Цасан шуурга нүүр нүдгүй балбаж, идэр ес хэдийнэ эхэлсэн өвлийн хүйтэн шөнө Сүүлэгмаа зүг чигээ алдан, осгохоос наахнуур алхана. Даарсандаа хоёр гар нь бараг л тэс хөлджээ. Гар нь гэлтгүй хөл нь ч бас олигтой дулаан гуталгүйгээс болж хайрагдан, алхсаар хуруунууд нь мэдээ алдсан байлаа. Ид өвлийн хүйтэнд хар шөнөөр эзгүй хээр газар Сүүлэгмаа хэмээх бүсгүй олигтой дулаан хувцас ч үгүй, үхлээ эрэв үү гэлтэй ямар нэгэн зүйлийг хайн төөрч будилан алхаж буй нь сонин. Тэр галзуу солиотой, мэдрэл муутай хүн биш. Эрүүл саруул, энгийн л нэгэн эмэгтэй. Гагцхүү ингэж үхэлтэй тэмцэлдэн, ямар нэгэн зүйлийн төлөө шантралгүй алхаж байгаа нь түүний газар дээрх ганц үр нь алга болсонтой холбоотой аж…
Сүүлэгмаа бол амьдралд хөл тавиад удаагүй залуухан эмэгтэй. Их сургуулиа төгсөв үү, үгүй юу л заяаныхаа ханийг оллоо хэмээн баярлаж, Анхаа хэмээх залуутай гэр бүл бололцсон юмсанж. Хоёр хос ч сайн эцэг эхийн буянаар гачигдаж дутагдалгүй, тов хийгээд л амьдралаа эхлүүлжээ. Хэн хэнийхээ сайн мууг мэдэлцээгүй шахуу байхад л хүүхэдтэй болж, амьдралыг арай л хурдан хэмнэлээр туулж байлаа. Анхаа эхнэр хүүхэддээ маш их хайртай. Сүүлэгмаа ч нөхөртөө бүхнээ зориулсан. Гагцхүү энэ чигээрээ л амьдрал сайхан үргэлжлэх юм шиг, хэн хэн нь аз жаргалтай байцгаалаа.
Тэдний амьдралд гэнэтийн явдлаар орж ирсэн гайтай нэгэн зүйл бол Сүүлэгмаагийн хуруун дахь нөхрийнх нь авч өгсөн алтан бөгж. Эмэгтэй хүн л юм хойно бусдын дор орчихолгүй, өмсөж зүүхээр дутахгүй явах гэсэндээ баян нөхрөөрөө үе үе бэлэг сэлт авхуулна. Анхаа ч түүндээ мөнгийг харамгүй цацна. Тэгж цацаж явсаар нэг л өдөр гай тарих эд авч өгнө чинээ яаж мэдэх билээ…
Цасан шуургатай шөнө Сүүлэгмаа үхэлтэй тэмцэлдэн алхаж явахаас нэг сарын өмнөх явдал…
Ес эхлээд гадуур явахад тачигнатал даармаар болсон өвлийн нэгэн хүйтэн өдөр Сүүлэгмаа гэртээ хүүгээ харж, нөхрөө хүлээн сууна. Төрөөд удаагүй тул ийнхүү амралтаа авч гэртээ хүүгээ харж буй нь энэ. Ажил хийгээд байх ч хэрэггүй баян нөхөртэй түүний хувьд амьдрал тун дажгүй өрнөж байлаа. Анхаа хуульч мэргэжилтэй, давхар орлоготой, дээр нь эцэг эх нь ч хаялага ихтэй тул ер тэгж мөнгө төгрөгөөр дутагдаж, өлсөж даарахын зовлон байхгүй аж. Харин Сүүлэгмаа эдийн засагч мэргэжилтэй, мөн л эцэг эх нь боломжийн амьдралтай улс. Гагцхүү яаран гэр бүл бололцож, эрт хүүхэдтэй болсон нь тэдний буруу биш авч огт төлөвлөөгүй явдал байлаа.
Хаалганы хонх дугарвал Сүүлэгмаа баярлан гүйж очоод тайлахад Анхаа түүний дуртай амттаныг авчихсан, мөн гартаа нэг жижигхэн бэлгийн хайрцаг барьсан, инээд алдан зогсож байлаа.
Гэрийн хаалга онгойход эхнэрийнх нь хийсэн хоолны үнэр хамрыг нь сэтлэх шиг л болж, Анхаа ч баярлан гэртээ орж ирэв.
– За, миний хайр, өдөржин хүүгээ хараад ядрав уу? Хүү юу хийж байна?
– Хайр нь гэртээ ингээд байж байхад юундаа ядрах вэ? Хүү унтаж байгаа. Битгий очоод сэрээчихээрэй. Чиний минь ажил дажгүй юу?
