Хориод хоногийн өмнө Манж цэргийн хүрээний агтыг хөөн одсон хэрэг мандаж, Улиастайн жанжны газраас Өөлд хошууны захирагч Пунцаг бэйсэд өдтэй бичиг, буухиа элч илгээжээ. “Цэргийн агт хулуулсан тэтрүү этгээдийг даруй олж, амбаны газар хүргүүл” гэсэн байв. Тайгам харуулуудад зар тараан сэжиг бүхий хүн харагдвал даруй мэдэгдэхийг зарлигдсан ч хэл сураг гарсангүй. Энэ явдлын дуулиан намжаагүй байтал манж цэргийн хүрээний тариан талбайг шатаасан балмад хэрэг гарч, дарин дээр давс үрсэн явдал боллоо. Бэйс Пунцагийн шарман царай хүрлийж, ямар ч аргаар хамаагүй тэрслүү хулгайг олохгүй бол хэргэм зэргээ эвдүүлэхээ мэдэхийн цаагуур мэдэх тул, яс хавталзах болжээ. Түүгээр ч тогтохгүй нуур дэлсэж мэлхий айлгах гэгчээр манжууд энэ хэргийг далимдуулан өөлдүүдийг адсага шиг талхиж, адуу шиг унах вий хэмээн дээр дооргүй айн ширвээтэж ханцуй дотроо залбирна.
Дүүхээн хөндийд өргөө гэрээ засан намаржиж байсан бэйсийнд хошуу тамгын бошго Балжир хар хурдаараа тоос татуулсаар ирэв. Хөлс нь урсах зарлага, өргөөний үүдэнд угтсан хиад мориныхоо цулбуурыг атгуулаад, босгоор алхуут сөхрөн мөргөөд,
- Нэг сэжигтэй хүнийг барьж, дөнгөлөөд хар гэрт хорилоо гэв. Пунцаг бэйс хиагаа дагуулан морины хар гүйхээр хошуу тамган дээр иржээ. Тамгын гэрийн үүдэнд угтан авсан Намжир хаван овоодойн тус газар гараа тавин мэхийн ёслоод гэрт орохыг урив. Тамгын бичиг хэргийн түшмэл бийр янтайгаа орхин босож, дор мэхийн хүндэтгэл үзүүлэв. Аягач тавагтай идээ, домботой цай барьсны дараа хаван түрүүлэн ам нээж,
- Бодонт ууланд гөрөөлж явсан манай хэд модон дотор утаа гарахыг харжээ. Алсуур тойрон бүсэлсээр дөхөж очиход, үс сахал нь зогдорлосон, зүс үзээгүй эр гөрөөсний гуя шараад сууж байсан гэнэ. Буу шийдэмтэй, олуулаа тул бүслэн авч, нутаг ус, ураг овог, хэрэг зоригийг нь асуухад ус балгасан мэт дуугүй байсан гэнэ. “Бэйстэй уулзана” гэж ганцхан үг хэлжээ. Гөрөөчид зайдан морин дээр гарыг нь холбон хөтөлсөөр тамгын газар авч ирэв гээд дор мэхийв. Бэйс хар цагаан дуугүй толгой дохиход, үүдэнд зогсож байсан тахар ухасхийн гарч, хавтаст дөнгө хүзүүнд нь углаж, гарыг нь ард нь хүлсэн булиа эрийг хоёр тахар сугадан оруулж ирээд сөгтгөн суулгав. Булиа эр бэйстэй харц тулгаран доош тонгойв. Гэр доторх хүмүүс рүү үл харан, доош тонгойх хүн хар гөрөөс шиг хүглэгэр эрийг ажин суусан бэйс,
- За хө чи, аль нутаг хошууны хэний албат вэ, надтай уулзах ямар хэрэг байдаг билээ гэхэд,
