Халдвартын эмнэлгийн Элэгний тасаг өвчтөнөөр ёстой л хахаж байлаа. Бусад эмнэлэг лав л эднийх шиг бишийг бүгд мэднэ дээ. Арга ч үгүй биз. Монголд юу л их вэ гэвэл элэгний эмгэг билээ. Хүн амынх нь нас баралтын үндсэн шалтгааны нэг нь болчихоод байгаа юм. Чухам яагаад гэдгийг судлаачид янз бүрээр л тайлбарладаг юм.
Энэ тасагт эмчлүүлэгсдийн дийлэнх нь 20-30 насны залуус ажээ. Өөрөөр хэлбэл, цэвэр нөхөн үржихүйн насныхан. Гэрлэх, үр удмаа үлдээх үе болохоор хамгийн эгзэгтэй, эмзэг насныхан гэхэд ч болох. Хэдийгээр хүнд өвчтөнүүд хэвтдэг ч олонхи нь залуус болохоор тэрүүхэндээ бас ч гэж дуу шуугиантай, хөл хөдөлгөөнтэй авай. Зарим нь бараг ямар өвчтэйгээ ч мэдэж байгаа юм алга бололтой. Тоглоом эргүүлэн цагийг аль болох зугаатай өнгөрөөхийг хичээнэ. Энгийн эмнэлэг шиг учир зүггүй тоглоод, наргиад байхгүй ч бас бус юм бий. Булган хэвтээд хоёр хонож байлаа. Нэг их хүнд биш ч хяналтын эмч нь хэвтүүлжээ. Тэгэхээр асуудалтай гэсэн үг. “Ёстой л цэцэг цэврүү шиг насандаа яваа охин яахаараа энд хэвтэж байдаг билээ” хэмээн зарим нэгэнд бодогдох нь зүйн хэрэг.
Тэрбээр улсын нэгэн их сургуулийн хоёрдугаар дамжааны оюутан агаад яг хорин настай. Ийм насандаа элэгний архаг үрэвсэлтэй гэхээр өмнөөс нь халаглам билээ. Учир мэддэг нэгэн бол бараг сургийг нь сонсоод сэтгэлээр үхчихмээр санагдана. Гэхдээ аливаа өвчин хэлж биш, хийсэж ирдэг болохоор яая гэхэв. Түүнийг жинхэнэ азгүй охин гэхэд болно. Яагаад гэхээр тэр элэгний эмгэг үүсгэдэг В вирүсын халдвартай юм. Өөрт ч халтай, бусдад ч халддаг эмгэг билээ. Уг нь яг түүнийг төрдөг жил манайд эл эмгэгийн эсрэг вакцин гарчээ. Хүүхдийг төрөнгүүт 24 цагт багтаан хийдэг тэрхүү тарилга ирэх жилээс нь орон даяар хэрэгжжээ. Түүнээс хойш төрсөн хүүхдүүд бүгд толгой дараалан дархлаатай болно гэсэн үг л дээ. Харин түүнээс өмнө төрсөн, тэр дундаа Булган шиг ганцхан жилээр алдсан азгүйчүүдийн хувьд өөрөө өөрийгөө хамгаалахаас өөр аргагүй болжээ. Их л нарийн дэглэм сахих нь идэр хүмүүст бэрхшээлтэйгээс гадна тээртэй нь мэдээж. Тэр дундаа оюутанд бүр ч хэцүү. Булган халдварыг чухам ямар замаар авсанаа мэддэггүй ажээ.
Эмчийн асуултад ээрэн барин хариулжээ. Охин биеэ арваннаймтайдаа гээснээс хойш олон хүнтэй унтаж, хэвтэж явсангүй. Тохиолдлын чанартайгаар ганц нэг юм өдий насанд байлгүй яахав. Эмч бэлгийн замаар авсан эсэхийг тодруулахаар элдвийг сонирхсон нь ойлгомжтой. Ээмэг зүүхээр чихээ цоолуулсан нь бага байхад тохиосон нь мэдээж. Гоо сайхны нэгэн газар ээж нь дагуулж очоод мэргэжлийн хүнээр цоолуулж өгчээ. Тэгэхээр бохир тариур хэрэглэсэн талаар тодорхой хэлчихээр зүйл бас л байсангүй. Харин хааяа шүдээ ломбодуулж байснаа санаж байлаа. Тэр ч осолтой асуудал мөн л дөө. Гэхдээ бас л барьц байсангүй. Бэлгийн зам болон цусаар дамждаг эл халдварын талаар дотроо тандалт явуулавч чухам аль нь болохыг тогтоож эс чадна. Ямар ч байсан элэгний хурц үрэвсэл буюу шарлан эмнэлэгт хэвтсэнээр В вирүсын халдвартай болох нь тогтоогджээ. Харин өвчний явц их хурдан байв. Ойр ойрхон эмнэлэгт хэвтэн барин явсаар өнөө болжээ. Тэгсээр хоёр жилийн дотор архаг үрэвсэл болсон хэрэг.
