Өгүүллэг 2026.04.23

Xүүхдийг минь төрүүлтэл ая тухтай байр, хоол хүнсээр хангана гэж...

negdeh

negdeh

Зохиогч

5 мин
Xүүхдийг минь төрүүлтэл ая тухтай байр, хоол хүнсээр хангана гэж...

-Багын найз маань аминчлан захисан болохоор л чамд найдвартай хүн танилцуулъя гэж бодлоо. Чи харин хүний итгэл сэтгэлийг алдахгүйг хичээгээрэй гэсэн Оюунаа эмчийн зүг дуугүйхэн толгой дохисон Баярмаа уртаар шүүрс алдав.

-Чи тээж төрүүлээл албан ёсоор өгчихөөд, шулуухан явчихсан нь дээр. Жаахан удаж хүүхдэд дасчихвал чамд хэцүү гэж хэлсэн эмчийн үгийг зөвшөөрч дуугайхан толгой дохиод

-Эмчээ тэр айл хүүхдээ асуудалгүй өсгөчихнө биздээ гэж хэлэх үед хаалга тогшиж, цулцгардуухан хацартай цагаан залуу шагайв.

-Ор ор Баясаа гэсээр боссон эмч их дотно танилын ёсоор элгэмсүү гар барин уулзлаа.

-Баясаа нөгөө бүсгүй маань ирчихсэн. Та хоёр танилцаж бай. Би гараад аяга кофе авчиръя гээд тов тов алхан гарч одлоо.

Булцгар цагаан хацартай нимгэн царайгаа чимсэн хар нүд, өтгөн хөмсөгтэй залууг зэрвэсхэн харсан Баярмаа

-Яасан царайлаг хүн бэ. Эхнэр нь яагаад ирээгүй юм бол. Хөл гар дутуу, эрэмдэг зэрэмдэг юм болов уу гэж санаашран харж суув.

Энэ хархүүгийн хүүхдийг арван сар тээх учиртай байжээ хэмээн бодож суулаа.

-Сайн уу дүү минь. Намайг Мөнхбаясгалан гэдэг. Найзууд Баясаа л гэдэг юм. Чиний цусны бүлэг, шинжилгээний хариутай танилцсан. Хамтдаа хичээцгээе гэж аялагхан хэлэхэд

-Яасан уянгалаг дуутай эр вэ гэж цухасхан бодсон Баярмаа зөөлөн инээмсэглэж

-Таны эхнэр ирээгүй юм уу гэж асуугаад, зөөлөн ширтэв.

-Аан удахгүй танилцана аа гэж хэлээд

-Өөрт чинь урьдчилгаа болгож гучин таван мянган доллар, дараа нь арван таван мянган доллар төлнө. Зөв үү дүү минь гэж асуулаа. Анх сонссон там тум тохиролцооноос хэд дахин өндөр үнэ сонсоод эг маг хийсэн Баярмааг ойлгож байгаа янзтай нүдээ ирмэн толгой дохисон залуу Баярмаа өөд инээмсэглэн хараад

-Бас хүүхдийг минь төрүүлтэл ая тухтай байр, хоол хүнсээр хангана гэж гэрээнд тусгагдсан гэхэд дуугүйхэн толгой дохив.

-Яана аа яасан бүсгүй хүн шиг намбалаг хүн бэ. Ийм сайхан эрийн эхнэр жаргалтай байдаг байхдаа. Үр хүүхэдгүй хэцүү ч юмдаа гэж бодож байлаа.

Өчигдөр оройг хүртэл өөртөө үл итгэн эргэлзэж явсан бодол нь цайрч, сэтгэлийн хүлээс нь алгуурхан задарч байлаа.

-Чамайг төрөнгүүт манайх Францруу явна. Нэг хэсэгтээ эргэж ирэхгүй. Уг нь тэнд арваад жил амьдраад энэ хавар ирсэн юм. Францад үр хүүхэдтэй болохыг хүссэн ч эх оронч сэтгэл нааш чангаагаад гэж илэн далангүй ярих үед тог тог хийсэн хөлийн чимээ гарч түрүүхэн гарсан эмч бүсгүй орж ирээд

-Танилцаж амжив уу охид оо гэхэд Баярмаа гайхаж, нөгөө эр тас тас инээв.

