ХАТСАН ГАР
Бид хүүхэд ахуй цагтаа томчуулын ярьдаг байсан “хар гар” хэмээх аймшигт үлгэрийг чих тавин сонсдог ч хөнжил дотроо айж, хурган амьсгал түгжин хонодог байлаа. Гэвч энэ тухайд бодит үнэнийг сонсох цаг нэгэнтээ ирэх байсныг насны залуу, цусны шингэндээ даанч гадарласангүй. Энэ бол гэхдээ “хар гар” хэмээх ам дамжсан үлгэр биш, далдын хар хүч агуулсан “хатсан гар”-ын тухай нэн аймшигт бодит түүх юм.
1950-иад оны эхээр одоогийн “Нарны титэм” дэлгүүрийн ойролцоох Есөн гудамжинд Ли дааяа буюу Намсрай хэмээх овог авсан хятад өвгөн бага шигхэн гуанз ажиллуулан амьдарч байв. Дотор хүний гараар хийсэн нарийн хоол амттайн хойно олон ч хүнийг урхидаж дөнгөөдөг байжээ. Ли дааяа сайхан бүсгүй харагдвал үнэгүй хоол, цайгаар дайлан, хөхцөнд идэгдсэн шар шүднүүдээ ярзайлган инээнэ.
Тэрбээр нэгэн өдөр хөдөөгийн байдалтай, хувцас хунар муутай боловч царайлаг бүсгүй хашааных нь өмнүүр ууттай юм үүрэн ядарсан бололтой алхаж явааг хараад гуанзандаа дуудан оруулж, цай хоолоор дайлангаа хэрэг зоригийг нь асууж амжив. Бүсгүй ч Архангайгаас Аж үйлдвэрийн комбинатад ажилд орохоор ирсэн бөгөөд нутгийнхаа нэгэн айлыг хайж яваагаа цайлганаар өгүүлжээ.
“Улаанбаатараар дүүрэн танилтайн хэрэг юу билээ” гэсэн шиг Ли дааяа тэр дорхноо л эрж яваа айлыг нь олж заагаад өгчихөв. Тэгэхдээ ирж үнэгүй хоол идэж бай гэж хэлэхээ ч мартсангүй.
Хэсэг хугацаанд алга болсон бүсгүй нэг өдөр гуанзных нь өмнүүр явж харагдангуут мөн л майжигнан гүйж очоод, чирэх шахам гуанзандаа оруулж хоол, цайгаар шахлаа.
— Чи их муу хүүхээ. Манайд ирж хоол идэхгүй яасаан. Би их гомдсоон, — гээд уйлах маяг үзүүлэхэд нь бүсгүй тэсгэлгүй инээд алджээ.