Төмөр замын цагдаагийн хэлтсийн хүйтэн хонгилд Дэчингийн намтар зузаан хавтаст хэргээр дүр болон амилав. Тэрээр урьд нь гурван ч удаа ял эдэлж байсан, сэтгэцийн согогтой байж болзошгүй гэсэн тэмдэглэлтэй нэгэн байв. Шалгатын явцад түүний гэрээс Тунгалагийн нууцаар авсан зургууд, замын шороон дээрх гутлынх нь мөрний хэв, тэр байтугай охины унаж гээсэн ганц өрөөсөн ээмэг олдсон нь байцаагчдын ч нуруугаар хүйт оргиулжээ. Гэвч шүүх хурал болохоос ердөө долоо хоногийн өмнө Дэчин хорих ангийн эмнэлэгт уушгины цочмог дутагдлаар гэнэт амьсгал хураав.
Энэ мэдээ Тунгалагийн гэр бүлд амар амгаланг авчрах ёстой байлаа. Гэвч айдсын жинхэнэ хэлбэр одоо л эхлэх гэж буйг хэн ч таамагласангүй.
Охины сэтгэл зүй тогтворгүйжиж, шөнө бүр хар дарж зүүдлэх болов. Тэр зүүдэндээ үргэлж нэгэн өмхий үнэртэй, чийглэг подвальд гацаж, харанхуй булангаас Дэчингийн хурц, хүйтэн нүд өөр рүү нь ширтэхийг хардаг байв. Сэрэх бүрт өрөөнийх нь цонхны гадна хэн нэгэн зогсож байсан мэт сүүдэр татрах нь жихүүдэс төрүүлнэ.
Тэр өдөр Дэчингийн нас барснаас хойшх 49 дэх хоног байлаа. Монголчуудын заншлаар сүнс хүлээснээсээ алдуурч, төрлөө олох сүүлчийн шөнө. Наадмын дараах налгар үдэш байсан ч Тунгалагийн дотор нэг л түгшүүртэй. Тэрээр Түвшинтэй уулзахаар олны хөл холхон гудамжны үзүүрт очив.