Сайн байцгаана уу.
Найз бид хоёрт тохиолдсон, одоо болтол бодохоор сэтгэл арзайлгадаг нэгэн явдлыг та бүхэнтэй хуваалцахаар шийдлээ.
Энэ явдал өнгөрсөн оны есдүгээр сарын дунд үеэр болсон юм. Амралтын өдөр таарсан болохоор найз бид хоёр хамт хонохоор болж, би түүнийг гэрээс нь очиж авахаар гарсан. Замдаа манай байрны ойролцоох дэлгүүрийн үүдэнд ойролцоогоор тавин нас шүргэж яваа, ануухан төрхтэй нэг эгч олон тор хүнс барьчхаад гарч ирэхийг харсан юм.
– Туслах уу? гэж асуухад,
– Өө яасан сайн юм бэ гээд инээмсэглэн зөвшөөрсөн.
Би түүний тортой юмыг бариад гэрт нь оруулж өгөөд, удалгүй найзынхаа зүг явсан. Тэр эмэгтэй тухайн үед надад ерөөсөө сонин санагдаагүй, энгийн л нэг айлын хүн шиг харагдсан.
Орой нь найзтайгаа манайд ирж, нилээн орой болтол юм ярьж суусаар байгаад унтахаар хэвтлээ. Би ахтайгаа хамт амьдардаг, ах маань ажилтай үедээ оройтож ирдэг тул “орой шөнө орж ирж магадгүй шүү” гэж найздаа хэлээд гэрлээ унтраав.
Манай гэрийнхэн ер нь мухар сүсэгт итгэдэггүй, харин найз минь тиймэрхүү зүйлд нэлээн эмзэг хүн л дээ.
Гэрэл унтраагаад орондоо ороход найз гэнэт:
– Хүүе, толио ор луугаа харуулж тавьдаггүй шүү дээ гэв.
Би толь руу хармагцаа өөрийнхөө тусгалаас цочоод, яагаад ч юм зүрх пал хийж, толь хурдхан хөдөлгөөд харуулчихсан. Өрөө харанхуй байсан болохоор бүр ч эвгүй санагдсан. Би тэр үед цэнхэр бариу подволк өмсчихсөн байсан санагдана.
Найз маань “унтлаа” гээд л дорхноо унтаад өгсөн. Харин би ганцаараа унтаж сурсан болохоор хоёр хүн зэрэг унтахад нэг л тухгүй, нойр хүрэхгүй байлаа. Тэгээд аймшгийн өгүүллэг сонсож байгаад унтчих санаатай МБАЯ асаасан ч нойр хүрсэнгүй.
Нэг мэдэхэд би сэрүүн зүүдэлж эхэлсэн байлаа.
Тааз руу харахад нэг хүн дүүжлээстэй, хөдөлгөөнгүй зүүгдчихсэн харагдаж, хаалга руу харвал өлгүүрнээс нэг эмгэн унжчихсан мэт. Яг бодит юм шиг, яг л нүдний өмнө. Гэнэт л хүйтэн хөлс цутгаад, цочин сэрсэн.
Утсаа унтраагаад нүдээ аньж, өглөө болтол яаж ийгээд тэсэж хоносон.
Өглөө найз түрүүлж сэрчихсэн байсан.
– Чи шөнө яагаад миний хөл дээр суучихдаг юм бэ? гэхэд нь би бүр гайхаад:
– Юу яриад байгаа юм бэ? Би шөнө огт босоогүй гэж хэлсэн.
Тэгтэл найз минь айдастай царайлаад ингэж ярьсан юм.