Намайг Ану гэдэг. Одоо би энгэртээ гуравхан сартай нярай үрээ тэврээд, цонхоор ширтэж сууна. Гадаа намар оройн жихүүн салхи салхилж, моддын навчис шарлан хийсэх нь яг л миний сэтгэл доторх үймрээнтэй адилхан санагдах юм. Хүнд хэлж зүрхэлдэггүй, дотроо хадгалсаар байгаад цээж өвтгөсөн энэ түүхийг би хэн нэгэнд, магадгүй зөвлөгөө өгч чадах тэр хүмүүст л зориулж бичиж байна.
Манай нөхөр бид хоёр танилцаад удаагүй байхдаа л би бие давхар болсон юм. Тэр маань сургууль соёл дүүргээгүй ч, хүнийг хайрлах ухаан, хөдөлмөрч зангаараа хэнээс ч дутахгүй. Арван дөрөвхөн наснаасаа хар бор ажил хийж, олсон хэдэн төгрөгөө сохор зоос ч үлдээлгүй ээжийнхээ алган дээр тавьдаг байсан тийм л хүү. Гэтэл тэр өгөөмөр сэтгэлийнх нь цаана ямар аймшигтай харанхуй амьдрал нуугдаж байсныг би хожим нь, хадмындаа гурван сар амьдрахдаа л ойлгосон юм.
Жирэмсэн байх хугацаа минь миний амьдралын хамгийн хүнд даваа байлаа. Хадам ээж нөхрийн минь хажууд "Миний охин, миний хүү" гээд л элэгсэг хандах мөртлөө, түүнийг ажилтай эсвэл малд явсан хойгуур тэс өөр хүн болчихно. Гадаа хот айлын хашаа хороо цэвэрлэж, хүнд төмөр тэргээр баас зөөж, худгаас гараараа ус татаж зогсохдоо би дотроо "Гайгүй ээ, би л сайн байвал энэ хүний сэтгэл зөөлрөх байх" гэж өөрийгөө хуурдаг байлаа. Тонустай байсан болохоор доошоо байн байн өвдөж, хүүхэд минь яг л гараад ирэх гэж байгаа юм шиг булчин зангирахад "Тэвчих хэрэгтэй, Ану. Чи бол айлын бэр" гэж шүд зуун өнгөрүүлдэг байв.