Өгүүллэг 2026.03.28

Чамайг хүн шохоорхож байгаа дээр янаглаад амжихгүй бол...

negdeh

negdeh

Зохиогч

5 мин
Чамайг хүн шохоорхож байгаа дээр янаглаад амжихгүй бол...

Үүр хаяараа ч үгүй байхад Гүнз сэрэв. Үдэш хүүгээ унтуулчихаад, салхинд гарсан эхнэр нь шөнө дундаас хойш орж иржээ. Одоо жигдхэн амьсгалаад унтаж байна. Хацарт нь эрүүл цус гэрэлтэн туяарч байгаа даа хэмээн төсөөлөхдөө Гүнз залуу эхнэртээ хайр хүрч инээмсэглэв. Эхнэр нь хөнжлөө дэлгэн шургах зуураа амандаа ямар нэгэн дуу гүнгэнэн аялсан сан. Ямар дуу байв даа? Тэрүүхэн үед нь сайн тогтоож авсан ч, одоо бол мартжээ. Юутай ч тэр дууны үгийг өвгөн залуудаа буйд хөдөөгийн нэгэн тариачнаас олж сонсоод, цааснаа буулгаж тэмдэглэсэн билээ. Тэмдэглэсэн дууны тоо гурван зуу хол давсан тул чухам аль дууг эхнэр нь аялсаар гэртээ орж ирснийг санах амаргүй аж.

Гүнз насан өндөр болсон хойноо өөрөөсөө гурав дахин залуу, гурав дахин царайлаг, мэдээж гурав дахин тэнэг эхнэр авчээ. Мэдээж гэсний учир нь, ямар ч ухаалаг эм хүн тахианы хэрийн л уураг тархитай гэж үздэг Гүнзийн хувьд залуу эхнэр өөрөөс нь дор хаяж гурав дахин тэнэг л байсан байж таарна. Чалхтай өвгөн сайхан хүү хийж, залуу эхнэр гоц ухаантай хүү төрүүлсэн тэр гайхамшигт өдөр цагийн аясаар тэртээд хоцорч, өвгөний хувьд гэрээс гарах нь бүү хэл, хорин алхмын цаадтайх цэцэрлэгийн сэхээвч рүү очих ч хүчир хэцүү хэрэг болов. Харин тэрхүү сэхээвчинд өвгөнөөс, магадгүй, ес дахин мунхаг боловч хүч чадал, хүсэл тэмүүллээрээ ес дахин илүү идэрмэг эр үдшийн цагаар нуугдан суудаг болжээ.

Эхнэрийнхээ уулзаад буй хархүүг Гүнз сайн мэднэ. Тийм ч цэл залуухан эр биш. Яахав дээ, чихний үзүүрт бол "ганц бие эр хүн” гэдэг үг хэзээд дур булаам, магадгүй, эрэлхэг баатар гэх шиг сонсогддог байх л даа. Харин "хөгшин эрийн залуу эхнэр” гэдэг үг ямагт хялбархан олз мэт дуулдана. "Хялбар олз” өөр рүү нь харц унагасан "дур булаам баатарт” унаж гүйцэх нь аргагүй. Үнэн хэрэгтээ бол, инжний мөнгөгүй ядуу дорд нэгэн учраас л өдий хүртэл гоонь яваа гэдгийг нь олж харахын тулд эр хүн болж төрөх хэрэгтэй ч юм бил үү? Гүнз эхнэрээ өөрөөс нь ч илүү ойлгодог тул, хацар нь туяаран унтаж буйг төсөөлөхдөө ахин инээмсэглэлээ.

Ер нь хүмүүсийн мөн чанарыг нэвт шувт мэддэг байх ч дэмий зүйл юм даа.

Уг нь Гүнз авааль эхнэртэйгээ тавин нас хол давтлаа сэтгэл нийлж сайхан амьдарчээ. Гэвч эхнэр нь тавин тавтайдаа тэнгэрт одож. Нас барахынхаа өмнө энэ залуухан бүсгүйг гэрийн ажилд хамжилцуулахаар авчирсан бөгөөд яг үнэндээ бол эр нөхрөөсөө нууцаар эр нөхөртөө зориулан сүйлж, инж бэлгийг нь сэм төлөөд авчирсан хүүхэн байсан хэрэг. Ажилсаг, дуулгавартай, бага иддэг, бас цэвэрч бүсгүй талийгаач эхнэрт нь машид таашаагдсан юм. Хөгшин нь амьсгал хураахдаа дараагийн эхнэрийг нь бэлдсэнээ нөхөртөө дуулгаад, "Энэ бүсгүй бидний хүүг төрүүлэх ёстой шүү!” гэж хатуу сануулсан аж.

Тэнгэрийн санааг бид таах биш дээ.

Хөгшнөө нас барснаас хойш Гүнз чанд ёсыг даган, гурван жил гашуудав. Энэ гурван жилд бүсгүй журамтай, ажилсгаараа түүний сэтгэлийг татаж чадсан бөгөөд өвгөн өөрийгөө бараг залуугаараа байгааг гэнэт мэдрээд ахин аз жаргалтай болсноо одоо эргэн дурсаж хэвтэнэ. Талийгаачийнх нь насан туршаа мөрөөдөж байсан хүүг залуу эхнэр төрүүлж өгчээ. Гүнз удам залгах хүүгийнхээ нялх улаан царайг баясан ширтэхдээ тэнгэрт буй эхнэртээ илүү талархаж байсандаа одоо жаахан гэмшив. "Өөрт нь хангалттай талархаагүй учраас л шөнө болмогц сэхээвчний сүүдэрт нуугдан буй тэр харанхуй бүдүүлэг амьтан руу гүйх болсон юм биш байгаа?” Хэдий асар их ухаантай боловч...

Үргэлжлэлийг унших

Энэхүү нийтлэл нь төлбөртэй контент юм. Та 2,000₮ төлснөөр бүрэн эхээр нь унших боломжтой.

Хуваалцах
Бүх мэдээ