1980-аад оны дундуур Хөвсгөл аймагт болсон явдал юм. Тэр үед Хөвсгөлийн Цагаан-Уул суманд Баатар гэдэг, нутаг усандаа төдийгүй хойд чигтээ алдартай бөө байжээ. Олон удам дамжсан бөө гэнэ билээ. Эцэг, өвгөд нь их хэлмэгдүүлэлтийн бэрх цагийн аясыг даагаагүй ажээ. Ялангуяа аав Даржаа нь тэр цагт хэлмэгдэн баригдаж явахдаа өөрийгөө тарнийн аргаар егүүтгэсэн гэдэг.
Болсон явдал ийн байлаа. Даржаа бөө Цагаан-Уулдаа алдаршиж асан үе. Үе дамжсан зайран тул нутгийн төдийгүй зэргэлдээ аймаг, сумынханд ч чадах чинээгээр тусладаг байж. Нэгэн удаа Цагаан-Үүрээс хоёр хүн ирж залжээ. 19-тэй охин галзуурав гэсэн дуудлага байжээ. Даржаа гуай очвол, дөнгөж төрсөн охин савны халуунаас болоод солиорсон байв. Буриад айл байсан аж. Даржаа зайран үдшийн бүрийгээр буужээ. Өмсгөлөө өмсөн, хэнгэргээ дэлдэн, тамлагаа дуудан, цамнаж гарчээ. Түүдэг тойрон цамнаж байснаа суун тусаад шууд буриадаар загнаж гарчээ. Өөрөөр хэлбэл, буриад охины өвөөгийн сүнстэй холбогдсон байна. Хөрвүүлбэл, өвгөний сүнс ийн хэлжээ:
“Охин минь, чи даанч яав даа. Чи булга агнадаг биш зүүдэг хүн шүү дээ. Юугаа хийж амьтны амь таслаад байна аа. Чи жирэмсэн байхдаа буу үүрч, бор гөрөөс бууджээ. Жир гөрөөс биш байж. Хэцүү дээ, охин минь” хэмээжээ.
Ингээд Даржаа бөө харын аргаар аргалах болжээ. Охиныг нэгэн хар модонд хүлүүлээд түүдгийн цучлаар шавхуурдан цамнасан байна. Ингэхдээ амандаа байнга тайлга хэлж байсан нь мэдээж. Тэгэх бүртээ ёслол болж буй уулын орой руу үе үе харан, чих тавьж байсан гэдэг. Дом эмчилгээг удтал хийсний эцэст сая нэг юм уулын оройд гөрөөс буйлах дуу гурвантаа гарч, задран ухаан алдаж унажээ. Амнаас нь хөөс сахран хэсэг хэвтсэнээ босож ирээд нөгөө охиныг усаар ариусгажээ. Ус цацаад л тамлага хэлээд л… Тэгж тэгж засал сая нэг юм шөнөөр өндөрлөсөн байна. Маргааш бууг нь ариусгаад дахин барихыг хорьсон гэдэг. Дахин буу агсаж, ан хийгээд солиорвол би дийлэхгүй. Чамд ангийн дон шүглэсэн байж. Энэ удаа аргаллаа гээд тэднийд хоёр хоноход охин эдгэсэн байна.
Нөгөөдүүл нь Даржаа зайранг хүргэж өгчээ. Тэднийг харьж явтал маш ширүүн аадар оржээ. Ёстой л хувингаар цутгах мэт орж байсан юм байх. Даржаа хоёр нөхрийн хамт уяан дээрээ буугаад морьдоо уячихаад гэрт орж ирэхэд хүмүүс мэл гайхаж, цэл хөхөрчээ. Тэр гурвын хувцас хуурай байж. Хамт явсан хоёр нь ч ихэд гайхсанаа ийн ярьжээ:
“Биднийг нэлээд дөхөж явтал хүчтэй аадар орсон. Бид ч баларлаа гэж бодлоо. Гэтэл зайрантан өврөөсөө нэг ургамал гаргаж ирээд тарни юм уу тамлага уншиж үлээв. Орж эхэлсэн бороо ярагдаад явчихсан. Биднийг тойроод л шаагиад байлаа” хэмээжээ.
Үүнийг тэр үед 10 настай байсан хүү нь болох Баатар зайран сонсож, нүдээр үзсэн тухайгаа бурхан болохынхоо өмнөхөн буюу 2001 онд ярьсныг нутгийн хөвүүн багш Дэлгэрбат надад өгүүлсэн юм. Тэрбээр цааш нь ийн хуучлав:
Баатар зайран ийн надад ярьсан юм..............