдэг...

Цэрэндулам эмгэн намрын өглөө нар битүүд босоод үнээгээ сааж суухдаа тэнхээ жигтэйхэн алдарсныг мэдлээ. Бороо орох янзтай бүрхэг сэрүүн болоод ч тэр үү үнээнээс сүү гарч өгсөнгүй. Гэтэл өвсний сөл сая тасарч байхад сүүгээ ингэж татмааргүй. Хар тарлангийн угсааны уг нь сүүтэй үнээ нь хүйтэн бороо зөгнөсөн бололтой хавьчиж тэлчлээд ивэлгэж уясан тугалаа хүртэл муухай хялалзана. Хотын хог дээрээс түүж авчирсан талхны булангуудыг дорхноо хивж орхиод түмпэнгээ харжигнуулан долоов. Талх тавьж өгөхгүй бол саалгадаггүй амьтан. Гурван жилийн өмнө том хүү нь сангийн аж ахуйгаас гунжин үнээ авч өгсөн юм. Сангийн аж ахуйд талх тариа идээд сурчихсан бололтой. Одоогийн үнээ л талх иддэг болж. Хөдөө газар үнээ байтутай өөрсдөө ч талх гэгчийг мэдэхгүй явсан цаг саяхан сан. Ингэхээр хотын хог дээрээс талх түүх хэрэг гарна. Хориод жилийн өмнө аргал түүж явсантайгаа адил одоо шуудай үүрээд хог дээрээс талхны өөдөс түүж явахдаа «Би чинь юуны төлөө ингэж явна даа» гэж хааяахан бодогдоно. «Хүүхдүүдээ хараад суухгүй яасан шунаг хөгшин бэ» гэж хүмүүс ад үзэх болов уу гэж ч бас бодно. Гэтэл өөрийгөө болоод хүүхдүүдээ сүүтэй ундтай байлгах, хүүхдүүддээ тээр болохгүй тэнхээтэй дээрээ толгой даагаад явах нь дээр. Идэх юмаар дутаад хог шиншилж яваа биш. Тэгээд бас хотынхон талхаа бараг л бүтэн бүтнээр нь хог дээр хаячихдаг нь харуусмаар. Яасан ч салан гэх юм уу цамаан улс байдаг юм. Талх тарианы тухай хаваржин намаржин яриад байдаг. Өчнөөн их ажил, яриа болж авсан юмыг үнээнд ч гэсэн түүж өгөхөд буян болууштай.

Үнээ нь түмпэнгээ цоолох нь уу гэлтэй хэсэг долоосноо хошуугаараа нудраад шидчихэв. Эмгэн, «Хүүхдүүд ганц машин өвс авч өгнө гэсээр оройтох нь байна. Яасан ч барагддаггүй ажилтай улс юм» гэж ганцаараа үглэсээр гэртээ орж жаахан шар будаа бүлээн усанд зуураад үнээндээ өглөө. Будаа нь ч бас л дуусах тийшээ хандаж. Хуучин бэр нь эртээд хагас шуудай шар будаа авч өгсөн юм. Үнээтэйгээ хувааж идсээр дуусгалаа. Шар будаа идэж үнээ нь сүү ордог, сүүгий нь сааж будаатай цай өөрөө хийж уудаг, яах вэ хөөрхий гэж бодогдоно. Ер нь Цэрэндулам эмгэн «Яах вэ хөөрхий» гэсээр яваад хорвоог туулж өнөө хүрчээ.

Үнээ тавьж өгсөн будааг нь бас л дорхноо ховх долоочихлоо. Үнээнийхээ дэлэнг барьж үзэхэд сүү гармаар боловч хөх нь нэг л хатуу оргиод байна. Яагаад энэ билээ гэсэн чинь үнээний хөх гэнэт хатуурсан биш гарынх нь тэнхээ мууджээ.

