Насанд хүрэгчдийн агуулга

Энэхүү нийтлэл нь 18+ насанд хүрэгчдэд зориулсан агуулга агуулж байна.

Та 18-аас дээш насны хүн мөн үү?

Өгүүллэг 2025.12.15

Даарснаасаа болж зулбачихлаа гээд булган шуба авахуулсан...

negdeh

negdeh

Зохиогч

5 мин
Даарснаасаа болж зулбачихлаа гээд булган шуба авахуулсан...

Хашбатын нойр хүрэхгүй, эргэж хөрвөөнө. Аминдаа эхнэрээ сэрээхгүйг хичээх тусам хэвтэр нь нэг л тухтай болж өгөхгүй нь тээртэй. Хоёр хоног эзгүй яваад ирсэн нөхөр нь унтаж чадахгүй байгааг Содгэрэл мэдээгүй юм шиг буруу харан хэвтлээ. Унтлагынхаа өмд цамцыг өмссөн нь дургүйцлээ илэрхийлж байгаа хэрэг гэдгийг Хашаа мэдэх болохоор эхнэрээ татаж чангаасангүй. Түүний зүрх ч хүрсэнгүй. Үнэндээ хүсэл, сонирхол ч байсангүй. Хоёр биедээ сэрүүн байгаагаа мэдэгдэхгүйг хичээн олигтойхон амьсгалж чадахгүй шахам хэвтэцгээх хосыг зэмлэнгүйгээр ширтэх мэт цонхны хөшигний цаанаас саран сүүтийнэ. Ханан дахь цагны чимээ Хашаагийн зүрхний цохилттой давхцах нь тээртэй ч юм шиг. Тэсвэр алдан эвшээсэн эхнэрийнхээ сэрүүн байгааг мэдсэн Хашаа цочих шиг болжээ. Нүдээ тас аньж, хоолойгоо хүржигнүүлэн хурхирах дүр эсгэв. Ийн жүжиглэх нөхрөө анзаарсан Содоо: -Чи яагаад маяглаад байгаа юм бэ. Нойр чинь хүрэхгүй байгаа бол босооч. Би унтаж амармаар байна гэснээ хөнжлөө угз татлаа. Энэ мөчийг хүлээж байсан юм шиг Хашаа ухасхийн босч, ааваасаа үлдсэн хөвөнтэй бор дээлээ шүүгээнээс аваад, том өрөө рүүгээ орлоо.

Жаахан дургүй нь хүрвэл бор дээлээ нөмрөөд хэвтчихдэг нь Хашаагийн гэм биш зан юм хойно. Содгэрэл тоосонгүй, хөнжлөө засч, янзлаад унтахыг хичээлээ. Хашаа урт буйдан дээр тавтай нь аргагүй тэрийн хэвтлээ. Уртаар амьсгаа аваад, уужрах шиг болов. Гэвч нойр нь хүрсэнгүй. Минжээтэй өнгөрүүлсэн мөч бүхэн нүдэнд нь өнгөтөөр жирэлзэв…

Яаманд газрын дарга хийж байхад нь МУИС-ийн эдийн засгийн курсын хоёр оюутан дадлагаар иржээ. Өндөр нуруутай, нүд, хөмсөг сайтай гунхалзсан цагаан оюутан бүсгүйг “Статистик, мэдээллийн албанд дадлага хий” гэж Хашаа дарга цохолт хийж өгчээ. Гэтэл нөгөө оюутан анхны өдрөө харагдаад алга болов.

-Одооны оюутнууд ингэж дадлага хийдэг болсон. Сургууль төгслөө гээд юу ч мэдэхгүй. Толгой нь гэж байцаа чихчихсэн аятай, дүүрэн ус. Яаманд ирж дадлага хийнэ гэдэг бас нэг шалгууртай баймаар юм хэмээн Цоодол дарга нэгэнтээ үглэхийг Хашаа чихнийхээ хажуугаар өнгөрүүлжээ. Үнэндээ оюутнуудын дадлагыг хянахтай манатай өөрийн хариуцсан ажил гэж толгойн үснээс нь их байж. Харин түүнтэй хамт ирсэн, тахимаа шүргэсэн үсээ, хоёр салаа сүлжсэн даруухан шар охин өдөржин бичиг цаас эмхлэхээс эхлээд хүн хүнээс “ Ингэх үү, тэгэх үү, би тусалъя” гээд асууж, лавлан, гүйж байх нь илт анзаарагдана.

