Гэнэтийн ажил гарсан Ундраа дархан руу ганцаараа гараад давхичихав. Уг нь тэрээр замын хань хийж, Драгон дээрээс ганц нэг хүн үнэгүй ч гэсэн аваад явъя гэж бодсон боловч хүсэхэд хясна гэгчээр Драгон руу ордог зам дээр хоёр машин шүргэлцээд орохын аргагүй болгосон учир тэрээр шууд л чигээрээ давхичихсан байна.
Гэгээн цагаан өдрөөр явж байгаа болохоор олон ч юм бодсонгүй. Ажлаа амжуулах гээд хөгжмөө чангалан хаазаа тултал гишгэн саяхан авсан шинэхэн "Prius-30" машиныхаа хурд хүчийг үзэн хурдалжээ. Хаврын үдийн наран дээрээс халуу төөнөнө. Цонхоо бүтэн хаан, эйр кондешнээ асаан хөгжмөө чанга дээр нь тавин, даган дуулан явж байлаа. Ийнхүү ердөө цаг ч хүрэхгүй хугацаанд тэрээр Баянчандмань давхиад орчихов. Тэндээс жаахан холдон нэгэн хушууг ороогоод зогсч биеэ хөнгөлөв. Тэрээр барилгын компанид ерөнхий технологич хийдэг бөгөөд өглөөнөөс хойш ажил дээрээ суух ч завгүй ажилласан аж. Бие ч засах завгүй өнгөрөөсөн тэрээр нэгэн уулын хушуу ороон машинаа замын хажууд ослын гэрлийг нь асаагаад орхижээ. Жалган дунд бие засаад байж байтал машиных нь хаалгыг яах аргагүй нэг хүн онгойлгоод суух шиг санагдав. Гайхсан тэрээр өндийн харвал бүх юм хэвийн байх бөгөөд гартаа атгасан машиныхаа түлхүүрийг хараад тайвшрав. Ингээд биеэ засчихаад машиндаа суун хэсэг газар хөгжмөө чангалан явж байтал үсийг нь хэн нэгэн илбэх шиг болжээ. Сандлынх нь бүрээс үсэнд нь татагдсан юм байх даа гэж бодсон тэрээр хар буруу юм санасангүй. Дуу дуулан хэрэндээ хөгжилтэй явж байтал хажууд нь хэн нэгэн сууж буй мэдрэмж өөрийн эрхгүй төржээ. Бүр үл үзэгдэгч тэр этгээд Ундраагийн дуулж буй дууг дагаж бүдэгхэн дуулж буй нь аяархан ч гэсэн сонсогдож байв. Хөгжимөө суллаж, чимээ чагнавал үнэхээр хэн нэгэн бүдэгхэн дуугаар бувтнаад байлаа. Хөгжмөө ч чангалж чадахгүй хамаг бие нь салгалж байтал хэн нэгэн хөгжмийг нь бүр эцэс дээр нь тултал чангалж, Ундраагийн зүрхийг амаар нь гаргах шахав. Айсандаа хаазаа нэмсэн бүсгүйн чихэнд "Ингэж сандарч яваад над шиг аваар осолд оров доо, наад хаазаа хасаач" гэж хэн нэгэн нь хэлэх шиг сонсогдов. "Нээрээ би чинь бүр 100 гарчихсан давхиж явна шүү дээ" гэж хянах самбараа харсан Ундраа хөлөө аван, хаазаа алгуухнаар хасав. Гэтэл яг энэ үед машинд нь ганган бүсгүй ороод ирчихсэн мэт тансаг үнэртэй усны үнэр сэнхийгээд явчихав. "Ямар хачин юм бэ, би ажлынхаа хувцастай сандраад гараад ирсэн тэгээд ч надад ийм үнэртэй ус байхгүй дээ" гэж бодох зуур хажуугийн суудалд нь бүсгий хүн суусан мэт мэдрэмж төржээ. Сониучирхан харвал үзэгдэж харагдах юм үгүй боловч яг л хүн сууж буй нь мэдрэгдэх ажээ. Хаанаас нь ч харсан хий хоосон байх атлаа яагаад ч юм эмэгтэй хүн сууж байгаа нь мэдрэгдэх нь гайхалтай.Айсандаа тэрээр аваар осол хийхгүйн тулд бараг л арав, хорин милийн хурдтай явах аж. Харин ээлж дараалан хий үзэгдэл байгаа нь мэдэгдсэн ч түүнд ямар нэгэн гэм хоргүй хийхгүй байгаад бүсгүй дотроо баярлаж явав. Хэсэг зуур ямар нэгэн зүйл мэдэгдсэнгүй. Гэтэл Зүүнхараа орохын наахна хажуугийн сандал дээр нь хүүхдийн сүнс бололтой хөхөө гүд гүд хийтэл залгих чимээ гарав. Энэ үед л Ундраа үнэхээр хажууд нь нэг ч биш нэлээд хэдэн сүнснүүд солигдоод байгааг мэдэрчээ. Ухаан нь гарах шахсан бүсгүй хэн байгааг яг таг мэдэхгүй ч тэдэнтэй ярилцаж эхэлжээ. "Би Дархан руу яаралтай ажил гараад ганцаараа явж байгаа юм. Та нар битгий муу юм хийгээрэй. Бодвол та нарыг энэ замаар зорчиж яваад аваар осолд ороод гэнэтийн үхлээр нас барсан хүмүүс байх. Тийм үү? Би сүнсийг дандаа муу юм хийдэг гэж боддоггүй. Гэхдээ намайг битгий айлгаарай. Элдэв янзын чимээ гараад, янз бүрийн үйл хөдлөл хийгээд байхаар чинь би маш их айж байна. Тэгэхээр надад муу юм битгий хийгээрэй гэж би дахин дахин гуйя. Би ганц хүүхэдтэйгээ амьдардаг" гэж хөндлөнгөөс нь хүн харах юм бол Шархадны эмнэлгээс оргосон хурцын тасгиин галзуу өвчтөн шиг л ганцаараа ярьж явав.
Гайхалтай нь түүний энэ гуйлтыг сүнснүүд сонссон бололтой дахиж элдэв янзын үнэр танар, дуу чимээ огт гаргасангүй. Гэвч Ундраа тэдэнтэй үргэлжлүүлэн ярьсаар явлаа. "Золгүй тохиолдлын улмаас та нар хорвоогоос буцсан байх. Гэнэтийн үхлээр нас барсан хүмүүсийн сүнс дараа төрлөө олдоггүй уддаг гэж үнэн юм байна. Та нар одоо хэдүүлээ миний машинд байгаа вэ. Миний мэдэрснээр ганц лав биш" гэтэл цонхны шилэн дээр нь гурвын тоо гараад өнгөрөв...