Насаараа шувтарсан үнээний хөхийг дийлэхээ болих нь. Өчигдөрхөн зүв зүгээр юм шиг байсан. Уг нь зөвхөн өөрийнхөө цайны сүүг боддог бол ингэтлээ мэрийх хэрэггүй сэн. Гэтэл гурван айлыг сүүтэй байлгах гэдэг болохоороо хэдэн дусал ч гэсэн илүү саахыг хичээнэ. Том хүүгийн залуу эхнэр машинтай гялалзаж ирээд сүү авахдаа «Яасан жаахан юм. Та хуучин бэрдээ л шавхаад өгчихөө биз дээ» гэж дандаа чамладаг. Хуучин бэртэй нь адил шуудайгаар шар будаа авч өгчихөөд чамлаж байгаа бол ч бас яамай санж. Гэтэл ээж сүү сааж бид авч байх ёстой гэхээс цаашгүй хүүхэн дээ хөөрхий. Эмгэн гол нь том ач охин Тунгалагтаа л сүү уулгах юм сан гэж мэрийнэ. Нас арван тав зургаа хүрч яваа мөртөө бие султай түүнийг эмч нар сүү, тараг ууж бай гэдэг. Өөрийнх нь гар дээр өссөн, эмээгийн ганц эрх охин. Бас хуучин бэрийгээ өрөвдөнө. Том хүүд нь хаягдаад өчнөөн жил ханьгүй яваа хөөрхий. Том хүү нь нас тавь шүүрсэн хойноо хориод жил ханилсан эхнэрээ орхиж өөрөөсөө хориод нас дүү эхнэр авсан. Залуу сайхан эхнэртэй болох гэж хүүхдүүдээ өнчрүүлэмгүй сэн. Гэтэл отгон хүү нь < Цаадах мангар чинь залуу хөөрхөн эхнэртэй болох гээд л энэ» гэдэг. Ёстой бүү мэд. Мангар юм бол юу гэж машинтай дарга болох билээ. Хүний сэтгэл яаж хувирах нь багцаагүй хорвоо гэдэг л энэ байх. Бага хүү ч гэсэн хүн хэлэлтгүй. Өөрөөсөө тав зургаан нас эгч хүүхэнтэй суусан. Гэхдээ тэр нь дөлгөөн сайхан зантай хүн. Нэг л гэм нь хүүхэд төрдөггүй. Залуу хүн байж өөрөөсөө эгч, хүүхэд гаргадаггүй хүүхэнтэй сууна гэдэг гайхалтай. Гээд яах вэ харж байхад үнэн сэтгэлээрээ ханилсан хоёр. Тэгээд ч эхнэр нь яавал хүүхэдтэй болох вэ гэж юм мэддэг гэгддэг хүмүүсээс сэм асуулган, жил бүр Хужиртын халуун усанд очиж сувилуулдаг юм. Нас дөч хүрээгүй, мах мариа сайнтай хүн эгзэг нь таарахаар хүүхэд олно биз. Эмгэн ингэж бодно. Бодох юм барагддаг хорвоо биш дээ! Одоо ч хоосон түмпэн харжигнуулан долоох үнээнийхээ хөхийг тэнхээ алдарсан хуруугаар шувтран «Тунгаа бие нь муудаад эмнэлэгт хэвтсэн гэсэн дээ эвий минь. Элгэн тараг бүрээд аваачиж өгье. Ганц машин