Сургуулиасаа жилийн чөлөө авч, эр хүний ёсоор цэргийн алба хаахаар шийдэхэд минь Азаа минь уйлж билээ. Азаа... Тэр ердөө арван наймхан настай, дөнгөж л цэцэг шиг дэлгэрч яваа охин байсан юм. Хөвсгөр зөөлөн гартаа минийхийг атгачихаад, нулимсаа арай ядан барьж “Нэг жил юу байх билээ дээ, хайр нь хүлээнэ ээ. Чинийхээ хувцсыг угаагаад, гэрээ цэвэрлээд, чамайгаа ирэхэд нь гоё болоод хүлээж байна” гэж амлаж байсан тэр дүр зураг одоо ч нүдэнд харагддаг. Би түүнийхээ үгэнд эргэлзээгүй. Эргэлзэх шалтгаан ч байсангүй.
Харин Чингүүний хувьд бол тэр миний багын найз. Бид байрныхаа гадаа элсэн дээр тоглож, дугуйгаа дундаа унаж өссөн. "Асуудал гарвал найз руугаа залгаарай" гэж Азаад захиад, Чингүүнд хандан "Миний найз дүүг минь (тэр үед би Азааг тэгж л боддог байж) харж хандаж байгаарай" гэж хэлээд л ачаад явсан даа.
Цэргийн хатуу хөтүү, өглөөний гүйлт, марш тактик, даргын тушаал... Энэ бүхний дундуур намайг хөтөлж байсан цорын ганц зүйл бол халаасандаа нандигнаж явсан Азаагийн зураг, бас түүний ирүүлдэг цөөхөн хэдэн зурвас байлаа. Эхний гурван сар захидал ирдэг байв. Дараа нь тасарсан. "Шалгалттай байгаа байх", "Ажилтай байгаа байх" гэж би өөрийгөө тайвшруулна. Харин Чингүүнтэй ярихаар "Зүгээр ээ найз минь, бүх юм хэвийн. Чи албаа сайн хаа" гэдэг байв.
Тэгээд халагдах өдөр ирлээ. Гэнэтийн бэлэг барих гээд хэнд ч хэлэлгүй хүрч ирэв. Цэргийн ногоон хувцастайгаа, үүргэвчээ үүрээд, өөртөө итгэлтэйгээр орц руугаа алхлаа. Хамгийн түрүүнд Азаа дээрээ очмоор байсан ч, шууд гэрт нь очьё гэж шийдэв.
Хаалга тогшиход Азаа тайлсан юм. Гэхдээ миний төсөөлж байсан шиг баярлаж хашхираад хүзүүн дээр минь үсэрсэнгүй. Тэр хөшиж орхисон. Тэгээд зөнгөөрөө ч юм уу, гараараа гэдсээ дарав.