Цонхны цаана намар оройн зэвэргэн салхи нүцгэн мөчрүүдийг савчуулан исгэрнэ. Өрөөнд эмнэлгийн үнэртэй холилдсон хүнд агаар тогтож, ганцхан ханын цагны "тик-так" хийх чимээ л амьд гэдгийг нь сануулах мэт жигд цохилно. Туул орон дээрээ хөдөлгөөнгүй хэвтэх боловч түүний дотор асар том дайсан тэжээгдэж байв. Тархины хавдар хэмээх тэр харанхуй зүйл түүний биеийг нэгэнт эзэлж, харааг нь бүрэлзүүлж, хөлийг нь хөдөлгөөнгүй болгосон ч ухаан санаа нь харин цэлмэг хэвээр. Гэхдээ энэ цэлмэг байдал түүнд тайтгарал бус, харин маш хүнд шаналлыг авчирч байлаа.
Тэр сар гаруй хугацаанд энэ л үгийг хэлэх үү, эсвэл авсандаа аваад орох уу гэдэгтэйгээ тэмцэлджээ.
Түүнээс нүд салгахгүй халамжлах Равдан нь гал тогооны өрөөнд аяга таваг зөөлөн хангинуулан, түүндээ зориулж зутан шөл бэлдэж байгаа нь сонсогдоно. Равдан бол яг л монгол эр хүний жудаг, ноён нурууны илэрхийлэл болсон хүн. Найранд гурван дуутай, наадамд гурван даваатай, олон таван үггүй ч хийж байгаа үйлдэл бүр нь хайраар нэвчсэн тийм л хүн. "Чи минь л миний хажууд байвал би өөр юу ч хүсэхгүй" гэж хэлдэг тэр үнэнч цагаан сэтгэл нь Туулын цээжийг одоо төмөр утсаар ороох мэт бачимдуулна.
Туул залуудаа нэлээд гоо үзэсгэлэнтэй, дураараа охин байлаа. Равдантай гэрлэхээсээ өмнө хэд хэдэн залуутай дотно байснаа нуугаагүй. Харин Равдан тэр бүхнийг "Өнгөрсөн явдлыг чинь би сөхөхгүй ээ, миний хань байгаа цагтаа л чи минь ганцхан минийх л байгаарай" гэсэн ганцхан өгүүлбэрээр хааж, түүнийг хайр халамжаар бялхуулсан билээ. Туул ч тэр занганд нь татагдаж, энэ хүнтэй насаа барна гэж шийдсэн.
Гэвч амьдралын эрээн бараан дунд нэгэн харанхуй толбо үлдсэн нь хорин хэдэн жилийн өмнөх тэр зун байлаа. Хосууд гэрлээд хоёр жил болоход хүүхэд заяасангүй. Равдан нэг өдөр оюутан ахуйн найз, эмэгтэйчүүдийн эмч Болдыг дагуулж ирсэн юм. Өтгөн хар хөмсөгтэй, ширвээ сахалтай, өөртөө итгэлтэй тэр залуу Туулын сэтгэлийн гүнд байсан ямар нэгэн унтарсан очтой мөргөлдөх шиг болсон. Магадгүй тэр нь Равдангийн дэндүү дөлгөөн, тогтуун зангаас уйдсан залуу насны гэнэн тэмүүлэл байсан биз.
Нэг өдөр Равдан ажилдаа явж, Болд тэднийд үлдэв. Тэр оройн үйл явдал, тэр нэгэн алдаа Туулын хувьд насан туршийн нууц, насан туршийн айдас болон хувирсан юм. Сар орчмын дараа ажил дээр нь хорхог хийж, утаа май болоход дотор нь муухай оргиж, найз хүүхэн нь "Чи жирэмсэн болчихож" гэж хэлэхэд Туулын толгой дээр тэнгэр нурж унах шиг л болсон.