өвстэй л бол талх түүгээд алзахгүй онд орно. Эрээндэй (үнээгээ ингэж нэрлэнэ) хээл хожуу авсан ч халуун намраар ширгэх болоогүй. Зуны сүүл сар гарч байхад Зундуйн бухад гучин төгрөгөөр гуйж хээлтүүлсэн юм чинь өдийд хээлийнхээ нялхад харин илүү сүү ормоор юм. Тэнгэр муухайрахыг зөгнөлөө хөөрхий минь» гэж бодон хувингийнхаа ёроолд жаахан сүү саагаад бостол өмнө талын хонгор шар уул яг нүдэн дээр нь унан дайвалзаад, дотор нь харанхуйлан зүрх нь салгалав. Нүдээ аньж нэг хэсэг зогслоо. Зуны их үерийн дараа Хайлаастын амны хойт уулын оройд шахам нүүж бууснаас хойш ингэж дотор нь давчдаад байх болж. Үерийн дараа хүүхдүүд нь ёстой усан галав юүлсэн ч аюулгүй гээд уулын оройд буулгасан юм. Гэтэл уг нь талын хүнд өндөрдөөд байгаа бололтой. Ядахдаа амны урд талын их уул дандаа л нүдэн дээр нь унаж ирээд байх шиг болно. Зуны их үерээр өөрийнх нь хашааны нэг тал усанд автаад гайгүй өнгөрсөн ч айл саахалтынхан нь сүйрэхийг үзээд хирдхийн цочсоноо бие нь муудчихсан бололтой. Тэгээд л үүдээрээ гадагш цухуйх болгонд урд талын хонгор шар уул мэлсхийгээд дотор бачимдуулна. Уг нь хотын шуугианаас хол сэргэлэн сэлүүн газар. Өглөөгүүр бол Хэрлэнгийнх нь талыг санагдуулсан агийн үнэр ханхална. Эрт босоод гарахад их хот тоо томшгүй машиныхаа дуугаар битүү түрхрэн сэрж, өглөөний тогтуунд тунасан хөх утаан хөнжил доороо харлан нэвсийж байхад эдний энд хэдийн нар тусчихсан байна. Гэхдээ л намрын ухаа шар уул нүдэн дээр унаж дотор бачимдуулан Хэрлэнгийн талыг учиргүй санагдуулах нь хэцүү. Хэрлэнгийнхээ талд явсан болоосой гэж үе үехэн зүрх шимширнэ. Нутаг санагдангуут урьдын явдал дурсагдана. Урьдын явдлыг дурсахаар хүн санагдана. Одоогийнхыг бодвол биеийн чалх, нүүрний толио алдаагүй явснаа хааяа үгүйлэн гансархуйд нүгэл байгаа даа гэмээр. Гэвч насан дээр гараад залуу зандан цагаа дурсах нь хүний ёсон юм биз. Өчнөөн жил дэлхийн шороо хөдөлгөж явахад үүрдийн, зуурдын ялгаагүй ойр дотно явсан хүмүүс цөм эвий хөөрхий гэмээр. Мууг нь өршөөж муухайг нь дарж явахад хүн бүхэнд сайхан хорвоо билээ.