Эмч хэлэхдээ, өнөөгийн элэгний эмгэгүүд их хурдан явцтай байгаа нь хоол хүнснээс болдог. Ялангуяа Хятадын гэх хүнсний бүтээгдэхүүн ихээр орж ирэх болсонтой холбоотой юм гэжээ. Тэр жинхнээсээ хятад хоолны хоббитой нэгэн байв. Ангийнх нь оюутнууд бууз, хуушуур эргүүлж байхад тэр л ганцаараа улаан эрээн савтай бэлэн гоймон аваад суудаг байж. Түүнийхээ үр шимийг үзсэн ч байж мэдэх. Аль ч эмнэлэгт арваас дээш хоног хэвтүүлдэггүй байхад эднийд 14-20 хоног ч эмчилдэг удаатай. Тиймээс зарим өвчтөн жаахан уйдамтгай гэж байгаа. Далимд хэлэхэд, тэр тасгийнхаа бараг мисс нь байсан гэхэд хэтрүүлэг болохгүй охин юм. Тасгийнхаа хөгшин, залуу харчуудын харцаар даруулж байсныг өгүүлэх юун. Ер нь түүнийг эрчүүд шүлэнгэтэн сонирхдог болохыг багаасаа л мэдэх билээ. Бараг 15-16 настайгаас нь нэг тийм зовлон дагажээ. Орсон ч, гарсан ч бусдын харцанд өртөх нь заримдаа тээртэй мэт. Зарим нь ном, сонин асуух мэтээр илт өдөн байсныг ч хэлэхэд илүүдэхгүй биз. Царай зүс, бие хаагаараа ярих юмгүй охин л доо. Тэгэхдээ өөрийнхөө үнэ цэнийг бас мэддэг бололтой тэр болгонтой сүжрээд байсангүй. Нэг тийм зожгирхуу охин байв.
Нэг өрөөнийх нь эмэгтэйчүүд түүнээс эгчмэд учраас тэдэнтэй юу ч ярих билээ. Тэр өдрийн үдэд түүнтэй зовлон нэгтэй гэхээр нэгэн хөвгүүн хэвтжээ. Нэрийг нь Баяр гэх. Бас л нэгэн дээд сургуулийн оюутан агаад түүнээс хоёр ах байсныг тухайн үед хэн мэдэх вэ. Баярын хувьд мөн л элэгний эмгэг үүсгэх С вирүсын халдвартай ажээ. Булганы халдвараас ч аюултай гэхэд хилсдэхгүй. Ерээд оноос монголчуудын дотор ихэд тархсан эмгэг билээ. Бас л халдвар хэрхэн авсанаа мэдэхгүй ажгуу. Дамжих зам нь мөн л В вирүсынхтай адил гэж байгаа. ДОХ, эл хоёр вирүсын халдах зам, аюул нь адилхан юм. Эмчийн асуултад бас л тоймтой юм ярьж чадсангүй. Гэхдээ Булганыг бодвол эр юм гэсэндээ арай “явдал”-тай байсан нь ойлгомжтой. Таарвал буцахгүй эр бөлгөө. Хорьж болдоггүй хорин хэдэн насыг яалтай. Бодоод бодоод бодын шийр дөрөв гэгчээр бас л тоймтой юм бодогдсонгүй. Гэхдээ л явж, явж тэр халдварыг бэлгийн замаар авсан байх магадлал өндөр юм. Ямар нэг мэс ажилбар, тариа мариа хийлгэж явсангүйгээ бодохоор тэр л дээ.
Баяр хэвтэнгүүтээ эмчид үзүүлэхээр явахдаа коридорт зогсоо Булганыг харжээ. Хальт харахад л нүдэнд тусаад явчихжээ. “Ийм хөөрхөн охин яахаараа энд хэвтдэг билээ” гэж бодоод өнгөрчээ. Үзлэг ч дууссан байна. Өрөөнийхөнтэйгээ танилцан, энэ тэрийг ярьсаар хэсэг хэвтжээ. Бүгд л адилхан оноштой нь хачин. Эмчилгээ шуурхай эхэлдэг болохоор тасгийнхан нь эмийн саваа шүүрцгээгээд коридорт гаран зогсоцгоожээ. Эднийх эмчилгээнийхээ цагийг яс барьдаг онцлогтой. Бусад тасгийнхан ч гараад ирцгээжээ. Булган ч мөн тасгийнхантайгаа гарч ирээд зогсож байлаа. Өдрийн эм тараахаар тэрэг түрсэн сувилагч бүсгүй хүн бүрт эмийг нь өгөхийн зэрэгцээ хэзээ, хэрхэн уухыг хэлж явав. Тасгийн олон охидоос Булган арай л тасархай харагдах нь хачин. Сэтгэл дагаад тэр үү нэг л өөриймсөг ч юм шиг. Дашрамд өгүүлэхэд, Баяр бас л царайлаг, биерхүү хөвгүүн байв. Хаанаас нь ч харсан эр хүн мөн. Түүний “толгой”-тойг илэрхийлэх шиг суралцан буй мэргэжил нь ч цагаа олсон гэхээр банкны эдийн засагч ажгуу.