Хагас жилийн ажлын тайлангаа гаргаж, сая нэг амьсгаа авахтай болсон Хашаа уламжлал ёсоор ажлынхаа хэдтэй хамт “Хонхон” бааранд орж, шаp айpаг шимэн тухалцгаажээ. Санаа нийлсэн үеийн хэдэн залуу үе, үе ингэж суудгийг тэндхийн үйлчлэгч нар андахгүй. Аль болох аятай, тухтай байлгахыг хичээнэ. Дарвиж шуугисаар суутал цаг нэлээд орой болжээ. Хашаа бие засаад буцаж явтал: -Сайн уу, дарга аа гэх нүдээ жартайтал будаж, үсээ задгайлсан өндөр бүсгүйг Хашаа “Урьд нь хаана харлаа” гэж бодож амжаагүй шахам байтал: -Та манай ширээнд түр суугаач хэмээн найр тавив.

Бурантаглуулсан тэмээ адил бүсгүйг даган, очиход ширээнд үе тэнгийн гурван бусгүй сууж байлаа. -Танилцацгаа, манай дарга гэхэд нь Хашаа дадлагынхаа удирдамжийг барьж зогссон оюутан бүсгүй байна хэмээн таньжээ. -Энэ манай ангийнхан, танилц хэмээн нүдээрээ инээснээ: -Төгсөө бид хоёр энэ даргын удирдлаганд дадлага хийж байгаа.

Миний хоолой өвдөөд хэд хоног очиж чадаагүй шүү, дарга аа. Утсыг чинь мэдэхгүй болохоор хэлж чадсангүй гэсэн тайлбар хавчуулсан бүсгүй Хашаад цагаан дарс хийж өглөө. -Манай Минжээ их дажгүй даргатай юм аа гээд махлаг шар бүсгүй хэн ч инээгээгүй байхад ганцаар тас тас хөхөрснөө: -Тулгацгаая гээд босоход Хашаа бас өндийв.

-За төлөө гэснээ Хашаатай хундага харшуулсан Минжээ: -Та яараагүй бол бидэнтэй жаахан суугаач гэхэд мань эр сая нэг юм ам нээж: -Хүмүүстэй цуг яваа. Та нарт баярлалаа хэмээн хэлээд аягатай даpcыг apxи адил хөнтөрчихөөд босоход нь Минжээ утасны дугаарыг авахаа мартсангүй. Шаp айpгандаа халамцсан хэд Хашааг шоолон маазарч: -Манай дарга юу амжуулаад яваа юм бэ. Тэр аятайхан бүсгүйчүүдээсээ илүүчлээч дээ гэснээ “солгой” хочит Түмэнбаяр: -Хэдүүлээ өнөө орой жаахан доргиё л доо. Караоке бэлэн байгаа шүү гэв.

Түмэнбаярын саналыг бусад нь дэмжиж, Хашаа руу ирмэлээ. Тэднийг ажиглаж байсан Минжээ тэргүүтэй бүсгүйчүүд ширээн доогуураа хөлөөрөө нудралцан ойлголцох нь тэр. Хашаа биш дэргэд нь сууж байсан залуу тэдний ширээ рүү ирж байгааг Минжээгийн өөдөөс харж суусан Даагий мэдээлэв. -Дадлагын ажлаа таслаад байгаа хүнийг манай дарга шийтгэнэ гэнэ ээ хэмээн хошигносноо Цогтоо: -Та нарыг урьж байна. Хувцсаа өмсөцгөөчих. Хамт нэг газар очиж жаахан дуулцгаая. Тэгэх үү гэхэд нь энэ мөчийг тэсэн ядан хүлээж байсан атлаа Минжээ: -Одоо нэлээд орой болсон байна шүү дээ гээд бугуйн цагаа харав.

Бусад нь ч гэсэн: -Харин тийм ээ хэмээн дуугарцгаав. -Зүгээр ээ. Дараа нь хүргээд өгнө. Залуу улс байна, сайхан танилцаж, жаахан дуулж, хөгжилдөе л дөө гэх Цогтоогийн урилга бүсгүйчүүдийн загатнасан газрыг маажив гэлтэй минутын дотор цаг руугаа хэд хэд харж, ар тийшээ яарч буй дүр эсгэсэн Минжээ: -Удахгүй биз дээ. Яаж, үгүй гэх вэ дээ. Дандаа манайхан байгаа юм шив дээ хэмээн өөриймсөхөд нь Цогтоо: -Харин тийм ээ. Чи ч гэсэн ажлынхантайгаа сайхан танилцаад ав хэмээн үгийг өлгөж авав.