Эмгэн нүдээ аньж хэсэг зогсоод гэртээ орлоо. Цайгаа сүлж уугаад, өчигдөр орой чанасан хонины толгой жаахан мөлжөөд орондоо орж хэвтлээ. Гадаа хүйтэн зэврүүн байвч эрт давхарласан дөрвөн ханат нь дулаахан. Өнөөдөр бямба гариг. Бямбад л үхэхгүй юмсан гэж гэнэт бодлоо. Зуны их үерээс хойш хааяахан үхэх цаг дөтөлжээ гэж бодогдоно. Далан настай айл буухаар үхлийн тухай бодогдох болдог биз. Гэлээ ч насны туйлд хүрлээ гэж сая болтол санахгүй явж. Өмгөрхөн гэрийнхээ тавилга энэ тэрхэн юманд хараа тусгаж бодол болон хэвтлээ. Отгон хvvгийн авч өгсөн жижигхэн телевизор, одоо санахад холын хол тэр нэгэн цагт төрсөн гэрээсээ инж болгон авч гарсан арслантай авдар хоёр л гол хогшил нь болжээ.

«Дайны урд жил аав хотод ирж хэдэн хонь зараад надад энэ авдрыг аваачиж өгсөн сөн. Нүдээ эргэлдүүлсэн алтан арслантай хачин гоё эд байж билээ. Одоо ч холторч муудаж дээ, хөөрхий. Энэ авдар бид хоёр л салахгүй хамт явсаар насыг элээлээ» гэж эмгэн бодов. Авдар бид хоёр гэж бодоход эд эзэн хоёр элэгдлээ ч гэсэн явж л байна гэсэн шиг аятай байх аж. Хуучны зэс цар дээр мөлжиж тавьсан хонины толгой хоосон ухархайгаараа ширтээд байх шиг болохоор нь эмгэн босож далд хийлээ.

Сүүлийн өдрүүдэд энэ тэр юмыг дэндүү гоочилж хараад байх болж. Сайн ёр биш дэг. Хашааны нь тал үерт урссаныг хүүхдүүд нь гүйцэд бөглөж амжаагүй хэдэн банз дутуу орхисныг харахаар ил задгай сууж байгаа юм шиг эвгүй санагдана. Зурагтын дуу нь хүртэл чанга сул нь таарч өгөхөө больж. Чанга тавихаар толгой хагачих гээд сул тавихаар шивгэнээд эвгүй. Хорооны эмчид биеэ үзүүлэхэд цусны тань даралт ихэдсэн байна. Зурагт удаан битгий үз гэсэн.

«Авдар бид хоёр хамт явсаар насыг элээлээ» гэж бодоход би ганцаараа биш гэсэн шиг байх атал цаана нь нэг л их юм үгүйлэгдэнэ. Гэтэл чухам юу үгүйлэгдээд байгаа нь тодорхойгүй. Өнгөрснийг дурсах ч яах вэ. Нэгэнт өнгөрснийг одоо эргүүлэх гэж үгүйлэх ёсонгүй. Ертөнцийг Хэрлэнгийнхээ тал шиг уужмаар харж өнөө хүрсэн хүнд хорвоогийн жамаас гажих юун билээ. Гэхдээ л… Ганцаардал уу? Хүүхдүүдээ харж явж ганцаардана гэж баймгүй.

Одоо өнгөрснийг дурсахад бодол санаа эргэн эргэн очдог нь нөхөр агсан Баатарцогт, одоо баруун аймгийн нэг уурхайд ажиллаж буй дунд хүү хоёр. Нэг нь бүр мөсөн холдсон, нөгөөх нь хол суугаа.

Хүний хань хүүхдийн эхийн сэтгэл зүрхэнд насан турш салахгүй явдаг энэрэл хайр гэж байдаг бол тэр хоёртой холбоотой. Дунд хүү нь долоон жил шоронд суугаад ноднинхон гарсан. Баруун аймгийн нэг нүүрсний уурхайд ажилчин болж эхнэр авч төвхнөөд, одоо л нэг буяны замд орох тийшээ ханджээ. Цэрэндулам эмээ долоон жилийн турш говьд байх нэг хорих газар жил бүр очиж хүүгийнхээ царайг харж, суллагдах хугацааг нь тоол тоолсоор наранд гарахыг нь амьд мэнд дээрээ үзлээ. Хүү нь суллагдсан даруйдаа ээждээ ирж хэд хоноод, хол газар очиж амьдралтай болоод ээжийгээ аваачиж өргөнө» гэж андгайлаад явсан.

