“Нэг хүний алдаа, гурван зүрхний шарх”
Хашбатын нойр хүрэхгүй, эргэж хөрвөөнө. Аминдаа эхнэрээ сэрээхгүйг хичээх тусам хэвтэр нь нэг л тухтай болж өгөхгүй нь тээртэй. Хоёр хоног эзгүй яваад ирсэн нөхөр нь унтаж чадахгүй байгааг Содгэрэл мэдээгүй юм шиг буруу харан хэвтлээ. Унтлагынхаа өмд цамцыг өмссөн нь дургүйцлээ илэрхийлж байгаа хэрэг гэдгийг Хашаа мэдэх болохоор эхнэрээ татаж чангаасангүй. Түүний зүрх ч хүрсэнгүй. Үнэндээ хүсэл, сонирхол ч байсангүй. Хоёр биедээ сэрүүн байгаагаа мэдэгдэхгүйг хичээн олигтойхон амьсгалж чадахгүй шахам хэвтэцгээх хосыг зэмлэнгүйгээр ширтэх мэт цонхны хөшигний цаанаас саран сүүтийнэ. Ханан дахь цагны чимээ Хашаагийн зүрхний цохилттой давхцах нь тээртэй ч юм шиг. Тэсвэр алдан эвшээсэн эхнэрийнхээ сэрүүн байгааг мэдсэн Хашаа цочих шиг болжээ. Нүдээ тас аньж, хоолойгоо хүржигнүүлэн хурхирах дүр эсгэв. Ийн жүжиглэх нөхрөө анзаарсан Содоо: -Чи яагаад маяглаад байгаа юм бэ. Нойр чинь хүрэхгүй байгаа бол босооч. Би унтаж амармаар байна гэснээ хөнжлөө угз татлаа. Энэ мөчийг хүлээж байсан юм шиг Хашаа ухасхийн босч, ааваасаа үлдсэн хөвөнтэй бор дээлээ шүүгээнээс аваад, том өрөө рүүгээ орлоо.
Жаахан дургүй нь хүрвэл бор дээлээ нөмрөөд хэвтчихдэг нь Хашаагийн гэм биш зан юм хойно. Содгэрэл тоосонгүй, хөнжлөө засч, янзлаад унтахыг хичээлээ. Хашаа урт буйдан дээр тавтай нь аргагүй тэрийн хэвтлээ. Уртаар амьсгаа аваад, уужрах шиг болов. Гэвч нойр нь хүрсэнгүй. Минжээтэй өнгөрүүлсэн мөч бүхэн нүдэнд нь өнгөтөөр жирэлзэв…
Яаманд газрын дарга хийж байхад нь МУИС-ийн эдийн засгийн курсын хоёр оюутан дадлагаар иржээ. Өндөр нуруутай, нүд, хөмсөг сайтай гунхалзсан цагаан оюутан бүсгүйг “Статистик, мэдээллийн албанд дадлага хий” гэж Хашаа дарга цохолт хийж өгчээ. Гэтэл нөгөө оюутан анхны өдрөө харагдаад алга болов.
-Одооны оюутнууд ингэж дадлага хийдэг болсон. Сургууль төгслөө гээд юу ч мэдэхгүй. Толгой нь гэж байцаа чихчихсэн аятай, дүүрэн ус. Яаманд ирж дадлага хийнэ гэдэг бас нэг шалгууртай баймаар юм хэмээн Цоодол дарга нэгэнтээ үглэхийг Хашаа чихнийхээ хажуугаар өнгөрүүлжээ. Үнэндээ оюутнуудын дадлагыг хянахтай манатай өөрийн хариуцсан ажил гэж толгойн үснээс нь их байж. Харин түүнтэй хамт ирсэн, тахимаа шүргэсэн үсээ, хоёр салаа сүлжсэн даруухан шар охин өдөржин бичиг цаас эмхлэхээс эхлээд хүн хүнээс “ Ингэх үү, тэгэх үү, би тусалъя” гээд асууж, лавлан, гүйж байх нь илт анзаарагдана.
Хагас жилийн ажлын тайлангаа гаргаж, сая нэг амьсгаа авахтай болсон Хашаа уламжлал ёсоор ажлынхаа хэдтэй хамт “Хонхон” бааранд орж, шаp айpаг шимэн тухалцгаажээ. Санаа нийлсэн үеийн хэдэн залуу үе, үе ингэж суудгийг тэндхийн үйлчлэгч нар андахгүй. Аль болох аятай, тухтай байлгахыг хичээнэ. Дарвиж шуугисаар суутал цаг нэлээд орой болжээ. Хашаа бие засаад буцаж явтал: -Сайн уу, дарга аа гэх нүдээ жартайтал будаж, үсээ задгайлсан өндөр бүсгүйг Хашаа “Урьд нь хаана харлаа” гэж бодож амжаагүй шахам байтал: -Та манай ширээнд түр суугаач хэмээн найр тавив.
Бурантаглуулсан тэмээ адил бүсгүйг даган, очиход ширээнд үе тэнгийн гурван бусгүй сууж байлаа. -Танилцацгаа, манай дарга гэхэд нь Хашаа дадлагынхаа удирдамжийг барьж зогссон оюутан бүсгүй байна хэмээн таньжээ. -Энэ манай ангийнхан, танилц хэмээн нүдээрээ инээснээ: -Төгсөө бид хоёр энэ даргын удирдлаганд дадлага хийж байгаа.
Миний хоолой өвдөөд хэд хоног очиж чадаагүй шүү, дарга аа. Утсыг чинь мэдэхгүй болохоор хэлж чадсангүй гэсэн тайлбар хавчуулсан бүсгүй Хашаад цагаан дарс хийж өглөө. -Манай Минжээ их дажгүй даргатай юм аа гээд махлаг шар бүсгүй хэн ч инээгээгүй байхад ганцаар тас тас хөхөрснөө: -Тулгацгаая гээд босоход Хашаа бас өндийв.
-За төлөө гэснээ Хашаатай хундага харшуулсан Минжээ: -Та яараагүй бол бидэнтэй жаахан суугаач гэхэд мань эр сая нэг юм ам нээж: -Хүмүүстэй цуг яваа. Та нарт баярлалаа хэмээн хэлээд аягатай даpcыг apxи адил хөнтөрчихөөд босоход нь Минжээ утасны дугаарыг авахаа мартсангүй. Шаp айpгандаа халамцсан хэд Хашааг шоолон маазарч: -Манай дарга юу амжуулаад яваа юм бэ. Тэр аятайхан бүсгүйчүүдээсээ илүүчлээч дээ гэснээ “солгой” хочит Түмэнбаяр: -Хэдүүлээ өнөө орой жаахан доргиё л доо. Караоке бэлэн байгаа шүү гэв.