Түүнийг хэн ч харсан "сайхан залуу", "сайн аав", "халамжтай нөхөр" гэж дуу алдам тийм л дүр төрхтэй нэгэн. Эхнэр, хүүхэдтэйг нь хүн бүхэн мэднэ. Анхандаа би түүний чин сэтгэлийн мэт үгсэд нь итгээгүй. "Зүгээр л фэн нь болохоор мэндэлж байна" гэж бодсон ч түүний зурвасууд өдрөөс өдөрт илүү дотно, илүү халуун болж эхэллээ.
"Чиний зураг байнга бодогдоод байна", "Чи үнэхээр өвөрмөц эмэгтэй юм", "Би ийм зүйл хэнд ч хэлж байгаагүй" гэх мэт чихэнд чимэгтэй үгс нь эмэгтэй хүний залуу насны гэнэн сониуч занг хөдөлгөж байлаа. Би түүнийг тийм алдартай хэрнээ над шиг жирийн охин руу бичиж байгаад нь нууцхан баярлаж, өөрийгөө бусдаас илүүд мэдэрч эхэлсэн минь миний хамгийн том алдаа байж.
Нэгэн баасан гарагийн орой тэр над руу залгав. Дуу нь ялимгүй согтуу ч, маш нухацтай сонсогдож байлаа. "Хишигтээ, би чамтай уулзмаар байна. Удаан тэвчлээ, одоо үнэхээр болохгүй байна. Ганцхан цаг уулзаад ярилцъя" гэж тэр гуйсан. Би эхэндээ татгалзсан ч, түүний дахин дахин гуйх гуйлтад бууж өгсөн юм. Магадгүй миний доторх "хориотой жимс" идэх гэсэн тэр нууцхан хүсэл намайг хөтөлсөн байх.