Арван найман настайдаа дэр нэгтгэсэн Төмөрийн гэр бүл өдий олон жил болоход тов хийсэн амьдралтай, сайхан гэр бүл болжээ. Тэднийх ам бүл тавуулаа. Том охин Хорлоо одоо хорин нэг хүрсэн бөгөөд тус нутагтаа л байхгүй сайхан бүсгүйчүүдийн нэг. Хоёр хүү Чинбаяр, Чинхүсэл нь ихэр агаад 17 настай залуучууд.
Өнөө өглөө Төмөр эртлэн босоод морьдоо барин худаг дээрээ ирж услах зуураа:
“Манай энэ хавь угаасаа чоно, нохой гээд байх юмгүй дээ. Ойрноос харин шөнө улилдаад амар заяа үзүүлэхгүй нь хаанаас ирсэн юм бол доо. Одоо байвал ч энэ зүүн ууланд л байгаа байх, тэрнээс биш өөр байгаад байх газаргүй. Өнөөдөр тийшээ нэг явдаг хэргээ хоёр хүүгээ ч аваад явъя. Анд явахад эр хүний хийморь сэргэдэг гэдэгсэн дээ” хэмээн дотроо бодсоор морьдоо усалж дуусаад гэрийн зүг алхууллаа.
Тэрээр гэрт орон хоёр хүүгээ дуудан босгоод, гэрийн баруун талын хананд өлгөөтэй винтов буугаа аван эхнэртээ хандан:
— Бид гурав зүүн уулаар нэг яваад ирье. Ойрноос шөнө орой боохой улиад тайван байлгахаа болих шинжтэй. Охин та хоёр минь ямаа малаа саажих нь биз. Ямар холбуулаад сүйд болох биш. Бид хэд ирэнгүүтээ адуу, үхрээ харчихна. Өнөөдөртөө гүүгээ өнжий. Хоёр хүүгээ анд дагуулж явж хийморийг нь сэргээнэ ээ, — хэмээв.
Эхнэр нь ч дуртай нь аргагүй,
— Тэгээч. Хөгшөөн, муу хоёр хүү минь ханхайгаад сайхан эрчүүд болж. Саяхан үймүүлээд явж байснаа бодвол одоо ч бараг эхнэр авах болцгоосон доо, — гээд тэдэнд идэж уух жаахан ааруул, идээ, борц бэлдэж өглөө.
Тэд ч мориндоо мордон золбоотой нь аргагүй дуу аялан зүүн уулын зүг хурдлан давхицгаалаа. Тэр гурав явсаар бор өндөрт өгсөн гараад дуран тавьцгаав. Тээр доор талын тэртээ мөөг шиг харагдах хэдэн гэр дүнхийнэ. Төмөр нэг зүйлийг их л нухацтай, аргагүй дурандах бөгөөд гэрээс нь холгүйхэн бор гэр барьсан харагдана. Гайхсан Төмөр:
“Өчигдөр л хонь хураахад байгаагүй, шөнө дөлөөр нүүж ирээд буучихдаг айл гэж бас байх аа” хэмээн дотроо бодон суулаа.
Хоёр хүү рүүгээ харвал ийш тийш дуран тавин өнөө бор гэрийг хараагүй шинжтэй байх нь тэр. Төмөр дотроо элдвийг бодсоор мориндоо мордон хоёр хүүгээ дагуулан бор өндөрийг уруудан Сүнтэй хайрханы чигт явлаа.
Гэнэт Чинбаяр:
— Ааваа, тэр! — хэмээн хуруугаараа чичлэн Сүнтэй хайрханы өөд мацах чоныг заахад Төмөр ч шалавхан гэгч нь буугаа мөрнөөсөө авч буудтал тэртээ алсад явах чоно лүп хийтэл унах нь сонсогдоно. Гурвуул давхиулсаар очтол томоо гэгчийн азарган чоно буудуулжээ. Өнөө гурав ч баясан ангийн хишгээ мориндоо ганзагалаад гэрийн зүг буцлаа.
