Бүх юмны багш гэхээр нэгэн лут мунаг нөхөр хүрэлцэн очсоныг хангайн нэгэн сумынхан хэрхэн мэдэх билээ. Энэхүү болсон явдал эрт дээрийнх биш тул бараг бүгд мэдэх учраас дээрх сум хийгээд баатрын нэрийг дурдах боломжгүй бөлгөө. Баатрыг Баагий хэмээн авгайлах нь дээр мэт санагдана. Тэрбээр хотын нэгэн хувийн дээд сургууль төгссөн хорь гарч яваа цоглог идэр эр билээ. Хотод ажил олдоогүй учраас элдвийг амалж багш урьсан хангайн нэгэн сумыг сонгожээ.
Очиход байр, хоол бэлэн, идэш төдийгүй амьжиргааны хэдэн мал хүртэл “зүсэлнэ”, тариа ногооны талбай хүртэл өгнө гэсэн тул дүүрсэн хэрэг гээд туучихаж. Харин хотын ганц зүйлд л хоргодож авай. Тэр бол ужид цэнгэлийн мананд төөрсөн нэгэн гэдгийг надаар хэлүүлэлтгүй болов уу. Хотын охид, хүүхнүүдэд л ялимгүй хоргодсон хэрэг л дээ.
Болзсон өдрөө сумын төвд хөл тавихад удирдлагууд нь ёстой л хөл алдан угтаж, хоёр өрөө дүнзэн байшинд оруулжээ. Хэл, уран зохиолын багш ухаантай юм болохоор ахлах ангид голдуу хичээл орох болсон байна. Хагас, бүтэн сайн таарсан тул сумын төвийн байдалтай танилцан дэлгүүр хоршоогоор нь оржээ. Санасныг бодоход хүн ам харьцангуй олонтой сум бололтой. Охид, бүсгүйчүүд нь ч улаан хацраа “гээсэн” хот маягийн харагдсан нь хаа очиж сонирхолтой санагдсан аж. Нэг хэсэгтээ сумын төвийн ганц гуанзанд хооллож байхаар шийдэв.
Явуулын хүний хөл тасардаггүй учраас нэгэн гуанз, бас цөөн ортой зочид буудал ч ажилладаг юм байна. Өмнө нь хөдөө гадаа бараг явж байгаагүй болохоор эхэндээ уйтгартай ч юм шиг, сонирхолтой ч юм шиг хачин орчин тоссон нь гарцаагүй. Эхний сард хичээлээ заагаад овоо хүн шиг амьтан явсан байна. Хотын хүн тэгээд ч ганц бие болохоор ойр хавийн айлууд оройн хоол идэхийг урин гэр орноороо оруулан зах зухын хүн амьтантай ч танилцаж амжсан байна. Энэ ч яах вэ, байдаг л асуудал.