Онгоц Сөүлд газардахад Чулуунаа буухаар яаран, аяны үүргэвчээ мөрлөсөөр урагш зүтгэв. Анх удаа хилийн дээс алхан, харь нутагт хөл тавьж буй түүнд юм бүхэн шинэ содон, гайхмаар байлаа. Онгоцны буудлаас гарахад пүнхийсэн бүгчим халуун агаар түүнийг угтан авав.
Хаврын сар дундарсан ч хөр цасан дунд, хүйтэн шамарга тавьж байдаг нутгаас ирсэн Чулуунаад амьсгал давчдам бүгчим халуун агаар нэн тээртэй санагдав. Нэр хаягтай нь бичиж өгсөн автобусанд суугаад, шил толь болсон өндөр барилгуудын хажуугаар давхисаар багавтар тосгоны төвд буухад, нэрийг нь цаасан дээр бичсэн хижээлдүү эр тосож авав. Тохитой байрын хижээл солонгос эр хэдэн юм асуусан боловч хэл ус мэдэхгүй дэмий л толгой дохиход машиндаа суухыг урив. Бага оврын ачааны машин уулын хэжлэг дагасан замаар явсаар, эргэн тойронд нь тутаргын талбай хүрээлсэн, навтгар байшингийн гадаа ирж зогслоо.
Эхнэр нь бололтой, толиотой авгай инээмсэглэн угтаж, байшинд орохыг урив.
Ширээ дүүрэн өрсөн хоолны үнэр ходоодыг нь гижигдэнэ. Хооллох зуур авгай нөхөр хоёр янз бүрийн юм асууж сонирхсон ч дэмий л толгой дохих монгол залууг хэл усгүйг мэдээд дахин шалгаасангүй. Түүний амьдрах өрөөг зааж өгчээ. Ганц хүнд товхийсэн цэвэр цэмцгэр өрөөнд гудас, хөнжил шалан дээр эвхэн тавьж, ойр зуур хэрэглээний зүйлсийг зэхжээ. Ингээд харь газрын шинэ амьдрал эхлэх нь тэр. Элдвийг бодон хөрвөөсөөр, нэг мэдэхэд нам унтжээ.
Өглөөний ургах нарнаас үдшийн бүрий хүртэл тариалангийн барагдаж дуусахгүй ажилд нухлагдан, хориод хоногийн ард гарчээ. Солонгос орон түүний хувьд анхлан киноноос л үзэж байсан тав тухтай, сайхан орчин, ганган дэгжин хүмүүс, атаархам сайхан амьдралаар төсөөлж байснаас нь шал өөр газар ажээ. Солонгосчууд хөгшин залуу гэлтгүй шоргоолж шиг ажилсаг, хэдийд нь унтаж амарч, хэзээдээ аялж зугаалдаг юм бол гэж гайхмаар. Дал ная хүрсэн, нуруу нь бөгтийж газраас өндийхгүй шахам болсон эмгэд хөгшид түүнтэй зэрэгцэн, өдөржин ногооны талбайд тонголзоно. Хаа очиж гэр бүлийн хоёр сайхан ааш зантай, элэгсэг хүмүүс байв. Хар бор ажилд хайнагийн шар шиг зүтгэх монгол залууг тэд голсонгүй. Бүтэн сайнд л амарна.
Энэ мэт ажилласаар, гурван долоо хоногийн дараа Чулуунаа тосгоны төв орохоор шийдэв. Айлынхаа хүмүүсээр цаасан дээр зуруулж бичүүлж, очих газраа гайгүй сайн заалгаж аваад гарав. Дугуйгаар хагас цаг явах газар. Бороо зөөлөн шивэрнэ. Тосгон төдийлөн том биш ч бүх юм нь эмх цэгцтэй, хог новш байхгүй, хаа сайгүй мод бут, цэцэг ногоо алаглана. Тосгоны төвд байх хүн зон холхисон том дэлгүүрээр жаал нүд хужирлан сэлгүүцэж, хоёр шар айраг, ганц шил сөжү аваад, гадаах саравчинд тухлан суужээ.
Хар, шар, халтар, бор янз бүрийн царай зүстэй, харь хэлийн хүмүүс энд тэнд хэд гурваараа сууж, шар айраг шимэн шаагилдана. Чулуунаа ганц ч гэсэн монгол хүний бараа харах юм сан гэж санаашран суув. Хүний нутагт эх орон, элгэн садан, эхнэр хүүхдээ туйлгүй ихээр санаж байгаа хүнд монгол гэсэн юм бүхэн хамгаас эрхэм нандин байдаг ажээ.
Үдшийн сэрүү орох үеэр дэлгүүрээс хоёр тор дүүрэн юм барьсан асхан бүсгүй гарч ирэхийг хараад, суудлаасаа өндөлзөв. Монгол хүний дүр төрх андашгүй аж.