Гэртээ цай дарвилан буцна. Золзаяа цайны ууранд цай хийж, түг түг хийтэл нүдэн сууна. Гаднаас Хорлоо охин орж ирээд:
— Ээжээ, манай зүүн дор нэг айл нүүж иржээ.
— Юун айл байдаг билээ, тэр чинь? Өдөр намайг хонь услахад ямар ч айл байгаагүй шүү дээ.
— Тэгвэл саяхан нүүж ирсэн байхаа, ээжээ. Гадна нь хонь мал битгий хэл морь ч алга байна лээ.
— Тийм л юм байлгүй дээ. Алив, охин минь, цай чинь болж байна. Цайгаа уугаад идээ аваад яв. Нүүдлийн улс ядраа биз, очоод цай идээ амсуул, — хэмээн монгол ёсыг даган хэллээ.
Хорлоо ч цайгаа уугаад ээжийнхээ бэлдсэн цай, идээг барьсаар өнөөх айл руу алхлаа. Гадаа нь очвол нохой байсангүй тул Хорлоо шуудхан л яваад орлоо. Гэр дотор бүх юм нь ундуй сундуй, гэрийн эзэн бололтой хижээл насны хүн тамхи нэрэн сууна.
Хорлоо ч амар мэндийг мэдэн:
— Та бүхэн саадгүй сайн явж байна уу? Хаанаас хаа хүрч явна даа. Ээж минь цай хоол хийсэн, та зоогло. Холын аяны хүн ядраа байлгүй, — хэмээн их л эелдэг байрын хэллээ.
Өнөөх эрч нэг л дуугарч ядан,
— Гялаалай, — хэмээн сулхан дуугарав.
Гаднаас хувцас нь урагдсан байрын нэгэн хүүхэн орж ирээд өнөөх тарааж хаясан юмсыг ийш тийш авч шидлэн, Хорлоо руу нэг муухай харснаа эргээд гараад явчихав гэнэ. Хорлоо ч ихэд шижиглэн:
— За, би ингээд явъя даа, — хэмээн хэлээд гэрээс гарав.
Гараад харвал гадаа хэдийн бүрий болжээ. Хорлоо ийш тийш харан өнөөх хүүхнийг хайвал байсангүй. Тэр бушуухан харихаар шийдэж, түргэн түргэн гэгч нь гэрийн зүг алхлаа. Хорлоо ийнхүү алхаж байтал ардхан талаас нь аав болон ихэр дүү нар нь ирж яваа харагдана.
Хорлоо ч баярлан “ашгүй дээ” хэмээн дуу алдан аав, дүү нараа хүлээн зогсов. Гэтэл аав, дүү нар нь Хорлоог авах нь бүү хэл хажуугаар нь дайрчих шахаад өнгөрлөө. Хорлоо ч араас нь хашгирсан боловч хэн ч сонссонгүй. Гайхсан бүсгүй өнөө гурвыг харан хэсэг зогслоо. Тэрээр дотроо “Хачин юм даа, намайг харалгүй өнгөрлөө гэхэд тэгж чанга дуудаж байхад сонсмоорсон” хэмээн өөрөө өөртөө ярин, үргэлжлүүлэн алхлаа.
Энэ удаа тэр айсангүй ээ. Багаасаа мал дагаж өссөн болохоор Хорлоод шөнө явах нь тийм ч айгаад байх зүйл биш аж. Салхи зөөлнөөр үлээн, шөнийн тэнгэрт одод түгжээ. Хорлоо ч алхсаар гэртээ ойртон ирэхэд тэдний хоточ банхар нь Хорлоог тосон ирж, сүүлээ шарвалзуулан эрхлэнэ.
Хорлоо:
— Сайн нохой шүү, банхар минь. Манайхыг чи л хамгийн сайн манах амьтан юм даа, — хэмээн нохойгоо эрхлүүлнэ.