-Оюунаа эмчээ өнөөдөртөө Баярмаа манайд очоод амьдрах байр, орчин нөхцөлөө харж аваг. Бас бид хоёрын амьдралтай танилцах ёстой. Хэрвээ Баярмаад маань манайх таалагдвал маргааш бид гурав хамт ирээд гэрээгээ байгуулж, маамаатай болох үндсэн ажилдаа оръё. Манай шүтдэг зурхайч ч өдөр судар харж өгсөн. Бээбийтэй болох ганц боломжоо алдаж болохгүй ээ гэж хэлээд нүдээ ирмэв.

-Өө тэг тэг. Бараг тэр нь дээр шүү. Яарах юм байхгүй гэж эмч бүсгүй хэллээ.

Хөнгөн гүйдэлтэй дунд гарын жип машинд сууцгаан давхиж явахдаа Баярмаагийн сэтгэл бүр ч амарсан байлаа.

Их хотын урд захын гоёмсог байрны дунд ирээд зогссон Мөнхбаясгалан

-Манайх энэ байранд суудаг юм. Чи ч гэсэн бүтэн жил шахуу энд амьдарна даа гэхэд дуугүйхэн л толгой дохилоо.

Хөдөө төрж өссөн Баярмаад үлгэрийн ордон шиг гоё байр сүрдэж аймаар санагдаж байлаа.

Ихэр янзага шиг ижилдэж өссөн ганц дүү нь дааж давашгүй их өр төлбөрт ороод шүүх цагдаагийн хаалга татахад өнчин өрөөсөн өсч яваа Баярмаад нагац ахаасаа өөр хандаж хэлэх хүн байсангүй.

-Ная хүрэвч нагацаа л нал гэж хэн бодож олоо юм бол. Муу ахад нь тийм их мөнгө яаж байхав дээ. Үгүй одоо тэгээд өөрийн гаргасан хайхрамжгүй алдаагаа бусдаар төлүүлнэ гэж юу байхав гэсэн нагац ахдаа өөр хэлэх үг олдсонгүй. Гэтэл... гэтэл бэргэн эгч нь баахан загнаж, уйлж дуулж байснаа нэгэн хүнрүү залгаж, битүү хатуу баахан зүйл ярьж байгаад Баярмааг дагуулж ирээд Оюунаа эмчтэй танилцуулсан аж.

Оюунбилэг эмч харин шулуухан зангаар бүх учрыг тайлбарлан хэлэхэд Баярмаад яаралтай мөнгө олох өөр арга олдоогүй билээ.

-Баярмаа минь чи тухтай бодоорой. Хэрвээ дургүйцэх ямар нэг шалтаг байвал бүх зүйл эхлээгүй "О цэг" дээр байхад шуудхан хэлнэ шүү гэхэд Баярмаа эргэж буцах бодлоо цоожилсон байв.

Энэ бүхнийг зэрвэс бодож явсан Баярмаа

-Эхнэр нь хүн харахын аргагүй царай зүстэй юм болов уу гэж бодсоор орцонд хамтдаа оров.

Зургаан давхарт цахилгаан шатнаас буусан Баясаа ардаа зогсох Баярмааруу хальтхан хараад хаалгаа тогшлоо.

-Яана аа яана аа гэх шиг зүрх бөмбөлзтөл цохилох Баярмаа өөрийгөө тайвшруулан зогсож байтал хаалга онгойж өндөр нуруутай хээнцэр ганган эр инээмсэглэв.

Гэтэл ийшээ оръё гэж дохисон Баясаа өргөн цэлгэр өрөөнд ороод

-Хайраа зөндөө хүлээчихсэн үү гэхэд аягатай цай барьсаар орж ирсэн нөгөө нуруулаг залуу

-Унтчихжээ. Чамайг яарамгүй очно гэхээр нэг их яарч хүлээсэнгүй гэхэд Баярмаа айх гайхах зэрэгцэн босч гүйхээр ухасхийв.