Бүсгүй ийш тийш хараачлан такси барих гэж буй бололтой. Чулуунаа угз татуулсан мэт ухасхийн босож, бүсгүйн хажууд очив. Бүсгүй мэгдэн сандрах мэт харснаа инээмсэглэлээ. Харилцан мэндлээд, хүний нутагт буйдхан газар таарсан хоёр зэргэлдээх зоогийн газар гахайн мах шаран тухлав. Бүсгүй жилийн өмнө гэрээгээр Солонгост иржээ. Анх очсон үйлдвэрийнх нь эзэн татаж чангаагаад, амар заяа үзүүлэхгүй болохоор нь үйлдвэрээ солиод, энэ газар иржээ. Одоо цаасан хайрцгийн жижиг үйлдвэрт хоёр балба эмэгтэйн хамт ажилладаг гэнэ. Амралтын өдрөөрөө хүнсээ цуглуулан яваа нь энэ аж. Үйлдвэр нь холгүйхэн тул алхаж ирээд, орой буцахдаа такси барьдаг гэв.
Тэр хоёр юу эсийг хөөрөлдсөн гэх вэ. Тосгонд ирээд гурван сар болохдоо нэг ч монгол хүнтэй тааралдаагүй гэнэ. Дараа уулзахаар болзон бүсгүйг таксинд суулгаж өгөөд, гэрийн зүг дугуйгаа жийжээ.
Өдөр хоногууд харвасан сум шиг өнгөрч, нэг л мэдэхэд арван дөрөв хоног өнгөрсөн байв. Чулуунаа анхны цалингаа авч, бөөн баяр болов. Монголд хагас жил ажиллаж байж олох мөнгийг энд ганцхан сард олсондоо өөртөө итгэхгүй шахам байв. Солонгост хүний хөлс хүч, хөдөлмөрийг шударгаар үнэлдэг нь ажлын хатуу бэрхийг юман чинээ тоохгүй зүтгэхэд хүргэдэг ажээ. Бүтэн сайны өглөө эртлэн тосгоны төв оров. Болзсон ёсоор Зулаа дэгжин хувцастай, дэгдэх шахам хүрч ирлээ. Тэд сүүдрэвчид шар айраг шимэн тухлав. Хэд хэдэн шар айраг уусны дараа Зулаагийн нүүр улаа бутарч, Чулуунааг ажиглан сууснаа,
-Би чамайг урд нь таньдаг мэддэг юм шиг санагдаад байх юм. Зүүдэндээ харсан ч юм шиг гэснээ,
-За за тэр ч яах вэ, хоёулаа өөр юм яръя гэв. Тэр ширээ тохойлдон сууснаа уртаар санаа алдаж,
-Хүний нутаг ч хүний л нутаг юм даа. Ядарч зүдэрсэн ч хэнд хэлэх билээ дээ.
Аавынхаа зүүж өгсөн сахиусанд л залбирах юм гээд инээмсэглэв.
-Чи бас сахиустай юм уу? гэж асуусан Чулуунаагаас санаа зовсон бүсгүй,
-Хар багаас минь л надаас салгаагүй хаш чулуу. Энд хүзүүндээ зүүх биш дээ. Цүнхэндээ авч явдаг юм гээд үзмэн ягаан өнгийн хаш чулуу үзүүлээд,
-Манай аав их сүсэг бишрэлтэй хүн байгаа юм. Биеэсээ бүү салга л гэдэг байлаа гээд сулхан инээмсэглэж, аав ээжээ санав бололтой гунигтай санаа алдав.
-Гэрээ санаа юу? гэж асуухад, Чулуунааг сонжих мэт харж сууснаа,
- Намайг хүлээж суугаа аав ээж, таван настай бүлтгэр охиноо их санах юм даа гэв . Нэг хэсэг хэн хэн нь дуугарсангүй агч чиг болов. Чулуунаагийн сэтгэлд “Яасан танил сийлбэртэй чулуу вэ” гэсэн бодол төрж,
-Надад ч гэсэн яг иймэрхүү нэг сахиус бий. Өнгө нь харин ногоон л доо. Хийц донж нь их адилхан юм гээд инээмсэглэв.
-Өө тийм үү. Энэ сахиус их учиртай л эд гэсэн. Дараа уулзахдаа аваад ирээрэй гэв. Бүсгүйн нулимс хурсан нүдийг өрөвдөн харж суусан Чулуунаа,
-Нээрээ тэгье гэж хэлэхдээ аавынхаа захиасыг бас бодож суулаа.
Айлын хажуу өрөөнд үлдсэн элсэг хань, түжгэр хүүгээ бодоод бүсгүйг даган нулимс унагахаа шахжээ.
“-Хүний нутаг ч хүний л нутаг юм даа” гэсэн бүсгүйн гашуун үгс давтагдан цуурайтсаар байв. Нуураасаа салсан нугас, нутгаасаа хагацсан хүн хоёрын зовлон юутай адил вэ.