Гэвч банхар эрхлэхээ болин Хорлоогийн ирсэн зүг рүү архиран хуцаж, эргэж боргон түүнийг зугт гэсэн аятай бөгсөөрөө цааш түлхлээ. Хорлоо банхарын хуцах зүг тийш хараагаа чиглүүлбэл түүнээс холгүйхэн ямар нэгэн зүйл байгаа нь илт байлаа. Тэрээр сайн харвал салхинд ганхах дэрсний араас хэн нэгний улаанаар эргэлдэх нүд хорсолтой нь аргагүй түүн рүү ширтэнэ.
Айж сандарсан бүсгүй гэрийн зүг хурдлан гүйлээ. Амьсгаадсаар гэрт орон, гэрийн хаалгаа тас хийтэл хаавал аав, дүү нар нь аль хэдийн гэртээ иржээ. Тэрээр айсандаа цонхийсон царайтай байгааг нь Төмөр хараад:
— Гүй ээ, чи чинь зүгээр үү? Юундаа ингэтлээ амьсгаадав? — хэмээн асуулаа.
Гэр доторх хүмүүс бүгд л түүнийг цоо ширтэцгээнэ. Хорлоо шүлсээ гүд хийтэл залгин:
— Сая харин банхар архираад, хуцаад байхаар нь эргээд хартал миний ард яалт ч үгүй нэг юм байсан. Юу гэдгийг нь сайн хараагүй. Ядахад та нар намайг хаяад яваад байхдаа яадаг юм, хүний хажуугаар дайрчих шахаад л гарсан юм байж. Дуудаад байхад хүртэл эргэж хараагүй, — хэмээн нэлээд уцаартай хэлэв.
Энэ бүхнийг сонссон Чинбаяр:
— Та чинь одоо хий юм хардаг болоо юу доо. Бид гуравтай юу ч таараагүй. Таныг таарсан бол аваад л ирэх байсан, — хэмээн хариу барив.
Энэ бүхнийг сонсон суусан Золзаяа:
— Охин минь, нүүдлийн айлдаа очив уу? Ямаршуухан улс, хаанаас хаа хүрч явна гэж байна? — гэв.
— Аан, намайг ороод очиход нэг ах сууж байсан. Дуу цөөнтэй юм байна лээ. Нээх юм яриагүй ээ. Бас нэг хүүхэн байсан, — гэхэд Золзаяа:
— Зөв, зөв. Маргааш очоод цай, хоолны саваа авна биз, — гээд галдаа хэдэн аргал хийж, сүүгээ хөөрүүллээ.
Бусад нь ч өдрийн ангийн сонин сайхнаа ярин, хоорондоо буу халан суулаа. Хэн ч Хорлоогийн юу харсан, бас өнөөх бор гэрийг ахин сөхөж ярьсангүй ээ. Бүгд унтацгаахаар болж, ор дэрээ засан толгой тавингуутaa л хурхирцгаана.
Хорлоод харин Чинбаярын “хий юм хардаг болоо юу доо” гэсэн үг нэг л эвгүй санагдана.
— Гүй ээ, нээрээ арай хий юм харсан биш байгаадаа. Яалт ч үгүй л манай гурав мөн байсан даа. Тийм ойрхон гарч байхад би битгий хэл жаахан хүүхэд байсан ч андуурч харахгүй. Бас банхарыг хуцахад яалт ч үгүй ямар нэгэн зүйл байсан, — хэмээн дотроо бодон унтаж чадахгүй, хий дэмий л хөрвөөнө.
Тэрээр нэг л мэдэхэд нойрондоо дийлдэн нам унтжээ. Гадуур адуу тургилан, холгүйхэн хэвтүүлсэн хонь хааяа нэг майлалдан, гэрийн хаяан дахь банхар холыг ширтэн ганц нэг “хөв, хөв” хэмээн хуцна. Гэр доторх хүмүүс бүгд л амтат зүүдэндээ умбан эргэж хөрвөөн, тэднийг юу хүлээж буйг эс мэдэн амгалан нойрсоно.