Орчин үед иймэрхүү мэргэжил сонгох нь олширсон гэхэд болно. Бараг бүх их, дээд сургуульд ийм анги байх бүлгээ. Төгсөөд чухам яадгийг хэн мэдэхэв. Улаанбаатар, аймаг, сумуудад банкны эдийн засагч хэрэгтэй ч банк нь бас ч тийм олон биш л дээ. Тэр өдөр ингэсхийгээд өнгөрөв. Маргааш нь Баярыг “ЭХО”-д харуулах болжээ. Сувилагч нэр дуудахад таван хүн цугласны дотор Булган ч байв. Тэд эмнэлгээс гарч, хажуугийн байшинд байрлах “ЭХО”-гийн кабинетэд очин дугаарлан зогсчээ. Өөр тасгаас ч хүмүүс ирсэн болохоор оочертой байжээ. Өвчтөнүүд хүлээх зуураа өөр хоорондоо элдвийг ярилцах нь мэдээж. Тун санамсаргүйгээр Баяр түүнтэй үг сольж орхив.
-Чи хэзээ хэвтсэн бэ?
-Гурав дахь өдрөө хэвтэж байна.
-Тэгээд одоо хүртэл “ЭХО”-д харуулаагүй юм уу?
-Долоон хоногт хоёр удаа үздэг гэсэн. Тэр өдөр нь өнөөдөр юм шиг байна. Та хэзээ хэвтсэн юм бэ?
-Өчигдөр хэвтсэн. Уйтгартай юм шиг санагдлаа.
-Эмнэлэгт хэвтэх ч уйтгартай юм билээ. Ном л унших юм даа.
-Чи олон номтой юу?
-Нэг их олонгүй ээ. Хоёр, гурван ном байгаа. Уншиж дуусахаараа гэрээсээ авахуулна гэж бодож байгаа.
-Надад ч ганц хоёр ном бий. Тэд ийн ярилцаж ахуй дор Булганы ээлж болов. Тэр үзүүлээд нэлээд уйтгартай мэт гарч иржээ. Ингээд Баяр оров. Одоохондоо элэгний бүтцэд өөрчлөлт ороогүй гэнэ. Шинжилгээнийхээ хариу буюу онош тавьсан бичгээ бариад буцжээ. Төдөлгүй эмч дуудлаа.
-За, залуу минь. Суу даа. С вирүстай болох нь шинжилгээгээр тодорсон. Яг ямар замаар халдсаныг шинжилгээгээр хэлэх боломжгүй. Ерөнхийдөө бэлгийн замаар халддаг юм. Эмч энэ үгийг нэлээд нухацтай хэлэх мэт санагджээ. Манайд ерээд оноос оношлогдсон юм. Их л хянуур байх хэрэгтэй. Хоолны дэглэм сайн сахидаг юм шүү. Хамгийн чухал юм нь бусдад халдаахгүй байх ёстой. Бэлгийн харьцаанд орохдоо бэлгэвч хэрэглэж занших хэрэгтэй хэмээсэн нь түүний тархи руу дэлсээд авах шиг болжээ. Насан туршдаа бэлгэвчтэй хийнэ гэдэг байж боломгүй мэт санагдана. Тэр тэсэлгүй асууж орхилоо.
-Гэрлэж болохгүй гэсэн үг үү?
-Тэр ч арай юу юм. Олон хүнд халдаахгүй байхыг бодоорой. Эмч тэр хоёрын хооронд ийм яриа өрнөв. Их л тавилан муутай өвчин гэнэ. Яваандаа элэгний хатуурал, бүр хорт хавдар болдог юм байх. Булган ч яг ийм хариу авчээ. Өдрийн цайны үеэр хальт учрахдаа тэр хоёр өөрт байгаа номнуудаа солилцон унших болжээ. Өдрийн хоолыг ёстой л шудраад өнгөрөөв. Булганыг хоолоо идэж амжсаныг багцаалдаад палатаар нь зориг муутайхан шагайжээ. Булганаас ч үнэндээ нэг их цэрвэсэнгүй. Өрөөнийх нь эмэгтэйчүүдээс болгоомжилсондоо тэр л дээ. Булган түүнийг харуутаа ширээн дээрхи хоёр номоо шүүрээд гарч ирэв. Баярт ч хоёрын зэрэг ном байлаа. Тэр хоёр хоёрдугаар давхрын сандалтай коридорт очжээ. Тэнд тухлаж аваад ярилцацгаав. Булган голдуу адал явдалтай ном уншдагаа ярьжээ. Түүнд Чейзийн түүврүүд байлаа. Заримыг нь энд тэндээс нь цойлдоод, цоохорлоод уншсанаа ярилаа.