- Жа би, Ил Тарвагатайгаар нутагтай, Шар бодон баатрын ач Бормагнай байна. Од харан хонож, орвон дэрлэн унтаж явдаг хүн билээ. Нэгэнт баригдсан тул үнэнээ өчсүү. Манж цэргийн хүрээний агтыг цөлбөж, тариан талбайг нь шатаасан гэм буруугаа бэйс таны өмнө хүлээе. Тэтрүү этгээдийг эс олбоос бэйс таны хэргэм зэргийг эвдэж, Өөлдийн хошууг тараах гэнэ гэсэн яриаг гөрөөчдөөс сонсов. Халхын нутагт амь зууж буй хадны завсар хавчуулагдсан халиуны зулзага шиг өөлдүүдээ хөлдөө чирэхгүйн тулд ийн өчив хэмээжээ. Аалзны мөрөөр арав хонож, хорхойн мөрөөр хорь хонох шахам эрж хайсан балмад дээрэмчин ийнхүү долоон булчирхайгаа тоочход даарсан хүн дах өмсөж, ангасан тэмээ ус уух мэт баярлах ёстой атал бэйсийн царай хувьсхийн,
- Чи хаа холоос энд ирээд манж цэргийн хүрээний агтыг хулгайлж, тариан талбайг шатаадаг шөрмөстэй эр байх нь ээ. Чамаас болж, халхын нутагт амь зууж буй өөлдүүд нар үзэхгүй байна. Чиний хань хамсаатан хэн, хэн байна даруй хэл гэж зандрав. Бормагнай хар цагаан хэсэг дуугүй сууснаа,
- Алаг махны тасархай, алтан ясны хэлтэрхий, Бошогт хааны үртэс, урсах цус, уйлах нулимс нэг хань нөхдөө илчилснээс хар толгойгоо авхуулсан нь дээр гэж эрс хэлэхэд бэйс түүшээ гүвэлзүүлэн, шүдээ хавираад,
- Барсын өшөөг бамбараас авах гэгч болох нь уу? Задарсан хулгайч чамайг Улиастайн жанжны газар хүргүүлж, арьсыг чинь хуулж, махыг чинь огтчин, ясыг чинь үйрүүлэхээр үнэнээ өчихгүй хаа зайлах вэ, наадхаа аваад гар гэж зандрав. Дөнгөтэй эрийг хоёр тахар сугадан гарч одов. Гэрт ялаа нисэх ч дуулдам аг чиг боллоо. Бэйс мөнгөн аягтай зөөгшсөн цайг ам нь хатсан мэт нэг амьсгаагаар хөнтрөөд, тооно өөд харан хэсэг чимээгүй сууснаа хаванд хандан,
- Энэ задарсан хулгайчийг гурав хоногийн дараа дахин нэг байцаагаад, Улиастайн амбанд хүргүүлнэ. Та агт морь, хоол хүнс, харгалзан авч явах тахрыг бэлдэнэ үү гэв. Хаван дор мэхийн ёслоод хоолойгоо засан,
- Жаа дээдэс минь. Ялдар дуулгахад энэ хулгайчийг Улиастайд хүргүүлж зардал сүйтгэл гаргаж байхаар, ойроор нь Орхон, Тамирын бэлчир дэх Чилэн балгасын орчим буй манж цэргийн хүрээнд тушаавал ямар? Тэд учраа олно биз гэхэд ширвээ сахлаа имрэн бодол болж суусан бэйс,
- Цэргийн хүн цэргийн хэргээ л мэднэ. Улиастайн жанжны газраас тэтрүү этгээдийг ол гэж шахах болсон тул тийш хүргүүлбэл хэн хэндээ өлзийтэй гээд өндийв. Хар усны тохой гатлан мориныхоо амыг татан гэрийн зүг бүгнэн гэлдэрч яваа бэйс, дэргэдийн хиа хулгар Цамбатай үг үл хэлэлцэн бодолд дарагдан явна.
