Насанд хүрэгчдийн агуулга

Энэхүү нийтлэл нь 18+ насанд хүрэгчдэд зориулсан агуулга агуулж байна.

Та 18-аас дээш насны хүн мөн үү?

Өгүүллэг 2025.12.16

Хар нялхаас нь эрчүүдийн нүдний хор орж ханийн тэнгэр нь хазайсан...

negdeh

negdeh

Зохиогч

5 мин
Хар нялхаас нь эрчүүдийн нүдний хор орж ханийн тэнгэр нь хазайсан...

Сэрүүлэг жингэнэж босох цаг болсоныг сануулна. Ойрын өдрүүдэд амраагүй болохоор сэрүүлгээ унтраахаа мартчихжээ. Хэзээний л сурсан зангаараа сэрүүлгээ хойшлуулчихаад эргэж хөрвөөгөөд тухтайхан байрлал олчихоод дуг хийх ч бас жаргал шүү. Гэтэл энэ удаа нэг л сэрвэлзээд буцаад унтаж чадсангүй. Эргэн тойрноо ажиглавал цонхны тавцан дээрх нил цэцэг л нам гүм дунд хэн нэгний харцыг санагдуулан намайг ширтэх шиг торойно. ”Ухаараач гэх шиг намайг ширтэнэ ээ” гэх дууны үг сэтгэлд эгшиглээд гуниг намайг эзэмдлээ. Ер нь амьдралд бүх зүйлсийг тэгш хэмд авч явна гэдэг их ухаан бололтой. Үеийнхэн хоёр, гурван хүүхэдтэй, том нь сургууль соёл гээд амьдрал бужигнаж байхад би гэдэг хүн байдгынхаа баруун хаяанд бантангийн гурил багсарч сураагүй л сууж байдаг. Оюутны ширээнээс хоёр найзтайгаа хамт xvчирхийлэлд өртсөн хүүхэд эмэгтэйчүүдэд нийгэм, сэтгэлзүйн туслалцаа үзүүлэх, чадавхижуулах зорилгоор нэгэн төрийн бус байгууллага байгуулсан юм. Тэр үед гэр бүлийн xvчирхийлэл гэдэг цоожтой хаалгыг хэмх өшиглөөд гараад ирнэ дээ гэх хорин нэгхэн насны хонгорхон хүслээр энэ ажлыг эхлүүлж байж. Хөрөнгө мөнгө маруухан учраас бүгдийг өөсрсдийн хүчээр босгосон. Одоо ч гандан буураагүй зүтгэж л явна. Цэвэрлэгч, үйлчлэгч, хамгаалагч, асрагч, тогооч, нярав, нягтлан гээд түмэн дүрд хувирна. Үйлчлүүлэгчдийнхээ аюулгүй байдлын үүднээс ажил мэргэжилээ нууцлана. Хүмүүс намайг их зантай, хүнтэй таардаггүй л гэдэг. Гэхдээ хэн ч намайг энд бүтэн гэр бүлийн төлөө, аз жаргалтай үрсийн төлөө залуу насаа золиослож явааг мэдэхгүй. Тав, зургаан жил ажиллахдаа чамгүй олон гунигт харцанд итгэлийн оч түгээжээ. Эрхгүй баяр төрмөөр мэдрэмж шүү. Гэхдээ мэргэжилтнийхээ хувьд төв царайлаад суудаг ч бүсгүй хүнийхээ хувьд зүрх сэтгэлдээ цурхиртал уйлах үе зөндөө байдаг юм даа. Саяхан манайд шинэ үйлчлүүлэгч ирсэн юм. Нэг тийм сайхан эмэгтэй. Шингэвтэр шаргал царайтай, давхраагүй нимгэн зовхитой, дөлгөөхөн харцтай сайхан нүдтэй, өдий насны эмэгтэй гэхэд бие хаа тэгшхэн. Гэвч түүний амьдралд бүдэрч, эрийн гарт нухлуулсныг илтгэх зүйлс илхэн аж. Гялалзсан урт хар гэзэг нь сайхан ч гэлээ шингэхэн юм. Хуйхыг нь ажвал энд тэндээсээ алаг цоог халцарсан. Түүнийгээ нуух гээд үсээ нилээн хажуугаас нь хагалж эгц хойш нь биш халцархайгаа даруулан самнаад тэр хэсэгтээ жижиг үсний хавчаар зүүж. Бас түүний гар… Хэрвээ газар унагаасан юм авахаар тонгойх агшинд анх гарыг нь харсан бол эр хүнийх гэж