Нэгэн хэвийн борви бохисхийхгүй ажилд нухлагдсаар, хоёр дахь сарынхаа цалинтай золгов. Эхнэр хүүхдэдээ мөнгө төгрөг шилжүүлэх, хувцас хунар авч өгүүлэхээр Сөүл явах хэрэг гарчээ. Гэвч визний хугацаа хэтэрч харласан хүн дураар явах осолтой. Зулааг гуйж, ханиндаа явахаар шийдэн утсаар хэлэхэд,
-Тэгье л дээ гэж уриалгахан зөвшөөрлөө.
Болзсон цагтаа тосгоны буудал дээр уулзсан хоёр Сөүл чиглэлийн буухиа автобусанд сууж, гурван цаг давхиад л зорьсон газраа ирэв. Солонгос дахь монголчуудын аж амьдрал буцалж байдаг Тундэмүн хэмээх монгол таунд метрогоор очив. Хаа сайгүй монголоор ярьж хөөрөлдөн хөлхөх нутаг нэгтнүүдээ хараад, эх орондоо ирсэн мэт сэтгэл нь сэргэн догдолжээ.
Зорьж ирсэн ажлаа амжуулаад, монгол зоогийн газар хооллож, дараа нь дуун цэнгүүнтэй өрөөнд орж, монгол дуугаа ёстой л нэг шавайгаа ханатал дуулав. Дуу хууртаа хөгсөж, шар айрагтаа халамцан сэтгэл нь хөдөлсөн Зулаа,
- Манайх уг нь баруун аймгийн захын сумын айл. Аав ээж хоёр минь амьдралын мөр хөөн, намайг төв суурин газар бараадуулах санаатай Сэлэнгэ рүү нүүсэн юм. Би ч яах вэ айлын ганц охин гээд эрх дураараа. Их сургуульд орж оюутан болоод зуны амралтаараа ирж туйлж өгөв өө. Найзуудтайгаа гадуур зугаалж, цэнгээний газраар хэснэ. Амьхандаа их сургуулийн оюутан том хүн болсон гэж хөөрөлхөж хөгсөж явсан байх. Тэгж явахдаа охиныхоо аавтай танилцсан юм. Сэлэнгийн уугуул, даруухан залуу. Цэвэрхэн царай зүстэй, бие хаа тэгш сайхан эр. Залуу насны омголон зангаар юугаа ч мэдэхгүй дэвэрч яваад жирэмсэн болж орхив. Сургуулиа гэх үү, гэдсэндээ байгаа хүүхдээ гэх үү. Аав ээж минь мэдээд нас залуу байхад сурахад оройтохгүй хүүхдээ гарга гэсэн юм. Ингээд хоёр дахь жилээсээ чөлөө авч ээж боллоо. Нөхөр маань эхэндээ хайр халамжид умбуулж байв. Зах дээр наймаа хийнэ. Гарын мөнгөөр тасрахгүй. Үе үе оройтож шөнө дөл болсон хойно ирдэг болов. Найзуудтайгаа буу халж суугаад л гэнэ. Сүүлдээ хонуутаар алга боддог боллоо. Асууж шалгаахад найзуудтайгаа нийлж дарвиад л гэнэ. Нөхөр маань өнчин өрөөсөн ах дүү төрөл садан муутай болохоор аав ээж хоёр товхийсэн дүнзэн байшингаа бид хоёрт өгөөд өөрсдөө дөрвөн ханатай гэр барин амьдрах болсон юм. Нөхөр маань сүүлдээ мөнгө төгрөг авчрахаа ч болов. Далдуур хүүхэн шуухантай орооцолдоод байх шиг. Араас нь нэлээд хөөцөлдлөө. Тэгсэн мөрийтэй тоглоомд орсон байжээ. Зах дээр хамт наймаа хийдэг хүмүүс нь өр нэхэж манайхаар ирэх болов. Амгалан тайван амьдрал там болон хувирлаа. Би үглэж яншиж, уйлж дуулж, аргадаж гуйж янз бүрээр л үзлээ. Одоо би дахиж тоглохгүй яг амлаж байна гэнэ. Овоо хэд хоног тэссэнээ гэнэтхэн алга болно. Нэг өглөө том хар машинтай дөрөв таван залуучууд нөхрийг маань дагуулсаар орж ирэв. Хашаа байшингаа мөрийд тавьж алдсан. Суллаж авахаар ирсэн гэнэ. Бүр нэрийг нь шилжүүлсэн гэрчилгээ үзүүлэв. Дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу үед муу аав ээж хоёрыгоо л бараадсан даа. Нөхөр маань би мөнгөтэй болж буцаж ирээд алдсан бүхнээ олж авна гээд хот руу яваад сураг тасарсан. Аав ээжийнхээ танагтай дээр Солонгос явж ажил хийгээд өөрийн гэсэн орох оронтой болъё гэж наашаа ирсэн дээ гэв. Түүний нүдэнд нулимс гялтганаж байлаа.
Буцах цаг дөхсөн тул хоёул гараад, алхаж явахдаа өмнө ярьсан зүйлээ гэнэт санасан мэт Зулаа,
-Чи сахиусаа авчирсан уу? гэв.
-Мартах шахсан байна. Авчирсан шүү! гээд хүзүүндээ зүүсэн сахиусаа гаргах үед...