Altanzul 2026.01.31

Цаг нь болоогүй үхэл

altanzul

altanzul

Зохиогч

5 мин
Цаг нь болоогүй үхэл

Цаг нь болоогүй үхэл

Энэ хорвоод итгэж боломгүй зүйлс тохиолдохыг алийг тэр гэхэв. Тэгвэл хэзээ мэдэхгүй үхэх гэж байсан нэгэн эр сүнстэй учирснаараа илаарь болж, хөл дээрээ зогссон сонин явдал байдаг аж. Ийм гайхалтай зүйлийг элдэв олон зүйл нуршилгүйгээр уншигч танаа толилуулъя.

1991 оны эхээр монголчуудын дийлэнх нь ганзагын наймаанд мордон, ёстой л хөлтэй нь хөлхөж, хөлгүй нь мөлхөж байсан цаг. Энэ үед Батжаргал гэгч эр ажлаасаа гарч, наймаа хийхээр шийджээ. Ингээд банкнаас сая төгрөгийн зээл аван урагшаа, хойшоо явж эхлэв. Тэр үед ганзагын наймаа эрхлэхэд хэд дахин нугарсан ашиг олдог байсан болохоор элбэг хангалуун амьдралтай болжээ.

Ингээд Дэнжийн 1000-аас байранд орохоор шийдэв. Тухайн үедээ байр төрийн мэдэлд байсан болохоор нэг нэгэндээ зарж борлуулах нь хориотой байлаа. Аз болоход хотын захиргаанд ажиллаж байсан нэгэн эрээс хорооллын гурван өрөө байрыг нь худалдаж авахаар болов. Байр зарж буй хүн нь орон сууцных нь ордерыг серийн гараар янзалж өгнө хэмээн амлажээ. Ингээд мань эр байртай болон, эхнэр нь ч магнайгаа хагартал баярлажээ.

Байранд орох үед ганц хүү нь дөнгөж хоёр настай байв. Эхнэр, хүүхдээ дулаан байр оронтой болгосон Батжаргал ардаа санаа зовох зүйлгүйгээр наймаандаа явах болов.

1993 оны өвөл тэр урдаас дарсан бараагаа хойно аваачин зарахаар уламжлал ёсоороо вагонд суужээ. Тэрбээр Москва гарах замын өртөөнүүдээр купеныхаа цонхоор наймаалцчихна.

Тэр явалтаар нь хадам ах нь маш үнэтэй турк савхи өгч, зарж өгөхийг гуйж явуулсан юмсанж. Түүнийг нэгэн залууд үзүүлж байтал “Өмсөөд үзье” хэмээн гуйх нь тэр. Мань эр дургүйцсэн авч, цаадхи нь угз татан аваад цаашаагаа маш аажуухан гэгч нь алхжээ. Энэ үед вагон яг хөдлөх байлаа. Батжаргал ч хүний үнэтэй, цайтай эд алдсандаа харуусч, бас чиг хүн дээрэлхүүлсэндээ эгдүүцсэнээ барьж дийлэлгүй цонхоор үсрэн буужээ.

Түүнийг мөнөөх оросын хойноос гүйж хүрэхэд цэнхэр өнгийн “Лада” машиндаа суух гэж байсан орос залуу найзууддаа курткыг шидэн өгчихөөд том труба барьж дайрчээ. Орос эрийн далайсан цохилт нуруунд нь буухад ухаан алдсан байдаг. Хичнээн ч зодуулсан юм бүү мэд. Ямартаа ч цуг нэг купенд явсан хүмүүс нь проводникт хэлж вагоныг зогсоосон байдаг. Вагоноос хүмүүс буухыг харсан дээрэмчид ухаангүй хэвтээ Батжаргалыг орхичихоод зугтаж оджээ. Ингээд тэндээ эмнэлэгт хэвтэн ухаан оржээ.

Харамсалтай нь тархи, нугасандаа хүнд гэмтэл авснаар хөл дээрээ босох найдваргүй болжээ. Цуг нэг купенд явсан нөхөр нь Москвад барааг нь зарснаар түүнийг вагоноор Монголд авч ирэв. Энд ирээд хичнээн эмчилгээ хийлгэсэн ч хөл дээрээ босох найдваргүйгээр ул барам бүсэлхийнээс доошоо мэдээ алдран, шээж баахаа ч мэдрэхээ больжээ. Ийнхүү Батжаргал хүний гарт оржээ.