Баяр яагаад ч юм түүхийн сэдэвтэй ном уншдаг байлаа. Тухайн үедээ жинхэнэ шуугиж байсан ном гэхэд болно. Монгол хаадын тухай номууд ажээ. Булганыг анх хараад нэлээд бүрэг охин юм гэж бодсон нь эндүү байж. Тэр их нүүрэмгий бас яриасаг охин ажээ. Бараг галзуу буюу гал гэмээр нь сонин. Баяр ч яахав, охид харахаараа чальчаа болчихдог эрчүүдийн нэгэн байлаа. Багаасаа л охид сонирхон танилцаж явсаар амны фигуртай болсон биз. Хэн хэн нь өөрсдийн сургууль, найз нөхдийн талаар ам уралдан ярив. Сониноос Булган эр голдуу, Баяр охид түлхүү найзтай санж. Хэн хэнийх нь ярианаас нь тодорхой харагдана. Түүгээр ч барахгүй Булган хотын, Баяр Дарханых болох нь мэдэгдэв. Аав ээж, хоёр дүү нь тэнд болохоор эргэлт нэг их ирэхгүйг ч тэр хэлжээ. Булганд харин эргэлт тасардаггүй байлаа. Аав ээж, ах эгчээс гадна ангийнхан нь ч ирэх ажээ. Тэд ингээд нүүр хагарав. Тэр мөчөөс бараг салахаа байсан гэхэд хилсдэхгүй. Оройн хоолны дараа уулзаад нэгэн газар тухтай ярилцахаар шийджээ. Эмнэлгийн ажилчид тарсан болохоор хүний хөл татарчээ.
Тэр хоёр мөн л хоёрдугаар давхрын булан тойроод хүний хөлөөс бүр зайдуу нэгэн мухарт очин тухалжээ. Хоёр хүнд л зориулсан болов уу гэхээр сандалтай юм. Зэрэгцэж суугаад хорвоогийн хамаг л юмыг хамж шимэн ярьсан нь мэдээж. Ярианы сэдэв сүүлдээ хазайгаад үерхэл, нөхөрлөл рүү оржээ. Булганы хувьд яг тодорхой үерхдэг хөвгүүнгүйгээ ярьжээ. Баяр үерхдэг охинтой ч түүнийгээ бусад эрчүүдийн адил нуусныг хэлэх нь зүйтэй. Тэр хоёр ёстой л аманд орсоноо ярьж суулаа. Булган үе үе үсээ илэх нь сэтгэл хөдөлсний шинж билээ. Баярын хувьд ч өөрцгүй байлаа. Тэр бараг өөрийн мэдэлгүй түүний булбарай цагаан гарыг зөөлхөн атгаад авчээ. Булган нэг том харсанаа гараа татсангүй. Гэхдээ даврах болоогүйг Баяр мэдэлгүй яахав. Тэгсхийгээд хоёулаа яриагаа өндөрлөн буцжээ. Цаг ч орой болсон байв. Баяр палатандаа ороход нэг нөхөрт нь эргэлт ирсэн байв. Халуун сайхан гэрийн хуушуур тавьжээ. Элэгний өвчтэй улсад тохиромжгүй ч ганц удаа юм гээд хоёр, гурвыг цохиж орхижээ. Өрөөнийх нь харчууд өөр хоорондоо элдвийг яриад түүнийг хаа очоод ирснийг асууж барьсангүй. Ингэсхийгээд амарцгаав.
Баярын нойр хулжжээ. Булган нүднээс нь салахгүй зовооно. Миний Солонго ч сайхан охин доо. Түүндээ би өвчин халдаажээ. Одоо түүнтэйгээ л дуусахаас даа. Харин Булганыг ганц, хоёр янзлахад л болох юм. Тэр бүр ингэж шийдэв. Тэгээд ч Булган цоо эрүүл биш тул өвчин халдаасан болохгүй. Адилхан л юм чинь хэмээн өөрийгөө цайруулжээ. Маргааш нь мөн л уулздагаараа уулзацгаажээ. Бүр хэзээ язааны хоёр шиг болжээ. Орой нь нөгөө газраа очсон байна. Зэрэгцэж суунгаа зориг гарган гарыг нь атгадгаараа атгаад...