андуурмаар эвдэрч моонийсон, энд тэндээ мэсний болон түлэнхийн сорвитой хуурайшиж хатуурсан тийм нэг бахим гар. За энэ гар ч дүүрч өшөө цаана нь ямар сорви байгаа бол гэж бодоход зүрх зүсэгдэх шиг. Угаасаа xvчирхийлэгчид хүний нүдэнд үзэгдэхээргүй газар л цохиж, бэртээдэг юм. Харц нь гунигтай ч ихэмсэг тэр эмэгтэй сонирхлыг минь татсаар байсан тул өчигдөр орой түүнтэй дотночлон ярилцсан юм. Нилээд удаан ярилцасны эцэст тэрээр ийнхүү ярив. Би үр хүүхдээ элэг бүтэн өсгөе гэж бодож л өдий хүрсэн, гэвч элэг бүтэн нэртэй харанхуй нүхэнд л өсгөж дээ одоо бодоход. Дан ганц намайг зовоодог бол бас яахав томыгоо л гэхэд эхийгээ өмөөрлөө, багыгаа болохоор “хоноцын шээc” гэж харааж зүхнэ. Хаа таарсан юмаар шиднэ, зoдно. Эх хүн чинь үр хүүхдээ зoдуулахыг харсанаас өөрөө өмнүүр нь ороод хэмх өшиглүүлмээр санагддаг юм шүү дээ. Уг нь би ийм ч хүн байгаагүй юм аа. Цагтаа цалгиж явсан бүсгүй үр. Намайг 16 хүрсэн жилээс л аавынд минь хадаг, сүй тавихаар ирсэн гийчдийн хөл тасардаггүй байлаа. Нутаг усныхан хэний гэрийн өрхийг татах юм бол гэж шуугидаг байлаа. Би харин өнгөтэй өөдтэй явъя гэж муйхарлахдаа насны хар ангал руу гүйгээд орчихсоноо хэдхэн жилийн дараа ухаарч билээ. Хүмүүс намайг хар нялхаасаа нүдний хор орчихсон болохоор ханийн тэнгэр нь хазайчихсан гэж ярьдаг юм. Би гэхдээ ханийн тэнгэрээ хайзалгачихсан гэж боддог доо. Хорин хоёр хүрдэг жилээ би айлын бэр болсон юм. Тухайн үед хурганы бэлчээрээс ижилдсэн зүрхээ өнчрүүлээд, хоног тоолж хүлээсэн хүслээ хуураад, хуарангийн зүг чилээсэн харцаа буруулаад хүний гэргий болж байлаа. Тэр минь дараа намар нь халамцуухан манайд ирсэн юм. Манай хүн бас л хэд хоногоор алга болчихсон, түлээ мод муутай гал алдах дөхсөн, нялх биетэй хоол унд холдоод бие тэнхээрхүү байлаа. Хаалгаар ороод ирэхэд нь эгцлээд харж чадахгүй дальдчиж байсан ч, эрхгүй тайтгармаар дулаахан мэдрэмж төрж билээ. Муугаа үзүүлэхгүй юм сан гэж өрөөсөн гараараа үсээ янзлачихаад цай аягалж өглөө.Хар цагаан дуугүй цайгаа оочилчихоод л гараад явав. Үг ч хэлж чадалгүй ширтсээр л хоцорсон доо. Удалгүй хонь, ямаа майлалдах сонсогдоно. Тэгсэнээ баруун хойно түлээ хагалах чимээ гарлаа. Хэсэг байзнаснаа гэрийн бүс чангалав бололтой. Эцэст нь өрх тэгшлээд дараа нь үүд онгойлоо. Хормой дүүрэн түлээ галын дэргэд асгачихлаа. Бас л юу ч дуугарахгүй хэвээр. Зууханд гал нэмчихээд намайг ажиглан зогсов. Суугаач гэж арай хийн хэлтэл над руу ойртож зулгаалгасандаа хуйх нь өвчин орсон үсийг минь итгэлгүйхэн нэг илбэчихээд “Явалгүй горьгүй ижий ганцаараа хэцүүднэ” гээд илүү үг хэлэлгүй гараад явчихсан. Хаалга хаагдахтай зэрэгцээд нулимас урсчихав...

Үргэлжлэлийг унших

Энэхүү нийтлэл нь төлбөртэй контент юм. Та 2,000₮ төлснөөр бүрэн эхээр нь унших боломжтой.

Хуваалцах
Бүх мэдээ