Тэрэлжийн зуун модны тулаанд ойрад цэргийг оройлон тулалдсан түүний өвөг эцэг Равдан жанжны баруун гарын шадар, чоросын Шар бодон гэгч илдэн баатрын тухай аман яриа, түүх домог бишгүй сонссон билээ. Түүний ач, шар манжаас өвөг дээдсийнхээ өс хонзонг авахаар хаа хол Ил Тарвагатайгаас ойн ирж, харь этгээдийн зүрхэнд шар ус хуруулж байхад адилхан үртэс нь болсон би өөлд түмнээ юугаар гийгүүлэв гэсэн шаналгаат бодол дотрыг нь мэрнэ. Аргагүйн эрхэнд манжид хураагдсан өөлдүүдээ захируулах зарлигаар Манжийн хаанаас бэйс хэргэм хүртэж, гүнжтэй нь ураглан, манжийн боол болсондоо гутрав. Гурван тэрсхэн агь төрүүлсэн Болоржин хатнаас нь илүү эрх мэдэлтэй болсон манж гүнжийн талаар таагүй яриа сонссон нь өөрийн эрхгүй өр лүү нь хатгуулна. Залуудаа Равдан жанжны бичээч явсан Цэнд зайсан нэгэнтээ ихэд хөлчүүрхсэн үедээ Пунцаг бэйсэд,
- Чамд л гэж хэлэхэд наад гадсан хөлтдөө эрх мэдэл атгуулах нь бүү хэл, итгэж огт болохгүй. Манжийн хаан гүнж нэрээр халхын ноёдын гэрт гэтээч суулгасаар он удсаныг өвгөн би мэднэ. Та битгий хилэгнээрэй. Чин үнэнийг хэлэхэд ахай хатны тухай би сайн мэдэх хүнээс сонссон. Манжийн хааны татвараас гарсан охин мөн нь мөн. Гэхдээ их лоосуутай. Өрөөсөн төмсгөө нууж үлдсэн ордны тайган, татвар эмтэй самуурч олдсон үр нь ахайтан юм. Хэргийг шүүж, эрүү шүүлт тулгахад самуурсан хоёр үнэнээ өчжээ. Тайган, татвар хоёрын сүвээр нь хулс сүлбэн хөнөөж, охиныг нэгэн манж түшмэлд өгч тэжээлгэсэн гэнэ. Тэгээд өөрийн гүнж хэмээн бэйсэд өргөв гэж ордны албанд он удсан хүн өгүүлсэн билээ гэжээ. Тэрхэн үед манжийн хаанд хууртсандаа хорссон боловч, нэг гараа нөгөөгөөр хорьж, мэдээгүй юм шиг өнгөрөөхөөр шийджээ. Анх гангар шаазан шиг цэвцгэр бүсгүйд дур татагдан энхрийлэн хайрладаг байснаа зан нь хувирч, залаа нь гозойх болсон тул өдгөө сонь буурчээ. Эрх хав шиг нялуурч суух дуртай бүсгүй яваандаа тараа таниулж, өчүүхэн юманд садганан уурлах нь тээртэй.
Жалмайсан царайтай, хавтгай цээжтэй, жооргоносон явдалтай, ширүүн салхинд хийсчихмээр туниа муутай ахайн дэргэд хөрслөг бор царайтай, танан цагаан шүдээ яралзуулан инээх, мах мариа нь тэнцүү Болоржин хатан хангал согоо шиг дүүхэлздэг билээ. Гүнжийг дагуулж ирснээс хойш илтэд зүс гундсан уян зөөлөн хатнаа өрөвдөн зүрх шархирав. Бодолд дарагдан явсаар нохой боргох чимээгээр толгой өндийлгөвөл өргөөнийхөө гадаа ирсэн байв. Мөөртэй модон шалан дээр барьсан улаан хөлтрөгтэй их өргөөндөө морилж, буурчийн бэлдсэн зоогт ам хүрэх төдий болоод хойш тавилаа. Их өргөөний баруун зүүн этгээдэд хоёр хатны өргөө, араар нь зарц барлаг, аягачин, шивэгчдийн бор бааз, бөрт гэрүүд эгнэж, алсуур тойруулан тэг дөрвөлжин чулуун тиг гортиг татсан нь эмх цэгцтэй харагдана. Төө хэрийн хаш чулуун соруултай гаансаа зэтгэн нэрж, бодол болон суув. Шар бодон баатрын ач хүүг Улиастайн амбанд тушаавал өвөг дээдсийн голомтыг өшиглөснөөс өөрцгүй. Үүнийг хэрхэн шийдэх талаар толгойгоо гашилган, бодол нэрж суусаар цаг орой болсныг анзаарсангүй. Үүд сэвхийн онгойж Болоржин хатан орж ирэхэд сая нэг сэхээ оров. Хатан намбалзан алхсаар зүүн орны тушаа суун,
