Өгүүллэг 2026.03.26

Эр хүн гэдгээ анх мэдэрсэн тэр орой Учкагаас салмааргүй...

negdeh

negdeh

Зохиогч

5 мин
Эр хүн гэдгээ анх мэдэрсэн тэр орой Учкагаас салмааргүй...

Өндийх гэж хүчилснээ тамирдаж, нүдээ анин хэсэг хэвтлээ. Цээж нь давчдаж багтран хэдэнтээ ханиав. Нүдээ нээтэл байшингийн адар нүүрэн дээр нь буучих шиг санагдлаа.

-Босох юм сан. Хүүгээ хаана явааг мэдмээр байна…  Миний хүү… гээд чангаар хашгирснаа, мэгшүүлэн уйлав. Айлын нь хөгшин орж ирээд “Юу болов” хэмээн айх, гайхахыг зэрэгцүүлэн хэсэг алмайрснаа очиж Шагайгийн духан дээр гараа тавиад:

-Миний хүү яав… Чингүн ирээгүй юу… гэснээ хоёр гараас нь татаж өндийлгөлөө.

Өдөр бүр цай, хоол хийж өгч, бөөцийлдөг энэ хөгшин  Шагайгийн цээжин дотор юу бөөгнөрч, юунд шаналж байгааг сайн мэдэх. Ширхэг ч бараангүй сүүн цагаан толгойтой  хөгшин рүү эгцлэн харснаа Шагай:

-Миний  хүү ирсэнгүй… гээд хоолой нь зангирахад Юра гуай:

-Чингүн сайн яваа. Өчигдөр манай Өнхрүүштэй уулзсан байна лээ. Удахгүй хүрээд ирнэ… Миний хүү, халуун хоол идэж, цай  уу… гээд барьж, орж ирсэн халуун саваа онгойлгов.

-Тийм үү. Өнхрүүштэй уулзсан гэнэ үү. Хүүгээ ирэхгүй удахаар би гэж нэг заяагүй амьтан муу л юм бодлоо… гээд нүд нь сэргэх Шагайг харж суусан хөгшний зүрх шархираад явчихжээ.

… Эхнэр, хүүтэйгээ гурвуул дутуу юмгүй сайхан амьдарч байсан. Энхжинг Америк руу явснаас хойш ч гэсэн хоёр эр хүн догь л байсан даа. Хоёр жил гаруй утсаар ярьж, хааяа хэдэн төгрөг шилжүүлээд л… Энэ нь эндээс шуудан алгасахгүй шахам илгээмж явуулаад:

-Ирэх жил ээж нь ирнэ…  гээд хүүгээ бөндийтөл асарч, бөөцийлдөг сөн. Гэвч нэг өдөр аваарт ороод, хэдэн сар эмнэлгийн ор сахисны эцэст хэвтрийн хүн болсон. Ээжийн нь явуулсан хэдэн төгрөгийг хүүгийнхээ нэр дээр хадгалуулдаг Шагай эмчилгээндээ сохор зоос аваагүй. Их сургуульд орох оноо дутаж хуваарьгүй хоцорсон Чингүн:

-Би ажил хийе… гэжээ. Аавынхаа сэтгэлийг зовоохгүй гэсэндээ ингэж хэлж байгааг мэдээд Шагай:

-Хүүгээ мэргэжилтэй хүн болгоно оо гээд амьтан хүн царайчилж байгаад Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуульд оруулсан. Гэвч Чингүн нэгдүгээр курсээ ч төгсөлгүй:

 -Наймаа хийе… гэхэд нь эцэг нь дурамжхан байсан. Тэгтэл:

-Ээж зөвшөөрсөн… Намайг наймаа хий гэсэн… хэмээн зүтгэх хүүгийнхээ хүсэлтийг хорьж чадаагүй.

… Хоёр сая төгрөг халааслан Эрээн явсан Чингүн хэдэн гутал, пүүз авчрав даа. Сарын дараа өөр, өөр размертай хэдэн гутал, пүүз хог болон үлдсэнээс “ашиг” гэж аавдаа үзүүлэх юм байгаагүй. Наймаа эрсдэлтэй гэдгийг мэдэх болохоор ганц хүүгээ зэмлээгүй. Харин ч “Гар хоосон гэж санаашрах вий”, “Үеийнхнээсээ ичиж, зовох вий. Нэгэнт сургуулиа орхисон хүн…” хэмээн зовниод, дахин гурван саяыг өгөхдөө:

-Одоо ямар бараа сонгохоо мэдэх байлгүй, миний хүү. Аавын хүү уг нь азтай хүн байгаа юм… гэж ирээд урам өгсөн.