Өглөө болжээ. Хоорондоо дэггүйхэн хөөцөлдөн наадах болжмор жив жив жиргэнэ. Өглөөний шаргал нарны туяа өвсний толгойд хурсан шүүдрийн усыг гялтагануулан харуулах нь аяндаа Монголын талд сувдан чимэг мэт харагдана. Гэвч энэ үзэгдэл удаан үргэлжлэхгүй нь тодорхой. Үдийн нар шарахаас өмнө Төмрийнх хамаг л ажлаа амжуулахыг хичээнэ.
Чинзориг морьдоо барин ирээд:
— Өнөөдөр хонио хужирлуулна аа, — хэмээн Төмөрт хэлэхэд тэр ч дуртайяа зөвшөөрлөө.
Хүүхнүүд саалийн ажлаа хийцгээнэ. Гэвч Хорлоогийн дотор яагаад ч юм өчигдрийн болсон явдал бодогдон, санааг нь тайван байлгасангүй ээ. Тэр өнөөдөр нэг л сульбагар буйг эх нь анзаарчээ.
— Миний охин, чи ингэхэд зүгээр үү? Ажаад байхад нэг л биш харагдаад байх юм. Бие нь өвдсөн бол ижийдээ хэлээрэй, — гэхэд Хорлоо:
— Зүгээр ээ, ээжээ, — гэхээс өөр юм хэлсэнгүй.
Өдөрхөн тийш Чинхүсэл хонио бэлчээрийн дагуу аяар туун, хужирлуулхаар хөдөллөө. Чинбаяр харин сүргээсээ тасарч хоцорсон хэдэн үхрийн араас мордов. Ингэхдээ тэрээр үхрээ сурах нэрийдлээр өнөө айлд буухаа мартсангүй. Тэрээр гадаа нь ирэн морьноосоо буун тушиж орхиод, хоолой засан чимээ өгсөөр гэрт оров.
Гэрт өнөө л эр тамхиа нэрэн суух бөгөөд Чинбаяр орж ирснийг тоосон шинжгүй байлаа. Чинбаяр ч:
— За, сайн байцгаана уу, сайхан зусаж байна уу? — гэхэд өнөөх эр нэг сүрхий харснаа:
— Сайн байна аа, — гэхээс өөр юм ярихгүй, тамхиал татна.
Чинбаяр ч дотроо “Хаашаа янзын хүн бэ, ярвайгаад биеэ тоосон новш байна даа. Гүй ээ, хүн орж ирэхэд аяганы ч амсар зуулгахгүй” хэмээн бодон суулаа. Гэтэл гаднаас өнөөх сэгсийсэн хүүхэн орж ирээд сая нэг цай хийж өгөв. Чинбаяр ч цайг нь түргэн гэгч нь ууж дуусаад мориндоо мордтол, юу юугүй морь нь үргэж цовхчин, эгээтэй л түүнийг унагаачихсангүй.
— Хаая аа! — хэмээн чангаар дуугарч морио тогтоогоод харвал өнөөх эр гэрийн гадна гарчихсан, түүн рүү ёжтой нь аргагүй харан инээвхийлэн зогсож байлаа. Чинбаяр ч юм бодолгүй цааш давхиулсаар нэлээн холдсоны хойно эргэн айлын зүг харвал өнөөх эр байрандаа зогссон хэвээр. Тэр ч мориндоо ташуур өгч, улам хурдалсаар тоос татуулан давхилаа.
Нилээн явсны эцэст Чинбаярын бие сульдаж, хүйтэн хөлс нь урсаж байлаа. Тэрээр морьныхоо амыг татан шогшуулж, хөлсөө арчин, юу болоод буйг эс ухааран явлаа. Явах тусам бие нь улам сульдан, нэг л мэдэхэд нүд нь харанхуйлж, ухаан балартан морьноосоо унажээ.
Чинхүсэл хонио туусаар хужирлах газраа ойртон ирэхэд түүний чихэнд хэн нэгний хүний сөөнгө хоолой “ус өгөөч” хэмээн шивнэхэд тэр давтас хийн цочив. Эргэн харвал хэн ч байсангүй. Гэхдээ л түүнд өөрийн эрхгүй ямар нэгэн муу совин татаж байгааг мэдэрчээ.
