Сургуулиа төгсөөд амьдрал дээр гарахад бүх зүйл өөрчлөгдсөн. Би нэгэн компанид туслах нягтлангаар орж, өглөөнөөс үдэш хүртэл тоон дунд төөрч суухад Мөнхжаргал ажил хайх биш, компьютерын ард тоглоом тоглож өдрийг өнгөрөөх болов. Эхэндээ би түүнийг "амраг, удахгүй ажил олдох байлгүй" гэж өмөөрч байлаа. Гэтэл хэдэн сар өнгөрөхөд тэр ажил хайхаа бүрмөсөн больж, харин ч эсрэгээрээ миний олсон хэдэн төгрөгийг тоглоомын төлбөр, үнэтэй тамхинд үрж эхэлсэн юм.
Нэгэн баасан гарагийн орой найз охин маань над руу залгаж, "Сувдаа, би 'Минт' бааранд Мөнхжаргалыг нэг ахимаг насны хүүхэнтэй байгааг харлаа. Нөхцөл байдал биш байна шүү" гэж хэлэв. Миний дотор пал гээд л явчихлаа. Тэр шөнө би унтаж чадалгүй хүлээсэн ч тэр ирсэнгүй. Өглөө нь үүрийн таван цагт согтуу орж ирэхэд нь би утсыг нь нууцаар шалгаж амжив.
Тэнд бүх зүйл ил байлаа. "Сахар эгч" гэж хадгалсан нэгэн эмэгтэйтэй бичсэн чат... Тэр эмэгтэй нь бараг тавь дөхөж яваа, баян чинээлэг харагдах нэгэн аж. Мөнхжаргал түүн рүү "Хатан минь, өчигдөр гайхалтай байлаа. Данс руу мөнгө орчихсон байна, баярлалаа" гэж бичсэн байв. Тэр эмэгтэй нь хариуд нь "Миний жаалхүү хүссэн зүйлээ аваарай, орой уулзъя" хэмээн халуун дотноор хариулжээ.