-Ийш тийш явах зардлаасаа эхлээд чирэгдэлтэй юм. Хүү нь найз нөхдөө бараадан, суурин байж мөнгөний ажил хийнэ ээ. Хүүгээ ингэж хэлэхэд аав нь:

-Миний хүү өөрөө мэд гэхээс өөрийг хэлээгүй…

Энэ үеэс Чингүн гэртээ оройтон ирж, бас хааяа архи үнэртүүлэх болов.  Орноосоо босч чадахгүй аавдаа худал хэлээд аргалчихна…

Америкт байгаа Энхжин Шагайтай утсаар ярих нь цөөрөөд байлаа. “Эх нь хүүтэйгээ ярьж…” гэдгийг  Чингүний ярианаас хааяа олж мэдэх.

“Хүний нутагт ажил хийж яваа хань минь өвдөж, зовчихоогүй байгаа” гэх  сэтгэлийн зовнил Шагайгийн нойрыг хугаслаж байлаа. Сайн амарч чадаагүйн улмаас аваарт өртөж, эрэмдэг болсон бие нь өвдөж, шаналах нь цөөн бус… Нойртой хоновол өвдөх нь бага гэдгийг мэдэх хэдий ч “Эхнэр минь ажил хийж байхад би гэж нэг амьтан ингээд хэвтэж байна”  гэх бодол нь түүнийг унтуулахаа больжээ.

Ажил тарсны нь дараа Шагай эхнэр рүүгээ хэд, хэд залгаад, утсаа авсангүй.

“Өвдөж, зовоогүй байгаа… Яагаад утсаа авахгүй байна… Хүний газар цаг наргүй ажиллаад хэцүү байгаа… Толгой их өвдөх болсон гэж нэг удаа хэлж байсан юм сан…”

Шагайгийн санаа ийн зовоод тайван байж чадсангүй. Оройхон хэрд дахиад залгалаа. Удтал дуудуулсны эцэст утсаа аваад:

-Чамд одоо юу хэрэгтэй юм бэ… Би хэдэн төгрөгний төлөө хуруу, хумсаа хугалах   шахам ажиллаж байна. Чи гэртээ хэвтээд байдаг… Гэтэл миний хүү, дандаа л “Гадуур явж байна” гэх юм… хэмээн тачигнах нь тэр. Шагай уг нь хайртай хань, хүүгийнхээ эхийг гэх сэтгэл өвөрлөн ярьжээ.

… Хоёр жил шахам өвчтэй хэвтэхэд нь “Эм аваарай…  Эмчилгээ хийлгээрэй…” гэж өгсөн мөнгө байхгүй.Энхжин хааяа хүү рүүгээ мөнгө шилжүүлнэ. Тэр мөнгийг хороох нь бүү хэл харин ч нэмж, хүүгийнхээ нэр дээрх хадгаламжинд хийдэг. Чингүн хэдийгээр эрх дураар ч гэлээ ээжийнхээ явуулсан мөнгөнд гар хүрэхгүй. Мөнгө хэрэгтэй болбол заавал аавдаа хэлдэг. Тэгээд ч Чингүн:

-Тэр мөнгөнөөс нь эмчилгээндээ хэрэглээч, аав аа. Юуг нь хадгалаад байдаг юм бэ. Миний нэр дээр явуулж байгаа ч гэсэн ээж таныг эмчилгээндээ хэрэглэхэд дургүйцэхгүй шүү дээ гэнэ. Гэвч аав нь гар хүрэхгүй, шууд хадгаламжинд хийдгийг мэдэх хүү нь дотроо “Ээжийн явуулсан тэр мөнгийг хадгалж байгаад, аавын хөл эдгэрэхгүй бол хиймэл ч гэсэн хөлтэй болгоно” хэмээн боддогоо нэг бус удаа хэлж байсан.

… Гэтэл ийм үг сонссон Шагай эхнэртээ биш өөртөө гомдов.

 “Хань минь хүний газар мөнгөний төлөө л зүтгэж байгаа. Бухимдалгүй яах вэ, аргагүй. Хүүгээ хаана явааг ч мэдэх юм алга. Өсч өндийж яваа болохоор найз нөхөдтэйгөө дарвиж, шуугидаг бололтой юм. Эртийд нэг хөөрхөн охин дагуулж ирсэн… Гэтэл хоёр хоногийн өмнө эгчмэд бололтой бүсгүй өглөө өрөөнөөс нь гарч яваа харагдсан… Би гэж нэг хөлгүй амьтан хэвтэхээс өөр чадах юм алга…” хэмээн бодоод хөдөлгөөнгүй болсон хоёр хөлөө гараараа хүчтэй гэгч нь хэд цохиод авчээ…

Юра хөгшинд юугаа ч нуулгүй ярьдаг болохоор Шагайгийн жаргал, зовлонг хамгийн сайн мэднэ.

Хаалганы түгжээ торхийх чимээнээр бодолд дарагдаж суусан хөгшин бондгосхийн цочоод, бослоо.

Хамаг хувцас нь цус, нөж болж, нүүр ам нь шалбарсан Чингүнийг Өнхрүүш сугадсаар орж ирлээ. Эцэгт нь мэдэгдэхгүйг хичээн Юра гуай “Өрөө рүү нь шууд оруул” хэмээн дохив.

