Миний аав намайг 13 настай байхад гэрт маань хамт амьдарч байсан ээжийн талын охинтой явалддаг байсныг би мэддэг байсан. Мэдээж тэр харилцаа анхны ч биш, сүүлчийнх ч биш, хүүхэдтэй болсон явдал ч байгаагүй. Гэхдээ төрсөн эгч шиг минь санагддаг байсан тэр хүн миний амьдралд харанхуй, аймшигтай, зовлонт дурсамжийн эхлэл болсон юм.
Одоо би 30 настай, өөрийн гэсэн гэр бүлтэй болсон. Гэсэн ч миний аав тухайн үедээ “хүүхэдтэйгээ амьдарч байна” гэх нэрийдлээр ээжийг минь өдөр бүр зодож, архи ууж, согтуугаар агсам тавьж, бидний амьдралыг там болгож байсан. Тэр эмэгтэйтэйгээ хамт амьдрана гэж хэлдэг ч үнэндээ хариуцлага хүлээж чаддаггүй хүн байсан.
Манай гэр бүлд хөрөнгө мөнгө, ажил амьдрал тогтвортой байсангүй. Аав маань биднийг хэзээ ч бүрэн орхиж явж байгаагүй ч, жинхэнэ утгаараа хажууд байж, хамгаалж, түшиж чадсангүй. Би эхээсээ олон зүйлийг ойлгож авсан ч ааваасаа нэг ч сайхан үг сонсож байгаагүй.
Шөнө бүр айдас дунд чичирч унтдаг байлаа. Аав хэзээ ирж агсам тавих бол, хэзээ зодно гэж бодсоор өссөн. Одоо эргээд бодоход энэ бүхэн хар дарсан зүүд шиг санагддаг ч тухайн үед бодит амьдрал байжээ.
Ээжийн маань бие махбод, сэтгэл санаа ихээхэн эвдэрч, зарим үед аав хөдөө явсан үед л бид хэсэгхэн хугацаанд тайван, аз жаргалтай амьдардаг байв. Харин аав ирэхэд бид хувцасны шкафт нуугдаж, чимээ гаргалгүй айдсаар дүүрэн суудаг байлаа.
Би аавыг маш их үзэн яддаг байсан. Харин ээж минь “Тэр чиний аав, чи хэзээ ч түүнээс нүүр буруулж болохгүй” гэж байнга хэлдэг байсан. Ямар ч байсан тэд хоёр одоо болтол хамт амьдарч байна.