- Та зоогоо хүртэхгүй, юунд санаа тань чилээд, бодлогошрон сууна вэ гэж намуун дуугаар асуув. Бэйс баахан азнаад,
- Манж амбаны газраас элдэв татвар гувчуур нэхээд амар заяа үзүүлэхгүй юм хө. Дээрээс нь манж цэргийн хүрээний агтыг хөөсөн, тариан талбайг шатаасан балмад этгээдийг даруй олж өг хэмээн шахаж шаардах болов. Хайх бараагүй, харах мөргүй алга болсон тэр босоо ороолонг би хаанаас олох билээ гээд хатныхаа нүүр өөд харав. Гурван хүү дараалан төрүүлсэн нь ч шахсан бяслаг шиг чилгэр биеийнх нь хэв эвдрээгүй, намба дөлгөөн хатан нь нэгийг бодолхийлэн байх шиг гараараа оролдон сууснаа,
-Уулнаас нэг босуул хүн барьсан, тэр нөгөө сүрхий хулгайч юм гэнэ ээ гэсэн яриа зарц нар шивнэлдэх нь миний чихийг дэлслээ гээд үг асуух мэт тунгалаг хар нүдээрээ бэйс рүү харав. Бэйс гаансныхаа үнсийг цохилуурт унаган, түрийндээ сувьдаад ширээн дээрх бууттай айргаас нэг том балгаад, ооч сахлаа имрэн,
- Ил тарвагатайн хүн юм билээ. Агт хөөж, тариан талбай шатаасан гэж бэлэн өчөөд байгаа. Хэн нэгнийг хаацайлж байгаа болов уу гэсэн сэжиг төрөөд байх юм. Бүл сайтай, бүлэг хулгайч байхаас зайлахгүй. Маргааш дахин байцааж нэг мөр мухарлана гээд өндийн бослоо. Хар үсээ холбож хаалга үүдээ сөхсөн цагаас эр нөхрийнхөө амыг харж, аясыг дагаж ирсэн хатан чимээгүй даган өндийв. Том өргөөнөөс тэр хоёрыг гарч ирэхэд Асралт хатан гэрийнхээ үүдээр цухуйснаа буцаж оров. Бэйс янзгүйхэн хараад,
-Дандаа хатавч, тотгоор шагайж байдаг, муу ёртой лүд шүү гэж цэвцэлзэхэд Болоржин хатан,
-Хөөрхий дөө, хүний газрын ёс мэдэх биш, үр хүүхэдгүй, гэртээ ганцаар уйдаж цөхдөг биз гэж өмөөрөх аястай үг хэлэв. Бэйс их хатныхаа өргөөнд ороход хоймор дэвссэн журам дээр шагай няслан наадаж байсан гурван хөвүүн дэрхийн босож, аавынхаа гараас зүүгдэв. Үдшийн бор гэгээ тасарсан хойно бэйс жир үед өмсдөг өлөн хир суусан хөх минчүү тэрлэгээ өмсөөд гадааллаа. Хамжлага зарц нар тус тусынхаа ажлыг хийж дуусаад, идээ цагаагаа борлуулж, хоол хошоо хийж байгаа бололтой айл бүрийн тооноор утаа, уур савсана. Хот айлын баруун захад байх товхийсон бор гэр лүү гэтэх мэт зөөлөн алхсаар оров. Борц нүдэн буруу харж суусан хулгар Цамба үүд сэвхийхэд эргэж хараад бэйсийг харангуут хормой хотоо гөвөн ухасхийн босоод хойморт журам дэвсэж гар дэлгэн урив. Бэйс хаяа хотонд байгаа айлуудаар тэр бүр ордоггүй болохоор ихэд гайхсан хиа хөхүүртэй айргаас модон хөнөгт дүүргэн явган ширээн дээр тавиад аягалан барив. Буутанд молмолзох тос хөвсөн айргаас нэг балгаад Цамбыг ажиж сууснаа,
- Хоёулаа аминчлах яриа байна, наашаа ойртож суу гэв. Хиа өвдөг тушаа нь очиж бохирон суув. Бэйс яриагаа хаанаас эхлэхээ мэдэхгүй хэсэг азнаснаа,
- Шар бодон баатрын ач Бормагнайг сэм оргуулах хэрэгтэй. Нөгөөдөр хэнхэр Дүгэр хар гэрийг манах юм байна. Чи Дүгэрийг хүлж орхиод...