Намайг Анир гэдэг. Одоо би гучин нэгэн настай. Миний амьдрал яг л нэг амьсгаагаар уншаад дуусгачихдаг богинохон хэрнээ дэндүү их үйл явдалтай ном шиг санагддаг. Заримдаа би толинд өөрийгөө хараад, энэ инээмсэглэж буй хэрнээ нүд нь гунигтай эмэгтэй үнэхээр тэр гэнэн охин мөн гэж үү гэж өөрөөсөө асуудаг юм.
Тэр бид хоёр гэр бүл болоод есөн жил болсон юм. Ёстой л юугаа ч мэдэхгүй хүүхэд байхдаа нэгнийгээ дагаж, анх хадмынхаа хаалгыг татаж байлаа. Хүүхдийн зусланд танилцсан тэр зуны оройн сэрүүн салхи одоо ч миний хацарт мэдрэгдэх шиг болдог. Бид хамтдаа байхын тулд сургуулиа сольж, нэг дүүрэгт, нэг ангид орж, бүр их сургуульдаа ч нэг сургуулийн өөр тэнхимд элссэн. Бидний хайр шуналтай бас халуун байсан. Хаашаа ч явсан нэг нэгэнгүйгээр алхам ч гишгэдэггүй байсан болохоор хүмүүс биднийг хосууд биш, "Та хоёр ах дүү юм уу?" гэж андуурч асуудаг сан.
Гуравдугаар дамжааны төгсгөлд би гэдсэндээ хүүгээ олсон. Тэр үед би айдас биш, харин ер бусын амар амгаланг мэдэрч билээ. Бид хүүгээ хэн гэж нэрлэхээ шууд л яриад шийдчихсэн. Тэр үнэхээр халамжтай, мундаг аав байсан. Хүүгээ хоёр нас хүрсний дараа бид хамтдаа бизнес эхлүүлсэн юм. Нэг нь ч нөгөөдөө хүнд ачаа үүрүүлэхгүй гэсэндээ адилхан сэтгэлээ зовоож, адилхан зүтгэсэн. Халаасны өрөөнөөс эхэлсэн бидний амьдрал зургаан жилийн дараа шинэхэн байрны түлхүүр гар дээр минь авчирсан. Тэр өдөр бид байрныхаа хоосон шалан дээр суугаад, хүүхэд шиг хөтлөлцөн инээж байлаа. Бүх зүйл гайхалтай, мөнхөд ийм байх юм шиг санагдаж билээ.
Гэтэл нэг л өглөө... Нөхрийнхөө хүзүүн дээрх тэр улаан эрээн толбыг олж харсан. Миний зүрх мөс орчих шиг л болсон. Тайлбар сонсох илүүц байсан учраас би шууд л хүүгээ аваад яваад өгсөн. Найман сар... Тэр найман сарын турш тэр залгаж, ирж, уучлалт гуйж, сөхөрч байсан ч би хаалгаа нээгээгүй. Би түүнийг ганцаараа байж үзэг, зугаа цэнгэлээ мэдрэг, тэгээд гэр бүлийн үнэ цэнээ алдсандаа харамсаг гэж бодсон юм.