Уусан шаp айpаг нь аль хэдийнэ гарч, урдаасаа харан суух Минжээгийн гоо үзэсгэлэнд эрүүлжсэн Хашааг өөртөө талтай байгааг бүсгүй анзаарчээ. Ууж, дуулсан залуус, бүсгүйчүүд хэзээний хосууд шиг хоёр, хоёроороо ойртон суув. Хашаа, Минжээ хоёрыг орос, англи дуугаар гүйцэх хүн байсангүй. Тэд энэ үдэш Юндэн, Нансалмаа хоёр шиг хослон дуулж, бие бие рүүгээ хайрын харц илгээн суусан нь зарим нэгийн атаархлыг төрүүлснийг нуугаад яах вэ. Гадаа түг түмэн одод чуулсан намуухан шөнө налайжээ.

Шөнө хугасласан хэдий ч их хотын гудманд хөл тасраагүй байлаа. Харцаараа ойлголцон, хоёр биеэ хүсэмжлэх хосууд таксинаас бууж, хөтлөлцөн алхсаар “Заря” зочид буудалд ирэв. Таван давхрын люкс өрөөнд ороход тэр хоёрыг хүлээх мэт хос дэрээр гоёсон зөөлөн ор нүднээ туслаа. Гадуур хувцсаа тайлж, шаахай углацгаан, өөд, өөдөөсөө харснаа өөрийн эрхгүй соронздуулсан мэт хоёр биедээ тэмүүлж удтал үнсэлцэв. Минжээ ичингүйрэн, энгэрийнхээ товчийг товчлох зуур Хашаа: -Хоёулаа орондоо орох уу хэмээн шивнэлээ. Бүсгүй бие засаад орж ирэв.

Өрөөний бүдэг гэрэлд хувцсаа тайлах Минжээгийн гоо үзэсгэлэн улам тодрох шиг. Ор өнцөгдөн суусан түүний сул асгарах үс нь мөр цээжийг бүрхэнэ. Минжээгийн хөдөлгөөн бүрийг харж хэвтсэн залуу өндийж ирснээ бүсгүйг тэврээд, янаг халуун үнсэлтээрээ уургалан авлаа…

Хашаа, Минжээ хоёрын хайр эхэлсэн түүх ийм. Ажил, амьдралаа зохицуулан Минжээтэй уулзана. Уулзангуутаа заавал хонон, өнжин зугаалах болжээ. “Би чинь гэр бүлтэй. Үр хүүхэдтэй…” хэмээн Хашаа өөртөө олонтаа хэлж, тэр бүсгүйгээс холдох шийдвэрийг нэг бус удаа гаргаж.

Гэвч Минжээтэй улзахгүй бол дотор нь давчдана. Түүнийг утсаа авахгүй жаахан удвал хар, хармын сэтгэл нь оволзоод ирнэ. Энэ бүгдийг эрэгцүүлэн бодож хэвтсэн Хашаа өөрийн эрхгүй өндийжээ. Яах гэж өндийснөө ойлгоогүй эр бор дээлээ толгой дээгүүрээ нөмрөөд эргэж хэвтэв.

“Эхнэртэй хүн хүлээгээд, би өөрийн гэсэн нөхөргүй явах хэрэг үү. Хэвлий дэх хүүхдийг чинь авахуулаад амьдралаа бодъё. Алийн болгон ингэж явах юм бэ…” гээд нүдэндээ нулимс цийлэгнүүлэх Минжээ харагдана.

Тэгснээ ”Чамтайгаа л амьдарна. Миний хайр бүгдийг зохицуулна гэсэн чинь үнэн биз дээ” гээд аргадаж, ядах тэр бүсгүйг бодохоор Хашаагийн зүрх зогсчих шиг болно… Манай энэ “Ажил ихтэй…” гээд уурлаж, уцаарлах нь ихэслээ.

Ойр ойрхон “Томилолтоор явлаа” гэх юм. “Арай өөр хүүхэнтэй орооцолдоод байгаа юм биш байгаа” гэж бодсоноо Содгэрэл өөрөөсөө ичих шиг болжээ.“ Миний хань юу гэж тэгэх вэ дээ. Ажил алба нь үнэхээр хүнд, хэцүү шүү дээ.

Хоёр хоног томилолтоор яваад ирэхэд нь хоол, цайг халуун байлгахын оронд “Амармаар байна” гэж уцаарлаад ханиа гомдоочихлоо” хэмээн бодсон Содгэрэл босч бие засчихаад, чимээ өгч хоолойгоо зассаар Хашаагийн дэргэд очлоо.

