Өгүүллэг 2026.03.24

Xараал жатгын хэргээр халхын хамаг шоронг дамжин, гучаад жилийг торны цаана...

negdeh

negdeh

Зохиогч

5 мин
Xараал жатгын хэргээр халхын хамаг шоронг дамжин, гучаад жилийг торны цаана...

Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын дархад “зайран” Жамбын Дамдингийн адал явдлыг нутаг усныхан нь төдийгүй нийслэлчүүд, ялангуяа тэр үеийн төр, засгийн томчууд андахгүй. Тэр үеийн гэдэг нь өнгөрсөн зууны 70-аад оныхон юм. Мэргэ төлөг, хараал жатгын хэргээр халхын хамаг шоронг дамжин, гучаад жилийг торны цаана өнгөрөөжээ. Тэрбээр нэг хэсэг Салхитын гэх шоронд төрсөн гэртээ юм шиг амьдарч байжээ. Шоронгийн хулгайчууд болон атаманууд, хуяг, дарга нарын хувь заяаг хэлж, заримынх нь ар талыг бүрэн даах тул бараг дархлагдсан нэгэн байжээ. Мөнгө төгрөг, идэж уух, өмсч зүүхээр ёстой тасардаггүй байж. Мөнгөө нааран дээр ил тавьчихдаг, хэн ч авдаггүй байсан гэх. Харин нэг өдөр мөнгөнөөс нь алга болжээ.

Түүнийг мэдсэн хоригдлууд бужигнаад явчихсан гэнэ. Энэ тухай яриа тэрүүгээр нисэх адил тарсан бөгөөд бүгд сонссон нь ойлгомжтой. Салхитын шоронгийн атаман Дашийн Ядмаа бүх овгорыг цуглуулаад “За, эцгийн мөнгөнд гар дүрсэн хулгайчийн гэдэс энэ шөнө дүүрч үхнэ дээ” гээд тараажээ. Төдөлгүй нөгөө мөнгийг “зайран” Дамдингийн нааран дээр ганцыг ч дутаалгүй авчираад тавьчихсан байсан гэдэг. Тэрхүү шоронд “Ардын багш” хочтой нэрд гарсан хоригдол Пэрэнлэйн Найдан гэж байжээ. Тэр үе үе “зайран”-гаас “Би оргомоор байна. Надад нэг туслаач” гэдэг байж. “Баригдахаас хойш оргож ял нэмээд яадаг юм” гээд хөдөлдөггүй байсан аж. “Хорвоогийн нарыг байгаагаар нь хэд хоног харчихаад буцаад орвол хэдэн жил нэмүүлсэн ч яадаг юм” гээд болохгүй болохоор нь “Би чамд ганц л тусална. Хэнд ч бүү хэл. Хэзээг удахгүй хэлнэ.

Өдөр болгон уулзаж бай” хэмээсэн байна. Найдан өдөр бүр уулзаж, боломжит өдрийг хүлээсээр байв гэнэ. Уулзах болгонд нь мэргэлээд “Өнөөдөр хэрэггүй” гэдэг байжээ. Яг 21 дэх өдрийн орой “Одоо яв даа” гэсэн гэдэг. Тэр бараг зүгээр шахуу гараад явчихсаныг үзээд хоригдлууд ихэд гайхсан гэнэ билээ. Шоронд байхдаа яг үүн шиг биш ч бусдаар хоригдлуудад үргэлж тусалж байжээ. Тиймээс тэд бурханчлан тахисан байдаг. Завханы Тосонцэнгэлийн “модны” шорон татан буугдаж, “Гөлөөн” Цэрэндондог, Дашийн Ядмаа, “зайран” Дамдинг Улаанбаатарын Улаанбайшинтын шоронд шилжүүлэхэд шоронгийнхон ёстой үзээгүйгээ үзэж, үхэр цам харайна гэгч болжээ. Дамдингийн пүүгээ, дэвсгэр, шашны эд зүйл, бийд хөрөнгийг нь Тосонцэнгэлийн шоронгийн гурван атаман барьж, үүрчихсэн, мань хүн шилүүсэн дотортой, дугуй хээтэй цэнхэр торгон дээлтэй, хэт хутга зүүчихсэн морилж байсныг хотын шоронгийн хулгаруудаас авахуулаад хуяг, удирдлагууд нь хараад алмайрсан ч юуг нь ч хурааж оролдоогүй байдаг. Тэд түүний талаар мэдээлэл сайтай байснаас тэгээ биз.

Яльгүй юмаар өөрт лай хураахыг хэн хүсэх билээ. Ийм л жаатай эр явжээ. Түүний төрсөн охин Д.Батчулуун эцгийн талаар ийн дурссан байна. “Миний аав Жамбын Дамдин 1908 онд Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ суманд төрсөн. Эцэг, эхийн гар дээр өсч, дүү нартайгаа бужигнаж бусдын адил л хүмүүжсэн хүн дээ. Аавын маань эмээ, ээж нь удам дамжсан хүч чадалтай, нэр төртэй удганууд байсан юм. Тэдний тэнгэрийн зараалын дагуу бөөгийн эрдмийг нь есөн настайдаа өвлөн “хуягласан” гэдэг юм. Нутгийн Эвдийн хийдэд ч шавилан сууж байсан удаатай.Монгол, түвд бичигтэй, тооны ухаанд жинхэнэ гаргууд хүн байлаа. Би сургуульд байхдаа аавын чадлыг сонирхон сорьдог байв. Тоогоор мэргэлдэг учраас тэгсэн хэрэг л дээ. Хэдэн ч оронтой тоог квадрат зэрэгт дэвшүүлж, хариуг нь алдаа мадаггүй гаргадаг, шууд хэлдэг байлаа. Математикийн ямар ч багш тэгж цээжээр шууд хэлээд байхгүй шүү дээ.

