Тэртээ хорин таван жилийн өмнө бид үеэлүүдтэйгээ хамт зун болгон хөдөө гарч, эмээгийндээ мал дээр зусдаг байлаа. Тэр зун урьдынхаас ондоо санагддаг байсан. Салхи нь хүртэл нэг л хүйтэн, өдөр нь урт мөртлөө орой болохоор гэнэт харанхуй нөмөрдөг, тэнгэрийн одод хүртэл хэтэрхий ойрхон харагддаг байв. Эмээ маань тэр зун их дуугүй, заримдаа ганцаараа тулганы дэргэд сууж байгаад гал руу удаан ширтэнэ. Тэр ширтэлт нь энгийн нэг бодолд дарагдсан хүний харц биш, харин юм санаж, юм харж байгаа мэт санагддаг байсан.
Орой бүр мал хотолмогц бид гэрийн баруун хоймортоо эгнэн хэвтэж, эмээгээс хууч яриа гуйна. Эмээ эхэндээ дуугарахгүй, улаан тамхиа удаан ороож, галд ойртуулж баагуулна. Тамхины утаа гэрийн дээвэр даган мушгирч, зулын гэрэл тэр утаанд шингээд бүдэг шарлан доргино. Тэр үед л эмээ намуухан хоолойгоор ярьж эхэлдэг байлаа. Яг л хэн нэгэн сонсож байгаа мэт, яг л дэргэд нь өөр юм байгаа мэт.……….