Хорлоо Чинбаярыг явснаас хойш цаг орчмын дараа цай, хоолны саваа авахаар өнөө айлын зүг алхлаа. Тэрээр явах замдаа өчигдрийн явсан мөрөө харахыг хичээнэ. Түүний дотор багахан айдас байх бөгөөд бушуухан саваа аваад буцах бодолтой явлаа. Хорлоо явсаар өнөө айлын байсан газар ирвэл нөгөөх гэр байсангүй. Нилээн гайхсан тэрээр:
— Би төөрчих нь гэж баймааргүй, бүр гэгээн цагаан өдрөөр шүү, — гэсээр эргэн гэрийн зүг явлаа.
Гэртээ ирэн:
— Аав аа, өнөө айл чинь нүүчихжээ. Өчигдөр байсан газар юу ч алга, — гэхэд Төмөр:
— Чи чинь галзуураа юу? Юундаа худлаа хэлээд байгаа юм. Ээж бид хоёрыг чинь гүүндээ гархад байж л байсан даг, — гэв.
— Нээрээ гэнэ дээ. Би юу гэж худлаа ярих вэ. Та өөрөө гараад хараач, — гэлээ. Төмөр ч охиноо дагуулан гэрээс гарч харвал өнөө айл буусан газраа л дүнхийн байлаа. Хорлоогийн дотор пал хийж:
— Сая л намайг очиход байгаагүй шүү дээ, — хэмээн амандаа бувтнав.
Төмөр ч уцаарлангуй:
— За, за, чи явж ээждээ тусал. Би өөрөө л явж авчиръя, — гээд эргэн гэр лүү орцгоов.
Оройхон тийш Төмөр гүүгээ тавин услахаар явлаа. Чинхүсэл ч хонио туун урд хөтөлөө даван гарч ирэв. Хонио гэрийнхээ тэнд ойровторхон аваачсаны дараа аавынхаа зүг шогшуулан очив. Харин Чинбаяраас бараа сураг байсангүй.
Төмөр:
— Өө, ашгүй миний хүү. Ядрав уу?
— Гайгүй ээ, ааваа. Чинбаяр ирээгүй байгаа юм уу?
— Харин тийм ээ. Үхэр нь холдоогүй л байлтай билээ. Миний хүү, адуугаа услаад дуусаад харьж амар. Аав нь Чинбаярын араас явъя. Тэгэнгээ өнөө айлаар орж цай, хоолны саваа ч авъя, — хэмээн хэлээд мордов.
Чинхүсэл ч адуугаа услан, аавынхаа араас харан хоцорлоо.
Төмөр явсаар өнөөх бор гэрт ойртон ирлээ. Тэрээр түүнд дөхөх тусам Төмрөөс ямар нэгэн зүйл нэхэх мэт санагдана. Төмөр ч морио тушин орхиод гэрт орвол гэрийн дотор гэрэлгүй бөгөөд юмс асар бүдэгхэн харагдана. Аюулгүй гэрийн хойморь хавьцаа хэн нэгэн сууж байх нь үзэгдлээ.
Төмөр ч:
— За, сайн байна уу? Өчигдөр манай охин танайд хоол, цай авчирч өгжээ. Хоолны саваа авдаг юм уу? Бас манай хүү танайхаар буугаагүй биз? — гэхэд хэн ч хариу өгсөнгүй.
Төмөр гайхан хэсэг сууснаа тэвчээр нь алдагдав бололтой:
— Та нар чинь одоо хаашаа янзын улс вэ? Мэнд мэдэхгүй, юм дуугарахгүй, — хэмээн ихэд уурлан гэрээс гарахаар өндийв.
Гэтэл ямар нэгэн зүйл түүнийг угз татан буцааж суулгаад “Төмөр!” хэмээн нэрээр нь чанга гэгч нь дуудлаа. Тэр ч ихэд цочиж:
— Хэн бэ? Юун хүн бэ? — хэмээн асуухад хэн нэгэн хүний цахиртсан муухай хоолой:
— Чи хийсэн үйлийн үрээ эдэлнэ. Чамайг хэн ч аврахгүй. Цэцэглэсэн голомт чинь хагдран унах болно. Өшөө хорсолын түймэр чиний гэр бүлийг залгина, — хэмээн цуурайтуулан хэллээ.