-Миний хань унтаж байгаа юм уу. Орон дээрээ очиж унт гээд духыг зөөлөн илбээд, үнсэв. Хашаа ярдаглан буруу харахдаа “Энэ маань элдэв сэжиг аваагүй юм байна, ашгүй” хэмээн баярлажээ. -Хүүхдүүд чинь өглөө босоод гайхна аа. Миний хань орон дээрээ оч хэмээн нөхрийгөө татсаар өндийлгөв.

Нэг их нойрмоглосон дүртэй Хашаа эхнэртээ хөтлүүлсээр явж, орондоо орлоо. Эхнэр нь түүнийг үнсч энхрийлж байснаа уртаар санаа алдаад: -За, за миний хань ядарсан байх. Сайхан амар гээд чанга тэврэн, наалдаж хэвтлээ.

…Хашаа өглөө ажилдаа очингуутаа Минжээ рүү залгав. -Миний хайр зүгээр үү. Фактлаагүй биз дээ. Өнөөдөр хоёулаа эмнэлэг орох юм уу гэх эрхлэнгүй дууг сонссон Хашаа: -Хувцсаа өмсч бай. Шууд гараад ирээрэй. Хоёулаа эмнэлэг оръё. Бас ярих юм байна гэлээ.

Эмчид үзүүлээд гарч ирсэн Минжээ: -Гурван сар гарантай болчихож гээд Хашаа руу тормолзон харж хариу хүлээснээ: -Ярих юм байна гэсэн чинь юу юм бэ, хайраа хэмээн шалгааж эхлэнгүүт нь Хашаа машинаа асаалаа. -Хоёулаа эхлээд хоолонд оръё гэж дуулдах төдий хэлэхийг Минжээ тоосон шинжгүй: Хүүхдэдээ хэн гэж нэр өгөх үү, хүү гэсэн юм чинь их сүрлэг, ховор нэр өгөх үү.

Нэг нас хүрэнгүүт нь дахиад хүүхэдтэй болно гээд эх захгүй яриа хөврүүллээ. “15 жил ханилсан хань, гурван хүүхдээ орхиод шинэ амьдрал зохионо гэдэг зөв үү” гэсэн асуултад хариулт олж чадахгүй шаналах Хашаа үг дуугүй жолоо мушгина.

Хоолны газарт очсон хойноо: -Ямар хоол идэх вэ гэхэд нь: -Чи өөрөө мэдээд захиалчих гэх Хашаагийн царайг анзаарсан бол юу юугүй шуурах гэж байгаа тэнгэр шиг хөрхийжээ -Чи хань, үр хүүхдээ бодоорой. Ингэж замаа алдаж болохгүй шүү. Одооны охидуудын зарим нь хөрөнгө, мөнгөтэй бол юу ч гэж тархи угааж мэднэ.

-Сайнтай ханилж, сайхантай нь амрагла гэдэг биз дээ. Миний найз ч сайхан хүүхэн уургалж дээ. Шар цавуугаар наасан юм шиг салахаа больчих вий. Бодолтой байгаарай… -Манай Содоо шиг сайн эхнэр ховор шүү. Чиний толгой яаж эргэхээрээ ингэж явдаг байна аа…

-Чамтай юу ярих вэ… Тийм сайн ханиа гомдоож, ингэж явдаг… -Ийм хүүхэн сонгочихоод юу хэлэх гээд байгаа юм бэ. Надад чамтай ярих юм алга… Найз нөхдийн нь энэ бүх үг түүнийг хаашаа ч хөдлөх аргагүй хүлсэн мэт… Минжээтэй танилцсан тэр шөнөөс хойш бараг хоёр жил өнгөрчээ.

Энэ хугацаанд эмгэнэлт болоод инээдийн жүжиг шиг адал явдал мөн ч олон болсон доо. Нэг айлын хоёр хүү шиг ижилдэн нөхөрлөсөн найз нь Мөнх-Ирээдүй эмч. Нэг өдөр уурандаа бахардсан Мөнх-Ирээдүй Хашааг заамдан авч: -Арай ч дээ, чи. Очиж, очиж биeэ vнэлэгч ийм хүүхэнтэй наалддаг яасан арчаагүй, яасан ичдэггүй нoвш вэ гэснээр хэрэг мандсан удаатай.

Дадлага хийхээр ирсэн...

Үргэлжлэлийг унших

Энэхүү нийтлэл нь төлбөртэй контент юм. Та 2,000₮ төлснөөр бүрэн эхээр нь унших боломжтой.

Хуваалцах
Бүх мэдээ