Мөнхдорж хөрөнгөтэй айлын хаяа түшиж, малыг нь маллан сардаа 500 мянган төгрөгийн цалин авч, дээр нь сар болгон шуудай гурил, шуудай цагаан будаа, идэшний төлөг үнэгүй авч байгаадаа ихэд олзуурхаж байжээ. Эхнэр Навчаа нь ч гэсэн тав гурван үнээний дэлэн шувтран сардаа 300 мянган төгрөг авч байсан учраас их л сэтгэл хангалуун байж. Тэр хоёр суугаад гурван жил болсон ч хараахан хүүхэдтэй болж амжаагүй учир гэртээ хоёулахнаа татлаа түтлээ багатай амьдардаг байв. Гэтэл энэхүү амьдрал нь нэгл өдөр орвонгоороо эргэж амьдралыг нь өөд нь татсан баян чинээлэг эр эхнэрийг нь булаан авч, Мөнхдоржийг үнсэнд хаясан шалз шиг хөөгөөд явуулсан юмсанж. Мөнхдоржийн эхнэр Навчаа эртний овог аймгуудыг хооронд нь дайтуулж байсан эмс шиг тийм үзэсгэлэн гоо, царайлаг нэгэн биш. Харин ч эсрэгээрээ маш ноомой, үхээнц даруухан, бүрэг ичимхий бор хүүхэн байсан аж. Гэхдээ нэгэн нууц авъяастай гэдгийг Мөнхдоржоос өөр хүн мэддэггүй байж. Чухамхүү тэр нууц авъяасаас нь болж шинэ цагийн баян эр тогтсон амьдралыг нь бусниулж, эхнэрийг нь булаасан гэдэгт тэр өчүүхэн ч эргэлзээгүй байна.
Түүний таамаг зөв байсан нь ч доор өгүүлэх зүйлээс харагдана. Мөнхдоржийн эхнэрийг булаасан чинээлэг эрийг хүмүүс “Алтан” Бямбаа хэмээн хочилдог ажээ. Хот хөдөөд хөл дээрээ товхийтэл боссон гурван ч компанитай, хотын төвд гурван байртай, зуугаас дээш сая төгрөгийн үнэтэй гурван жийп машинтай, хөдөө 1000 орчим хонь, 300 адуу, 150 үхэртэй эдэлж хэрэглэдэг зүйлс нь бүгд алт учраас “Алтан” хоч хүртэхээс ч өөр аргагүй шинэ цагийн цээж баячуудын нэгбайв. Гэхдээ Бямбаагийн ийнхүү хөлжсөн нь авга ахтай нь холбоотой бөгөөд авга ах нь төрийн мөнгийг маш овжин шавшиж, цулайгаад уул уурхайн ашиг гэж сардаа л хэдэн сая доллар дансалдаг болсон учир ганц ахынхаа ганц хүү Бямбаад хангалттай мөнгө өгч, ахуй амьдралыг нь хэмх өөд нь татсан юмсанж. Ийм амар хялбар аргаар мөнгөжиж хөрөнгжсөн мань эр ч мөнгө төгрөг үрнэ гэдгийг үзүүлж өгдөг болжээ. Ялангуяа сайхан охид хүүхнүүдэд мөнгө хайрлахгүй цацна. Тэгж яваад нэгэн миссийн тэмцээний ялагч Саруул хэмээх хүүхнийг эхнэрээ болгосон ч нэг хүүхэдтэй болсных нь дараа нөгөөх нь Бямбаагийн хүүхэмсэг зангаас болоод нэг өрөө байр, нэг машин, 50 сая төгрөгийн хадгаламж аваад салж оджээ.