Төмөр айхын дээдээр айжээ. Тэрээр эргэн босон, ухаан жолоогүйгээр гэрээс гүйн гарлаа. Түүнд юу болоод байгааг ухаарах сөхөө байсангүй. Мориндоо мордон гэрийн зүг хурдлан давхилаа. Айдас, гайхшрал зэрэгцэн явсан Төмөр замдаа араас нь хөөх вий гэсэн бодол төрөн эргэн харвал өнөөх гэрийн тооноор улаан гал дүрэлзэн асаж байлаа.
Төмөр бүр ч ихэд айн, өөрийн мэдэх маань мэгзмээ завсар заагүй уншин “Бурхан минь өршөө” хэмээгээд зээрд халзан мориндоо ташуур өгч уламчлан хурдлан давхилаа.
Чинбаяр сая нэг ухаан оржээ. Түүний ам айхтар их цангаж, ухаан санаа нь бүрэн дүүрэн ороогүй л байлаа. Толгой нь маш хүчтэй өвдөн, яг л задрах гэж байгаа мэт санагдана.
— Хүн байна уу? Надад туслаач… — гэхэд
“Хммм, энэ хээр талд хэн л намайг сонсохов дээ. Ямар зүгийн хар салхи намайг дайрчихваа” хэмээн бодсоор өндийн харвал морь ч алга.
Арай ядан газар түшин өндийн босоод өөрийгөө хаана байгааг эс олж ядан байлаа. Од баримжаалан замаа олж, гуйван гуйван гэрийн зүг алхлаа.
Төмөр галзууран гэртээ орж ирэн, үүдэнд байх савтай уснаас шанагадан асгаж цутган уулаа. Гэрийнхэн нь бүгд нойрсож байв.
— Ямар новш нь байсан бэ? Өдий наслахдаа ийм зүйл харж байсангүй, — хэмээн бодох зуураа өвөртөө байх тамхиа салганан гарган асааж, хэд сорсны дараа сая нэг юм дотор нь онгойв.
Тэрээр хүүдээ санаа зовсон ч “Аан за, өдий болсон эр яавал гэж. Айл амьтнаар хоноглосон юм байлгүй” хэмээн дотроо бодож сэтгэлээ уужруулна. “Юунаас болж надад ийм юм тохиов?” гэж Төмөр дотроо бодсоор, бодоод бодоод бодын шийр дөрөв гэгчээр хариултаа олж чадсангүй.
Чинбаяр ч удаан алхсаны эцэст сая нэг айлын бараа харжээ.
— Ээ, ашгүй минь, — хэмээн айл харсандаа баярлан нүүрэнд нь бяцхан инээмсэглэл тодорч, алхаа нь түргэсэв.
Явсаар өнөөх айлд ирэхэд хаалга нь онгорхой бөгөөд шатаж хуйхалдсан, түлэгдсэн үнэр сэнхийж байлаа. Чинбаяр мэл гайхан, цэл хөхрөн гэдрэг ухрахад ард нь хэн нэгэн хүн өвчиндөө шаналж ёолон “Надад туслаач” хэмээн дуугарах нь тэр.
Чинбаяр эргэж харахыг даан ч хүссэнгүй тул тэр чигтээ гэрийн хажуугаар орон цааш гүйлээ. Саяхан л алхаж чадахгүй байсан хүн айхын эрхэнд тэнхээ орж, нүдэндээ нулимс цийлэгнүүлэн, амандаа “ээж ээ” хэмээн үглэн амьсгаадахыг ч үл тоон хурдлан гүйсээр. Энэ их гүйлтийг Чинбаярын бие махбодь дийлсэнгүй. Тэрээр хөлсөнд бурзайсан духаараа хөрст дэлхийн шороог мөргөн шургаж уналаа.