Бичгийн их хүн, эрдэмтэн Б.Ренчин, Угсаатны зүй судлаач, доктор Бадамхатантай их дотно харьцаатай, байнга уулзаж, учирдаг байсан юм. Шоронд байхад нь ч энэ хоёр том хүн хувийн болон бусдын хүсэлтээр эргэж тойрч, уулзаж учирч явсан байна лээ. Тэр бүхнийг надаас гадна төрийн томчууд бүгд мэднэ дээ. 1938-1968 оны хооронд халхын хамаг шоронг дамжсан байдаг юм. Хилс хэргээр хүний амьдралын гучин жилийг шоронд үрдэг байсан хэлмэгдлийн үеийн хар он жилүүдийг яалтай билээ. Тухайн үеийн улс төр, нийгмийн нөхцөл байдал нь тийм байсан юмыг бид яахав.

1969 оноос хойш баригдаж бариагүй ч Улаанбаатарыг эргэж тойрон нүүж, нуугдаж, мөрдөгдөж хавчигдаж явсаар насыг барсан даа. Нутаг руугаа явж эгч, дүүстэйгээ уулзаад буцаж явахдаа 1972 онд Хөвсгөлийн Алаг-Эрдэнэ суманд нас барсан билээ. Алаг-Эрдэнэ аавд ер нь таардаггүй газар байсан санагддаг. Тэндээс л дандаа баригдсан байдаг нь сонин. Түүх төөрөг нь тийм байсан юм уу, хэн мэдлээ. “Үзэл бодол, итгэл үнэмшилдээ үнэнч байж, хүнд тус болж явбал бүх зүйл бүтдэг хорвоо” гэж үр хүүхэд бидэндээ ихэд захидаг байсан даа. Бид ааваасаа өвлөж авсан юм бараг байхгүй дээ. Харин манайхан бүгд шулуун, шударга талдаа нь аавын араншин байж магадгүй. Түүнээс эд хөрөнгө, энэ тэрээс нь үлдээгүй.

Өөрөө л аргыг нь хайсан бололтой. Тэгээд ч ухаантай хүн ондоо шүү дээ. Үр хүүхдэд минь гай болно гэж бодсон юм байлгүй дээ. Авдар, авдраар л юмтай байсан санагддаг. Тэрийг нь бид онгичиж үзэх биш. Чухам юу байсныг нь үнэндээ мэдэхгүй. Тэр бүгд нь нэг мэдэхэд л үгүй болсон юм даа” гэж ярьжээ. Монголын шинжлэх ухааны академийн Ерөнхийлөгч асан Базарын Ширэндэв их сонин түүх ярьдаг. “Нэг өдөр Ю.Цэдэнбал дарга намайг дуудав. Дарга намайг барагтай юманд дуудахгүй л дээ. Амин чухал ажил гарсны тэмдэг байлаа. Уг нь улс орны гол асуудлыг нэлээд нухацтай ярих тул би ч дотроо бодолтой очлоо. Тэгтэл шал өөр юм яриад эхэлсэн. Эхэндээ би бүр алмайрч орхилоо. Шинжлэх ухааны хүнтэй шинжлэх ухааны бус зүйл ярьсан гэхэд болно л доо. Өмнө нь надтай лав энэ сэдвээр нэг ч удаа бага боловч хөөрөлдөөгүй билээ.

Тэгээд ингэж ярив. Дархадын “зайран” Дамдин гэдэг хүний талаар ард түмнээс олон захиа занаа миний нэр дээр ирлээ. Эхэндээ би нэг их ач холбогдол өгөөгүй. Ойрноос хэсэг бодлоо. Ер нь тэр хүнийг судалж үзүүштэй санагдав. Угсаатны зүй судлаач Ренчингийн хамт чи өөрийн биеэр тэр хүнтэй уулзаж учир байдлыг нь тодруулаад ир гэв. Нэг боодолтой зүйлийг түүний гарт нь өгөөрэй гэсэн. Би задлаагүй. Тэгээд Ренчинтэй уулзлаа. Бид хоёр хөөцөлдөж байж Дамдинг шоронгоос авчруулан Монгол кино үйлдвэрийн нэг багашаархан зааланд уулзав. Уулзахаар барахгүй түүний бөөлөхийг...

Үргэлжлэлийг унших

Энэхүү нийтлэл нь төлбөртэй контент юм. Та 2,000₮ төлснөөр бүрэн эхээр нь унших боломжтой.

Хуваалцах
Бүх мэдээ