Эхнэр нь ийнхүү салахад мань эр огтхон ч тоогоогүй байна. Өдөр шөнөгүй мөнгө зүүдэлсэн залуу охидоор өврөө угааж бахаа хангаж явсан тэрбээр харин гэнэтхэн учиргүй ганцаардаж залхаж байгаагаа мэдэрсэн аж. Харахад яг л зураг шиг шулуун хөл, урт хүзүү, намирсан зөөлөн хар үс, торго шиг цагаан арьстай сайхан хүүхнүүд боловч бүгд нэг стандартынх загас наадуулахдаа дуу алдах нь, хөдлөх аяглах, бодох санах нь хүртэл нэг хэвэнд цутгасан мэт учраас эцэстээ уйдан залхаж орхисон нь тэр. Ийнхүү уйдаж залхсан амьтан нэгэн өдөр гэртээ эвшээлгэн хэвтэж байхдаа гэнэт хөдөө мал дээрээ очиж жинхэнэ цэвэр ичимтгий монгол бүсгүйн ааль намбыг шингээсэн эвдрээгүй хүүхэнтэй цэнгэн хөгжилдөж үзье хэмээн шийдсэн аж. Хэдэн хормын дараа “Бенз Мерседес-500” машинаа асаан хөдөө мал руугаа хөдөлж байхдаа адууг нь малладаг Мөнхдоржийн эхнэр Навчаа хэмээх үг дуугүй, томоотой ноомой хүүхнийг гэнэт санаж “Өнөө шөнө өвөртлөх гээд үзвэл яах бол. Нөхөр нь гэрээсээ салахгүй эхнэрээ сахиад хэвтэж байдаг гэл үү. Өнөөдөр гэртээ хэвтэж байвал ямар нэг арга сэдээд аймгийн төв явуулах юм шүү” хэмээн ихэд заналтайгаар бодсон юмсанж. Бямбааг хотоос гараад 260 км давхиад мал дээрээ ирэхэд үнэхээр Мөнхдорж гэртээ эхнэрийнхээ хормойнд наалдчихсан юм шиг гурилтай шөл хийлгэж идсэн шиг хэхрэн хэвтэж байсан аж. Эхлээд 60 хүн хүлээн авах чадалтай зочид буудал, жуулчны баазаараа орж түргэн авахуулж баахан хүн загнасан Бямбаа ууртай нь аргагүй Мөнхдоржийн гадаа давхиж очсон юмсанж.
Тиймээс оронгуутаа л “Адуугаа яачихаад ингээд алхайгаад хэвтэж байдаг билээ“ хэмээн уурлаж, Мөнхдорж ч санд мэнд малгайгаа авдар дээрээс шүүрэн аваад өндийсөн байна. Баахан дүрэмдэж, сүрийг үзүүлсэн Бямбаа Мөнхдоржийн эхнэр Навчаагийн уран голшиг биш юмаа гэхэд турьхан нарийхан бэлхүүс, тахимаа шүргэсэн урт хар гэзгийг шохоорхонгуй харж байснаа “За тэр ч яахав. Чи өнөөдөр аймгийн төв явж банкнаас арьс нэхийний урамшуулалын мөнгө аваад ирэх хэрэгтэй байна. Би өөр ажилтай учраас тийшээ явж чадахгүй нь. Адуугаа найдвартай хүнд захиж үлдээгээд жуулчны баазын гаражид байгаа миний мотоциклийг асаагаад сүнгэнэчих. Заавал тэр мөнгийг авч ирнэ шүү. Хэд хоног хүлээсэн ч хамаагүй. Одоо л авахгүй бол цаана чинь арьс нэхийний урамшуулалыг огт өгөхөө больж мэдэх нь байна. Зургаан сая төгрөг ирэх байх. Яахав 250 мянгыг чи ав. Гэр орондоо хэрэгтэй юмаа пвахгүй юу” гэхэд Мөнхдорж мөргөж сөгдөх нь холгүй за хэмээн бөхөлзсөн ажээ. Ийм түшигтэй хаялгатай хүний буянд багтаж байгаа хүн залбирахаас ч өөр яахав. Мөнхдорж нэг их удалгүй адуугаа Магнай хэмээх үхэрчин эрд давхар захиад жуулчны баазын гаражаас баян Бямбаагийн 120 сая төгрөгөөр авсан уралдааны хүчирхэг мотоциклийг асаан аймгийн төвийн зүг тоос манарган оджээ.
Харин Бямбаа гадуур айл хунараар хэсч яваад буцаад Мөнхдоржийн гэрийн гадаа ирвэл эхнэр Навчаа нь үг дуу ч үгүй цай хоол зэхэн сүйд майд болсон байна. Бямбаа түүнтэй завхай зайдан үг яриа дэлгэх гэсэн боловч...