Бага байхдаа би яг л нар шиг охин байлаа. Сургуулийнхаа тооны олимпиадад алгасахгүй түрүүлж, бүжгийн дугуйланд хамаг байдгаараа жигүүрлэн нисэж, дуу дуулж, зураг зурж... зүгээр сууна гэдгийг мэддэггүй адтай сэргэлэн хүүхэд байв. Одоо намайг тийм байсан гэхээр эргэн тойрныхон минь битгий хэл, толинд харахдаа би өөрөө ч итгэдэггүй юм. Би дэндүү их өөрчлөгдөж, дотроосоо үхэжсэн мэт л болжээ.
Бүжгийн бэлтгэл дуусаад гарахад гадаа үргэлж нэг хүү хүлээж байдаг сан. Намайг орц руу орох хүртэл араас минь хараад зогсож байдаг тэр нэгэн дулаахан төрхөд өдөр ирэх тусам дассаар, эцэст нь ухаангүй дурлаж билээ. Түүнийг яаж баярлуулж, ямар бэлэг барих вэ гэж бодохоос л сэтгэл минь догдолж, өөрөө ч мэдэлгүй түүнд бүхнээ зориулах болсон. Шинэ оны торгон мөчид, Төв талбай дээр цас хаялан байхад тэр минь өмнө минь сөхөрч суугаад "Надтай үерхээч" гэж гуйж байсан тэр мөч... Хэрвээ цаг хугацааг ухрааж болдог бол би тэр өдөр талбай дээр очоогүй, ээжтэйгээ гэртээ хэрчсэн гурилтай шөлөө уугаад сууж байх байсан юм. Эсвэл "Үгүй" гэж хэлэх зоригтой байх байж.
Бид хоёр жил гаруй үнэхээр аз жаргалтай үерхсэн. Би зүгээр л ингээд насаараа хайрлуулах юм байна гэж сохроор итгэж байлаа. Тэр надад тийм л мэдрэмж өгдөг байсан юм. Ингээд намрын нэгэн нартай өдөр би цагаан даашинз өмсөж, Хуримын ордонд хатан сүйхтэй бөгж зүүн айлын эхнэр болж билээ. Гэр дүүрэн найз нөхөд, аялал зугаалга, болзоо... Хуримын дараах эхний жил яг л зүүд шиг өнгөрсөн.