“49 дэх шөнийн сунс” Дэндэвийн охин Тунгалаг 10-р ангид орох жилээ бие хаа нь өсгөлүүн болж, эм хүний үзэсгэлэн бүрдэж буйг хэн хүнгүй л анзаарч байлаа. Түүнийг үеийнх нь хөвгүүд эргүүлдэхээс гадна эхнэр, хүүхэдтэй эрчүүд хүртэл хоргоох нь хэвийн үзэгдэл болжээ. Гагцхүү энэ бүхнээс охины зөв хүмүүжил, чамбай зан л аварч байв.
Тэрээр 10-р анги төгсөх жилээ зэргэлдээх ангийнхаа Түвшин гэдэг хүүтэй ойртон дотноссоор хайр сэтгэлтэй болж, үерхэх болсон юм. Энэ үед гэнэтхэн Дэчин гэдэг өвөрмөц нэртэй, тавь орчим насны хүйтэн царайтай эр гарч иржээ. Дэчин охиныг анх харсан даруйдаа сэтгэл алдран, араас нь сэмхэн дагасаар гэр орныг нь мэдэж авсныг Тунгалаг огтхон ч мэдсэнгүй.
Хэд хоногийн дараа хэн нэгэн хойноос нь сэмхэн дагаад байгааг гадарласан Тунгалаг гэртээ хар хурдаараа гүйж оржээ. Ингээд энэ тухай аав, ах нартаа хэлэхэд тэд гарч харсан бололтой. Гэтэл хашааны үүднээс нэгэн өвгөрхүү эр яаран сандран зугтаж байгааг хараад араас нь очжээ.
Үрчгэр хар царайтай өнөөх эр:
— Та нар яах гээд байна аа? гэхэд нь,
— Чи жаахан хүүхэд айлгаад байхдаа яадаг юм бэ? гэжээ.
Гэтэл мөнөөх эр нэг муухай харснаа:
— Айлгаагүй, гэж хэлээд санд мэнд зугтаан одсон байна.
Үүнээс хойш ч тэр охиныг салгалгүй дагах болжээ. Энэ бүхнээс болж Тунгалаг сэтгэл санааны дарамтад орж, элсэлтийн шалгалтандаа ч олигтойхон бэлдэж чадсангүй. Ингээд сургууль, соёлгүй хоцорчээ.
Наадмын өмнөхөн Тунгалаг үерхдэг хөвгүүн Түвшинтэйгээ явж байхад Дэчин тэднийг харчихаад сэмхэн дагасныг хэн ч анзаарсангүй. Түвшин охиныг гэрт нь оруулж өгөөд эргэтэл нь нэгэн эр барьж аваад учир зүггүй нүдэж эхэлжээ. Гутлынхаа түрийвчнээс хутга сугалан дайрах үед нь азаар хүмүүс тааралдсанаар амь нь аврагдаж, гэмт этгээдийг Сэргийлэхэд хүргэгдсэн байна.
Сэргийлэхэд очсоны дараа Дэчин хэмээгчийн түүх, намтар тодорхой болсон аж.