Нөхөр агсан Баатарцогт өвгөн Хэрлэнгийнхээ талд адуу малаа хариулж суугаа. Баатарцогт гэхээр сайхан ч нэртэй эр юмсан гэж эрхгүй бодогдоно. Ер нь хөгшин түүнийхээ тухай дандаа өнгөрснөөр бодно. Гэвч тэр нь нутаг усандаа нэртэй малчин, өнөр өтгөн айл тэргүүлэн яваа билээ. Хорь гаруй жил ханилж гурван хүү төрүүлээд сална гэдэг ёстой л хувь тавилангийн эрх биз. Дунд хүүгээс л болж салсан. Нөхөр нь угаас хүүхдийг хатуу гараар сургах ёстой гэж үздэг, жаахан дэггүйтвэл чөдөр ногт бариад босдог хүн сэн. Тэгэхээр нь хүүхдээ өмөөрнө. Өмөөрснөөс болоод хэрэлдэнэ. Дунд хүү л хэрүүлийн шалтаг болдог байлаа. Хаанаа ийм хүн төрвөө гэмээр. Яаж ч болдоггүй дүрсгүй хүүхэд байдаг даа. Гэтэл тэр төрхгүй бор банди ээжийн хамгийн хайртай хүү. Сургуулиас оргоод ирчихэд нь ганц хоёр хоног гэртээ байлгая гэж өвгөнтэйгээ зөрнө. Гэтэл нөхөр нь олон таван үггүй тас шавхуурдаад сургуульд нь аваачиж тушаана. Нэг удаа өвлийн хүйтнээр оргож ирэхэд нь аав нь мордоод түүнийгээ сумын төв хүртэл арваад мод газар явган хөөж аваачсанаас болоод хэрүүл дэгдэж Цэрэндулам отгон хүүгээ сундлаад төрхөмдөө харьчихсан. Түүнээс хойш хэрүүл дэгдвэл гэртээ харьчихдаг зантай болсон. Залуу явсан болоод нөхөртөө эрхэлж байгаа нь тэр. Дунд хүү нь найман жилийн сургууль дээсэн дөрөөтэй явж төгсөөд техникумд суралцаж байснаа хүний санаанд оромгүй хэрэгт холбогдож ял шийтгүүлсэн. Тэгэхэд л нөхөр нь «Чиний төрүүлсэн хүүхэд миний нэрийг бузарлалаа» гээд явчихсан юм.

Өнгөрсөн юм өнгөрснөөрөө л холдон холддог хорвоо. Гэвч нэгэнт насны туйл дөхөж ирсэн бол өнгөрүүлсэн амьдралынхаа утга учрыг болоод одоо иймэрхүү янзын амь зуулгатай яваагийнхаа учрыг цэгнэж мэдэх ёстой болдог биз. Магадгүй үгүйлэгдэж дутаад байгаа гол юм энэ биз.

Үр хүүхдүүдийнхээ өмнө өөрийгөө буруутгах зөвтгөх аль нэгийг шийдэх юм уу ер нь би юуны төлөө явж вэ? гэсэн эх хүнд хамгийн энгийн ойлгомжтой мөртөө бас ч цагаа тулахаар зовлонтой асуулт тулгардаг ажээ. Гурван хүүгийн нэг нь буруу замаар орсон, гурвуул эцэггүй өссөн аль аль нь миний буруу биш биз, тэгээд ч гурвын гурван хүүтэй эх хүн байтлаа ингэж ганцаараа гэрийн мухар сахиж, хотын хог дээрээс талхны өөдөс түүж хүнд муу хэлүүлж яваа юм биш биз? гэж бодогдоно. Гэдэс цатгалан, мөр бүтэн хойно хүүхэддээ дараа бололгүй явахаас дээр юмгүй гэдгийг хүмүүс ойлгох ч бий, үгүй ч бий. Өчигдөр хажуугийн айлын чавганц орж ирээд хөөрөлдөж сууснаа «Миний хүүхэд өнжөөд л шөлний мах авчирч өгдөг. Чи тэгэхэд цайны сүүг нь залгуулаад голцуухан толгой шийр буцалгаж суух юм» гэхэд хэлэх үг үнэндээ олдоогүй. Гэтэл хүүхдүүд нь юмаар дутаагаад энэ биш ердөө л өөрийн байдгаараа байж, толгой шийр буцалгаж суух нь дээр шиг санагдана. Толгой шийр идээд муудсан юм ер алга. Отгон хүү нь үнээ, гэрээ зараад манайдаа бай гэж бишгүй л хэлдэг. Гэтэл хүү минь өөрөөсөө зургаан нас эгч хүүхэн бид хоёрыг аятай байлгах гэж зүдэрнэ биз гэж бодогдоно. Зургаан насаар эгч хүүхэн харин ч хүүгийнх нь эрхэнд байх юм гэж санагдахгүй.