Эхнэр нь өглөө босоод л шөнө дөл болтол түүнийг бөөцийлнө. Ийм маягаар хагас жил өнгөрөхөд тахир дутуу болсондоо гутран, муухай аашлах Батжаргалын ааш авирыг эхнэр нь дийлэхээ больсон уу, аль эсвэл ийм хүнтэй яаж насыг барахав гэж бодсон уу, хайхрахаа больжээ. Ийм маягаар нэгэн жил өнгөрөхөд эхнэр нь залуу хүн болохоороо үе үе алга болох болжээ.

Ингээд нэгэн өдөр Батжаргал эхнэртээ:
— Чи намайг зөвөөр ойлгоорой. Чи хүү, амьдралаа бод. Би яахав, хаашдаа өнгөрсөн хүн, — гэх зэргээр ухуулан сэнхрүүлсээр салахаар болжээ. Эхнэр нь түүний үгэнд орж, байр саваа ч авсангүй. Харин хүүдээ хэрэг болно хэмээн багагүй мөнгө аваад төрхөмдөө буцжээ.

Ах, дүү, төрөл төрөгсөд нь түүнтэй хамт амьдрахыг хүссэн ч Батжаргал зөвшөөрсөнгүй. Зөвхөн өглөө, оройд ирж хоол унд хийж, бас хөтөвчтэй өтгөн шингэнийг нь асгаж байхыг л зөвшөөрчээ.

Харин тэрбээр таньдаг найз нөхдөдөө дуудуулан архидаж цаг нөхцөөх болов. Нэгэн шөнө ам нь маш их цангаж сэржээ. Найзууд нь явахдаа цонх, хаалгыг нь хаалгүй орхисон бололтой, хөшиг нь хийснэ. Гэнэтхэн өрөөнд хэн нэгэн байгаа юм шиг санагдаж бие нь зарсхийхэд тэр:
— Хэн бэ? — гэж хоолойгоо сааруулдан байж асуув.

Хэн ч дуугарсангүй. Харин нөгөө өрөөнд хэн нэгэн яваад байгаа нь зөн совинд нь мэдрэгдэж байлаа. Тэгснээ өрөөнийх нь хаалга сэвхийн онгойход тэр сэтгэл түгшиж харлаа. Тас харанхуй дундаас нэгэн цагаан хувцастай эмэгтэй тодрон харагдахад мань эр зүрх нь зогсчих шахжээ.

Тэр өөрийгөө архины цагаан солио тусчихаж гэж бодоод нүдээ тас аньсан авч мөнөөх цагаан даашинзтай эмэгтэй үзэгдсээр буй нь гайхалтай. Тэр маш их зориг гарган, чичирхийлсэн хоолойгоор:
— Чи хэн бэ? Дуугараач? — гэж хэллээ.

Харамсалтай нь сайхь эмэгтэй ганц ч үг унагаалгүйгээр хаалганы цаана зогсох аж. Тэрбээр сүүлдээ тэвчээрээ барьж эс дийлэн орилж, хашгирч, зүхэж эхлэхэд мөнөөх хүний дүрс алга болжээ.

Тэр өдөржин мөнөөх хүүхний дүрс чухам ямар учиртайг мэдэх гэж хорхойссон тул архи, дарс уулгүй өнжжээ. Шөнө дөл болох үед Батжаргалын зүрх түг түг цохилж байлаа. Тэр яагаад ч юм шөнийн гийчин буцаж ирнэ гэж баттай итгэж байв.

Үнэхээр ч хэлсэн ёсоор нь боллоо. Тэр шөнө тэнгэрт бүртийх ч үүлгүй байсан учраас саран авхай бараг л өдөр мэт гийгүүлж байв. Энэ үед цаад өрөөнөөс хаалга сэвхийн онгойх чимээ гарах нь ванны өрөөнийх бололтой. Хачирхалтай нь хөлийн чимээ гарахгүй нь бүр ч хачин. Түүний өрөөний хаалга хачин муухай чихран онгойход цаанаас нь мөнөөх цагаан даашинзтай эмэгтэй хөнгөн хөнгөн алхан ирж яваа нь харагдлаа.

Үргэлжлэлийг унших

Энэхүү нийтлэл нь төлбөртэй контент юм. Та 2,500₮ төлснөөр бүрэн эхээр нь унших боломжтой.

Хуваалцах
Бүх мэдээ