– Ажил дажгүй ээ. Хайр нь чиний дуртай амттаныг авсан. Бас энийг хараа гээд, өнөөх жижигхэн бэлгийн хайрцгийг онгойлговол дотор нь гялалзаж, гялтганасан алтан бөгж байлаа.
– Хайр нь чамдаа ийм алтан бөгж авлаа…
гэж хэлээд түүнд өгвөл Сүүлэгмаагийн харцыг аргагүй татсан өнөөх алтан бөгж “намайг зүү” гэх аятай гялалзаж байлаа.
– Хөөх, яасан сайхан эд вэ? Баярлалаа, хайраа…
гэж хэлээд Сүүлэгмаа байдгаараа баярлан бөгжөө зүүх гэснээ:
– Хайраа, чи зүүгээд өг…
гэж эрхлэн хэлээд зүүн гарынхаа ядам хурууг сунган, өөрөө дээш харан нүдээ аниад зогсов. Анхаа ч дуртайяа зүүж өгвөл үнэхээр зохиж харагдана. Гэсэн ч өнөөх бөгжийг зүүгээд өгөв үү, үгүй юу Сүүлэгмаад ямар нэгэн жигтэй мэдрэмж төрөв. Нүдээ нээн харахад нөхрийнх нь зүүж өгсөн алтан бөгж яг л түүний хуруунд зориулагдсан мэт, яг таарч байгаа ч цаанаа нэг л сонин. Гэсэн ч Сүүлэгмаа тиймэрхүү мэдрэмжийг огт тоосонгүй.
Ихэд баярлан нөхөртөө хайртайгаа хэлж, тэвэрч үнсэхэд Анхаа ч эхнэрийнхээ баярлаж байгааг хараад сэтгэл хангалуун зогсоно. Их л үнэтэй авсан өнөөх алтан бөгж нь хайрцаг савтайгаа үнэт эдлэлийн дэлгүүрийн шилэн хоргонд байхдаа Анхаагийн нүдийг өөрийн эрхгүй унагаж байжээ.
Ажлаа тараад харих замдаа үнэт эдлэлийн дэлгүүр таарахад Анхаа шуудхан зогсоол олж, машинаа тавиад тийшээ зүглэсэн аж. Уг нь огтхон ч төлөвлөөгүй, гэнэт л тийшээ орж, эхнэртээ ямар нэгэн гоёл авч өгье гэж шийдсэн юмсанж. Гай таарах гэж буйг Анхаа яаж мэдэх билээ. Зүгээр л зөнгөөрөө тэр дэлгүүр лүү орсон аж.
Мань хүн ч орж хэсэг юм үзэж явснаа өнөөх алтан бөгжийг хараад аргагүй нүд унаган, хэсэг харж зогссоноо тэр даруй худалдагчаас үнийг нь асууж, эргэлзэх зүйлгүй наймаа хийсэн байна. Уг нь бол үнэт эдлэлийн дэлгүүрээс авсан шинэ эд гэж бодсон боловч өнөөх нь тийм биш байлаа. Олон ч эзний гар дамжиж, олон ч хүний амьдралыг там болгосон ёртой бөгж зүүсэн эзэд болгоныхоо аминд хүрч, амьдралыг нь сүйрүүлсээр явсан тэр бөгж нэг л мэдэхэд энэхүү үнэт эдлэлийн дэлгүүрт ирж, хэн ч худалдаж авалгүй удсан ч гай нь дуудав уу гэлтэй Анхаа орж ирэн эхнэртээ зориулж авсан байлаа.
Оройн хоолоо идчихээд байтал хүү нь сэрж, орон дээрээ хөрвөөж байсанд Анхаа тэсэлгүй очиж хүүгээ эрхлүүлэв. Тэгэхэд Сүүлэгмаа өнөөх бөгжнөөсөө хараагаа салгалгүй, ширтэн мишээж, гараа янз бүрээр өргөн харж, бөгжөө ихэд таалан сууж байлаа.
“Ашгүй хайрт минь их л таалагдаж дээ. Явж явж ганц удаа ингэтлээ баярлуулах юм авч өгдөг байна шүү” хэмээн бодоод Анхаа хүүдээ очин үнсэж, үлгээд эхлэхэд Сүүлэгмаа тоосон шинжгүй бөгжөө ширтэн мишээж сууна. Анхаа өмнө нь олон удаа бэлэг сэлт, үнэт эдлэл авч өгсөн ч Сүүлэгмаа тэр бүр ингэж баярладаггүй тул энэ удаад үнэхээр их баярлаж байгааг нь хараад ихэд таалагдав. Ийнхүү эхнэрээ жинхэнээсээ баярлуулчихлаа хэмээн сэтгэл хангалуун байвч, эсрэгээрээ уйлуулах зүйл авч өгснөө гадарласангүй.