Цэрэндулам эмгэн энэ мэт өнгөрснийг дурсан хэсэг хэвтээд бие овоо тавирахад босож хувцаслав. Гадаа хүйтэн бороо дусагнаж, өнөө хашааных нь онгорхойгоор салхи исгэрнэ. Үнээндээ өгөх өвсгүй хашаа онгорхой хоёр л тохь алдуулж байх шиг санагдана. Өвстэй болж хашаагаа бөглөвөл ямар ч гэсэн энэ жил онд мэнд ормоор санж.

Эмгэн хогоо шүүрдээд авдар телевизорынхоо тоосыг арчив. Хагас сайн бүрд бага хүүгийндээ очиж усанд ордог боловч энэ өдөр бороотой хүйтэн учир гэрээс гаралтгүй, зүгээр дотуур хувцсаа солихоор шийдлээ.Ач охин Тунгалагийнхаа угааж өгсөн өмд, цамц,оймсыг гаргаж өмслөө. Авдраа ингэж нэг нээвэл юухан хээхнээ гаргаж янзалдаг зантай. Хамаг дуртгал нь энэ авдарт хадгалаастай юм шиг тэр юухан хээхэн, хүүхдийн хуучин баривч, сам шүүр, торгоны өөдөс хүртэл цөм ямар нэгнийг санагдуулна. Ач гуч нарт ч хэрэг болно гээд хадгалж явдаг үзүүрсгэн дээл, ганц хурган дотор, залуудаа өмсдөг асан сайхны угалзтай гутал хоёр мөнгөн аяга, элдэж зөөллөсөн ишиг хурганы ганц хоёр арьс, даавуу торгоны өөдөс,сам шүүр, утас зүү тэргүүтэн юмсаа цөмийг гаргаж тус тусад нь боож эвхэж тавив. Энэ байдаг хөрөнгө хогшил хамгийн үнэтэй эд гэвэл сувдан даруулга. Жижигхэн сувдуудыг мөнгөн дээр суулгаж алтаар хүрээлсэн энэ даруулгыг тэр жил нөхөр нь авч өгсөн юм. Үүнийгээ бэрүүдийнхээ хэн нэгэнд нь өгнө гэж боддог боловч чухам хэнд нь өгөхөө мэдэхгүй өнөө хүрчээ. Бас нэг нандин юм нь гэвэл тэртээ тавиад оны дундуур анх хот ирэхдээ нөхөртэйгээ авахуулсан зураг. Утаанд шарласан тэр зургийг хатуу цаасанд хавчуулаад хадгалж явдгаа гаргаж авдар дээрээ тавилаа. Хувийн зурагчин суврагын дэвсгэр дээр, цаасан цэцэгтэй ширээний хоёр талд зогсоож байгаад авсан тэр зургийг харахад залуу нас эрхгүй дурсагдана. Сайхан ч хүмүүс явж дээ. Өөрөө цоохор хоргойгоор өргөн эмжсэн дугуй хээтэй торгон дээл дээр ташаан толгойгоо товойтол дурдан бүс ороогоод бэлхүүсээ үл мэдэг нахийлган, сийрсэн бүрх малгай хазгайдуухан шиг тавьсан, урт хар гэзгээ харуулах гэж жишүү зогссон, давхраатай том хар нүдтэй, жирэвгэр том хөмсөгтэй, жимийсэн нимгэхэн уруултай, хөөрхөн шөнтгөр хамартай хүүхэн байж. Нөхөр нь босоо ширүүн үстэй, ширвээ сахалтай, инээвхийлсэн том алаг нүдтэй, ташаа тулан ханхалзсан эр байж. Ёстой л идэрхэн гялалзаж явсан цаг сан. Бүсгүй хүн залуу сайхан явахдаа үс цайж нүд унах цаг ирэхгүйн чинээн бодож хүүхэд төрөх ч жаргал, хүний . нүд булаах ч бахархал болон янаг ялдам ааш, бие цогцсын гоо үзэсгэлэнгээр эрчүүдийн ааг омгийг дарах ид хавд автагдан явдаг санж. Гэтэл үнэндээ тэр нь ямархан зуурдын явдал байж вэ. Яасан амархан хагдарч гундаад эм биеийн жаргал эхийн зовлонгоор солигддог байж дээ. Цэрэндулам эмээ залуугийнхаа зургийг нэг хэсэг харж суулаа. Одоотой даанчиг зүйрлэхээр байх уу даа.Сайхан ч улс явж дээ, хөөрхий минь. Зууван хар нүднийх нь гал цог нэгэнт буурч эх хүний энэрэн нигүүлсэхүйн зөөлөн дулаан гэрэл, ганцаардлын буюу өчнөөн жилд таньж бараагүй хорвоогийн явдлыг эрэгцүүлэн эрэгцүүлсээр ядарсан ухааны хөх мананд бүрхэгдсэн Цэрэндулам эмээ идэрхэг залуугийн инээд баярыг нууж гэрэлтсэн давхраалаг зууван хар нүдтэй, зургийн хуар шиг Цэрэндулам хүүхэн хоёр зэрэг ширтэлцэв.