-Баярмаа чи жаахан хүлээчих. Аяга цай уу. Айх хэрэггүй. Би чамд хэлсэн дээ. Бүх зүйл эхлээгүй байна. Үгүй гэвэл бид хүчилж чадахгүй гэж Баясаа учирлан хэлэхэд нөгөө нуруулаг хархүү толгой дохиж байлаа.

-Та хоёр чинь хоёулаа эрэгтэй хүн байна шүү дээ гэж ээрч түгдрэн асуусан Баярмаа өөд арга тасарсан харцаар харсан Баясаа

-Чиний нүдээр тийм л харагдаж байгаа. Гэхдээ хоёрын хувьд эхнэр нөхөр хоёр. Францад хуримаа хийсэн зураг хөрөг энэ байна гэж яг махлагдуухан биетэй бүсгүй хүн шиг учирлан ярив.

-Миний хайр нэг их хямарч хэрэггүй гэж би хэлсэн дээ. Хоёулаа үр хүүхэдгүй ч амьдарч болж л байна. Удахгүй буцна. Тэнд хоёулаа урьдын адил жаргалтай амьдарна гэж нөхөр нь болох өндөр нуруут эр Баясааг аргадахад Баярмаа итгэж чадахгүй харсаар буцаж суулаа.

-Би тэгээд тээгч эх биш. Яг л өөрийнхөө үр хүүхдийг төрүүлэх юм уу гэсэн үг Баярмаагаас нэг л мэдэхэд унасан байв.

-Хүүхдээ эцэгт өгөөд явууллаа л гэсэн үг. Бид чамд хангалттай мөнгө санал болгосон. Гэрээнээс гадуур ч бас мөнгө өгнө өө. Уучлаарай бүх зүйлийг мөнгөтэй холбож ярих эвгүй байгаа ч бидний уулзах цэг мөнгө байсан болохоор ярихаас өөр арга алга.

Хаа хамаагүй хүн биш төрсөн эцэг нь болохоор хүүхдийнхээ ирээдүй хойчийг бүрэн хариуцаж, өндөр боловсролтой хүн болгоно гэхэд Баярмаа дуугарсангүй.

Гараад гүйж болох хэдий ч дүүгийнх нь арга тасарсан харц хөлийг нь тушиж, мөрөн дээр нь дарчихсан мэт өөрийн эрхгүй намсхийн суув

Нэг их удалгүй оройн зоог барихаар ширээ тойрон сууцгаахдаа гурвуул бие биенээ ойлгосон хангалуун харцаар мишилзэж байв

-Маргааш өглөө манай нөхрийг дүүгийн чинь өмгөөлөгчтэй хамт эртхэн явуулъя. Наадах чинь мэргэжилдээ гаргууд болохоор тиймэрхүү юм зохицуулахдаа туршлагатай. Хоёулаа ганц нэг дэлгүүр хэсч, хувцас үзье гэж хэлэхдээ яг л эмэгтэй хүн аальгүйтэж байх шиг санагдаж байлаа.

Цэцгэн хээтэй торгон ууж нөмөрч, гоёмсог ягаан улавч углан, өтгөн хар үсээ дээш шуун боочихсон Баясаа нөгөө хархүүдээ эрхлэн, хойгуур урдуур нь гарахдаа шовхийтэл үнсэх эрх танхи гүнж санаанд орох аж.

Тэр хоёр бие биенээ хайр дүүрэн харцаар энхрийлэн харах агаад муудалцаж маргадаг янз үгүй тул

-За яахав. Надаас төрсөн хүүхэд амар амгалан л өсөх юм байна хэмээн бодоод бүр ч тайвширсан байв....

Урьд өмнө нь нөмөрч бүү хэл барьж ч үзээгүй зөөлөн оронд тухтай унтаад сэрэхэд өглөөний долоон цаг болж байлаа. Өр төлбөрт орж цагдаад баригдаад явсан ганц дүүгээсээ болж...

Үргэлжлэлийг унших

Энэхүү нийтлэл нь төлбөртэй контент юм. Та 2,500₮ төлснөөр бүрэн эхээр нь унших боломжтой.

Хуваалцах
Бүх мэдээ