Шөнө дунд болоход Анхаа хүүгийнхээ уйлах дуунаар нойрноосоо сэрэв. Гэтэл нүдэндээ ч итгэсэнгүй. Орой унтах хүртэл юу ч ярилгүй, нэг газраа суугаад өнөөх бөгжөө ширтэн инээд алдаж байсан эхнэр нь одоо ширээний гэрлээ асаачихсан, тольны өмнө сууж, мөн л бөгжөө харж, нааш цааш гараа хөдөлгөн зохиж байгаа эсэхийг ажин сууж байлаа. Хүү нь сэрээд уйлж байгааг ч мэдэх сөхөөгүй бололтой.
Энэ удаад Анхаагийн уур бага зэрэг хүрэв. Өөрөө босож хүүгээ тэврэн бүүвэйлэхэд хүү нь уйлаад удсан бололтой, нулимс нь хатчихсан харагдана.
“Сонин юм бэ. Нэг муу бөгж тэгтлээ их таалагдлаа гээд шөнө хүртэл унтахгүй ширтээд сууж байдаг нь ямар учиртай хэрэг вэ? Хүүгээ уйлж байгааг ч анзаарахгүй ингэж сууна гэдэг…”
гэж бодоод чангахан дуугаар:
– Сүүлэгмаа? Чи чинь хар шөнө унтахгүй юу хийж байгаа юм бэ? Хүү чинь сэрчихээд уйлаад байхад авч саатуулдаггүй юм уу? Бүр уйлаад удсан байна шүү дээ!
гэхэд өнөөх нь муухай харан босож ирээд, юу ч хэлэлгүй хүүгээ булаан авч, хөхөө гарган амлуулав. Тэгснээ мөн л бөгжөө харан, ууртай царайгаа тэр дор нь хувиргаж инээд алдан суухад хүү нь ч удалгүй унтчихав бололтой чимээгүй болов. Анхаа толгойгоо сэгсрэн, буцаад орондоо орлоо. Эрт ажилтай тул сайн нойр авах учиртай хэмээн өөрийгөө ятгаж, хүчээр нүдээ анин:
– Нэг муу бөгж хараагүй хүн аятай ингэж элийрмээргүй байна шүү, Сүүлэгмаа минь!
гэж ууртайхан хэлээд унтав. Сүүлэгмаа ч өнөөх үгийг тоосон шинжгүй, хэсэг сууснаа орондоо орлоо.
Өглөө сэрүүлэг дугармагц Анхаа тэр дороо сэрэв. Эхнэр, хүү хоёр нь хажууд нь нам унтаж байв.
“Шөнө муу эхнэртээ арай дэндүү хатуу хэлчихэв үү?”
гэж бодоод унтаж байхад нь аяархан үнсээд босов. Унтлагын өрөөнөөс гармагц том өрөө нь ёстой л гахай нохойн хороо шиг, замбараагүй болсон байлаа. Уг нь унтахын өмнө цэвэрхэн байсан нь санаанд орж, Анхаа мэл гайхав.
– Бодвол Сүүлэгмаа л ингээ биз…
гэж үглэсээр элдэв юм бодолгүй угаалгын өрөө рүү чиглэв. Бүх л эвхээстэй хувцас хунар нь газраар нэг тарж, шүүгээнээс гарган шидэгдсэн байлаа. Тэдний дундуур сүлжин алхахдаа гэнэт Анхаагийн бодолд нэг зүйл цахилгаан шиг орж ирэв.
“Арай хулгайч, дээрэмчин орсон юм биш байгаа даа? Үгүй ээ, боломжгүй. Манайх чинь найман давхар, орц маань хамгаалагчтай, бүр хоёр ч хамгаалагчтай, айл болгоны хаалга маш сайн түгжээтэй, дээр нь камертай.”
Ингэж бодсон ч нэг л эвгүй санагдсан тул бусад өрөөнүүдээрээ гүйж шалгахад ганцхан том өрөө л тэгж замбараагүй болсон байв. Анхаа ёстой л мэл гайхав.
– Үгүй ээ, Сүүлэгмаа яах гэж ингэнэ вэ?
хэмээн амандаа бувтнасаар угаалгын өрөө рүү алхтал чухам том өрөөнд нь юу болсныг үл ойлгон, угаалгын өрөө рүүгээ алхтал хэн нэгэн шалан дээр хөлөө чирэн алхах шиг чимээ гархад Анхаагийн дотор зарсхийгээд л явчихав. Юу болоод байгааг мэдэхгүй ч түүний гэрт ямар нэгэн новшийн зүйл болоод эхэлснийг Анхаа зөнгөөрөө мэдэрч, санаа нь зовохын сацуу өнөөх хөлөө чирэн алхах чимээ хаанаас гарсныг олох санаатай эргэн тойрноо ажвал түрүүхэн нам унтаж байсан Сүүлэгмаа босчихсон, гал тогооны өрөө рүү хөлөө чирэн алхаж яваа нь тэр байв.......