Хотын төвийн гудамжаар хайрт хосын цангинасан инээд, хайр гэрэлтсэн харц өнгө нэмнэ. Хаашаа л харна энд тэндгүй зүрхэн шоколад, баглаа цэцэг барьсан аз жаргалтай хосууд.
Энэ их аз жаргал дундаас баруун гартаа цүнхээ чанга атган санжигануулж, бас болоогүй нэлээд олон бичиг цаас сугавчлан, зүүн гартаа утсаа барин хөмсгөө зангидаж хурдан хурдан алхах 26, 27 орчим насны болов уу гэмээр бүсгүй бусдаас илт ялгаран хаашаа ч юм бэ яарах нь содон. Түүнийг Уянга гэдэг. Уянга ажилтай бол ажилтай, эр нөхөр, гэр оронтой бусдын жишгээр хоёр идэхгүй хоосон хонохгүй өдөр хоногийг элээж яваа нэгэн. Уянгын утас дуугарлаа.
- Байна уу? Хань минь, хаана явна вэ?
- Байж л байна шүү дээ. Яав юу болов?
- Ямар ааш нь хөдөлчхөө вэ? Зүгээр л ирж байна уу? гэсэн юм. Би одоо ажлаасаа гарлаа.
- Тэгээд гар л даа. Би гэрээ олоод оччихно. Гар даараад байна тасаллаа гэсээр тэдний яриа өндөрлөв. Уянга автобусны буудал дээр нэлээд удаан автобус хүлээсний эцэст түрүүлж ирсэн нэгэнд нь суугаад өнөөх л болж бүтэхгүй бодолдоо автана.
“Энэ Бөхөө ер нь юу боддог хүн бэ? Удахгүй 30 хүрэх гэж байдаг. Тэгтэл хөл дүүжлэх унаа ч үгүй, ирээд авчих дугуй ч үгүй байж байнга хаана явна гэж асуухыг нь яана. Гар хөлдөх нь. Ямар хүйтэн юм бэ? Ядаж байхад энэ их ажилд дарагдаад толгой ч өндийж чадахгүй нь ээ. Миний амьдралд авъя гээд ч авах юм үнэндээ алга” хэмээн амьдралдаа гутран бүх зүйлд өрөөлийг буруутгаж суутал овоо л дулаацаж орчин тойрноо ажиглахтайгаа болов.
Урд талын сандал дээр суух хоёр өсвөр насны охин хөвгүүн анхаарал татлаа. Охин нь хөвгүүнийхээ мөрийг дэрлэн инээмсэглэн суух ба гарт нь байх ганц ширхэг улаан сарнайгаа хөлдчих вий гэсэндээ энгэртээ нандигнан тэвэрсэн байв.
- Хайр аа, хоёулаа сургуулиа төгсөөд ажилд орж гэр бүл болсон ч яг л одоогийнх шигээ нэгнээ хайрладаг, халамжилдаг, гэнэтийн бэлэг барьдаг хэвээрээ байна шүү.
- Мэдээж тэгнэ. Чамдаа хайртай шүү хэмээн хөвгүүн түүний зулайг нь үнэрлэнэ.