Ийнхүү залуугийнхаа зурагтай ширтэлцэхүйд «би чинь цагтаа сайхан хүүхэн явж шүү дээ» гэж эрхгүй бодогдоход нүднээс нь уйтгарлалын хөх манан хөөгдөн, далдын далд гүн холоос ч гэсэн залуу зандан цагийн гэрэл гэгээний үлдэгдэл сэрэн сэрэн алдаад, нүүрнийх нь үрчлээг хүртэл толийлгон засав. Ингэж суутал айлынх нь авгай орж ирэв,

Өөрөөс нь арай залуувтар энэ авгай угаас хотын хүн бөгөөд хүний бага эмч охин, жолооч хүргэнтэй, тов хийсэн амьжиргаатай айл. Нөхөр нь хэдэн жилийн өмнө нас барсан учир мөн ганцаараа суух боловч «байдаг хүнтэй». Тэр «байдаг хүн» нь хот хөдөө хоёрын хооронд панз үсэргэдэг гүйдэл суудал нь сайн мэдэгдэхгүй нэгэн сүрхий эр билээ. Авгай түүгээрээ илт бахархана. Үерийн дараа айл бууснаас хойш хоёр хөгшин долоон булчирхайгаа тоочин ярилцсан. Гэвч чавганц нарын ярих хөөрөх юм дуусах биш. Залуудаа авахуулсан зургийн тухай яриа ч дорхноо үүдлээ.

Урьдын зурагчингууд ч сайхан патиар татдаг байж шүү дээ. Хүнийг байгаагаас нь цэвэрхэн болгочихно гээч. Тэгээд бүр үлгэрийн оронд байгаа юм шиг сүм суварга, цэцэг навчтай авна. Одоогийн зурагчид нэг л гялсхийгээд л дуусаа. Зураг авахдаа хүртэл яардаг цаг болсон юм. Яарахгүй юм гэж ер байхгүй. Бид ер ямар тайван хүмүүс байсан юм. Манай өвгөнийг яана даа. Байж байтлаа гэгээн цагаан өдөр хөнжилдөө оръё гэнэ. Хүн ороод ирвэл яана гэхээр хэн ирдэг юм гээд л хэвтэнэ шүү дээ гэж айлын авгай...

Үргэлжлэлийг унших

Энэхүү нийтлэл нь төлбөртэй контент юм. Та 2,000₮ төлснөөр бүрэн эхээр нь унших боломжтой.

Хуваалцах
Бүх мэдээ