 -Миний хүү ирэв үү… гээд өндийсөн Шагайд:

-Ирлээ. Цаадах чинь жаахан юм уучихаж. Одоо амраг. Сэрэхээр нь сайн ярилц… гээд Юра хөгшин мойнийж эвдэрсэн хуруугаа эвцүүлж ядан духыг нь илэв.

-Энэ хүүхэд замаа алдах нь ээ. Яадаг юм билээ гэснээ Шагай:

-Юра эгчээ, та цаадахыгаа сайн анзаарч, ямар хүмүүстэй нийлээд байгааг Өнхрүүшээс асуугаарай… гэснээ цонх руу ширтэв. Юра хөгшин өлмий дээрээ алхсаар гарч явлаа.

Шагай тэргэнцэртэйгээ хүүгийнхээ өрөө рүү очив. Архины эхүүн үнэр сэнхийж, нүүр ам нь битүү хавдар болсон хүү нь ухаангүй унтаж байлаа.

Хүүгийнхээ духан дээр хүйтэн жин тавьж, нүүрний  нь шархыг цэвэрлэв. Гарыг нь зөөлөн атгаж:

-Миний хүү ингэж болохгүй. Аавын хүү чинь ямар мундаг билээ. Хоёулаа ээждээ сайн байгаа гэдгээ харуулах ёстой шүү… хэмээн хоолой зангируулан ганцаар ярьж суугаа аавыгаа анзаарсан Чингүн нүдээ нээхээс эмээгээд байлаа.

Хүүгээ сэрснийг мэдсэн Шагай:

-Миний хүү… Яаж байна. Толгой нь өвдөж байна уу. Хүүг минь хэн ингэж зодов… гэж асууснаа эхэр татаж ирээд, чанга  уйлав.

Чингүн дуугарсангүй. Нүдээ нээгээгүй ч гэсэн аньсган завсраар нулимс нь урслаа. Чингүн өндийж, аавыгаа тэвэрч авснаа, мэгшүүлэн уйллаа.

“Хүүгээ зовоочихлоо, байна. Эр хүн гар зөрүүлээ л биз…” хэмээн бодоод хоолойгоо зассан Шагай:

-Миний хүү, зүгээр биз дээ. Аав нь хүүгээ уруу татаад уйлуулчихав уу… Миний хүү аавдаа юу хийж яваа, хэзээ ирэхээ хэлж бай. Тэгвэл санаа зовох нь бага. Аав, хүү хоёр онц байж, ээжийгээ баярлуулна шүү гэхэд нь Чингүн нулимстай нүдээрээ том гэгч  харснаа:

-Аав аа, та одоо хүүтэйгээ хоёулхнаа гэж бод. Хүү нь таныгаа дахиж зовоохгүй ээ гээд нулимсаа хүчээр хорин байж босч, цонх руу очсоноо эргэж ирээд, хүйтэн цай залгилав.

“Нөгөөх чинь ярилгүй бараг хоёр сар болсон.  Арай муу юм тохиолдоогүй байгаа даа…” гэсэн бодолдоо хариулт олж чадаагүй суутал Чингүн:

-Аав аа,  хүү чинь таныгаа хөл дээр нь босгоно оо. Та одоо ээжийг бодсоны хэрэггүй. Ээж өөр хүнтэй суусан гэнэ. Намайг хүрээд ир гэсэн… гээд дуугаа хурааснаа:

– Би таныг яасан ч орхихгүй ээ… гэлээ.

Хүүгийнхээ үгийг буруу сонсов уу, дутуу ойлгов уу гэлтэй Шагай хүүгийнхээ өөдөөс нүд цавчилгүй хараад байлаа.

-Хоёулаа амьдарсан шиг амьдарна. Хүү нь хөл, толгойгоо олохгүй, битүү хар манан дунд төөрч явснаа ойлгосон. Одоо таныгаа босгож авна, харж байгаарай гэхэд нь Шагай сая нүдээ цавчиж:

-Миний хүү юу яриад байгаа юм бэ… гэхдээ шивэгнэх шахам дуугарав.

-Одоо тэр хүнийг март. Хүү нь байхад хоёулаа болно гэснээ Чингүн:

-Би аавдаа хайртай. Танд нэг юм ярья гэснээ аавынхаа гарыг чанга гэгч атгаад хэсэг суулаа. Тэгснээ:

-Манай Чука хар тамхины наймаа хийх болжээ. Тэрнээсээ бас татна. Тэдний бүлгийхэн гээд цулайсан хэдэн залуу...

Үргэлжлэлийг унших

Энэхүү нийтлэл нь төлбөртэй контент юм. Та 2,000₮ төлснөөр бүрэн эхээр нь унших боломжтой.

Хуваалцах
Бүх мэдээ