Нүүр дүүрэн сэвхтэй, шодон гэзэгтэй, жижигхэн биетэй шаазгай шиг бүсгүй амьдралыг минь гийгүүлэх чинээ санасангүй явж дээ, би. Арван хэдэн насанд сэтгэл гижигдэн, хорин хэдэн насанд шувуу шиг нисгэж, 40 хэвийгээд ирэхээр хүндлэл болон хувирдаг хайрыг хүн бүр өөр өөрийнхөөрөө илэрхийлж бас хүлээж авдаг. Миний хувьд шувуу шиг дүүлэн нисэх цаг хэдийнэ өнгөрсөн. Эрчүүдийн нүдэнд төдийлөн өртөхөөргүй царай муутай жижигхэн бор хүүхэн миний эхнэр. Эрээ цээргүй ингэж хэлснийг минь өршөөгөөрэй. “Царай муутай…” ингэж хүүхэд шуухад, хөгшин хөвөөгүй шивнэлддэгийг тэр минь зүрх сэтгэлээрээ мэдэрдэг юм. Яагаад сонсох биш мэдэрдэг юм гэж үү? Хань минь миний агсамнан хашигчихыг бүү хэл шувуудын жиргээ, усны урсгал, уянгалаг бүхнийг сонсох хувьгүй хүн. Арван хуруугаараа хэл хийж, амьтны ааш аягийг нүүрнийх нь хувирлаар төсөөлдөг дөө.
Бүтэн заяагүй бүсгүй хүнд аархал омгоо гаргалаа гэж бодож байна уу? Тийм үе байсаан, байсан. Харин одоо бол үгүй. Хоёр хөөрхөн хүүгээ дагуулаад хорвоогийн нарыг өдөр бүр баяртайгаар тосдог болсон доо, энэ жижигхэн бор бүсгүйн ачаар.
Хэдэн арван жилийн өмнө би гэдэг хүн тамтаггүй архичин байлаа. Аймгийн арслан хүн ингэж явах ч гэж дээ гэж аав ээж минь үглэнэ. “Бөхийн нэр гутааж, дэвжээ бузарлах нь. Хаа таарсан газраа унаж тусан хүний дэвсгэр болсон чи, ахиж зодоглохгүй байвал таарна” гэж аавын байдгаараа хашгирч байсан нь одоо ч чихэнд сонсогддог юм. Шилтэй шингэнд толгойгоо мэдүүлэхээс өмнө бие хаа, үс зүс, хүч чадал тэнцсэн сайхан бөх явсан даа, би. Арслаан… гэж тал засах залуус, ааль дэвсэн нүд талимаарах хүүхнүүдийн задалсан архи, өргөсөн хундаганы ард гарсаар нэг л мэдэхэд жолоогоо алдсан байсан юм даа.
Аймгийн “Арслан” цолоороо аархаж, үс зүсний сайханд задарч явахад минь гоо бүсгүйчүүд олон байсансан. Нүүр дүүрэн сэвхтэй, шодон гэзэгтэй, жижигхэн биетэй шаазгай шиг бүсгүй амьдралыг минь гийгүүлэх чинээ санасангүй явж дээ, би. Өмнөөс ирж яваа найз минь зам буруулан зугтаж, өрөвдөл зэмлэл, үзэн ядсан харцанд ээрэгдэж явсан цаг. Хаалгаа тайлж өгөх айл амьтан ховордсоор л…
Сэтгэлийн тэнхээгүй амьтан бол доо би. Бөх хүний ёс жудаг, нэр хүндийг уландаа гишигсэндээ гэмшин, зүрх сэтгэл минь үйрэх шиг болдог байж билээ. Архины бөглөө мултах шалтаг шатгаан энэ болдог байсан байж магад. Сэтгэл толгой хоёроо татах тэнхэлгүй явахад эхнэр маань...