Түр саатуулах байрны цагдаа нарын онгироог ээ. Биеийнхээ ихэнх хэсгийг гаргасан хувцсыг минь урчих шахан гулдачсаар намайг камерт оруулав. Ормогц, доод зиндааны хувцас муутайхан янхнууд хямдхан нялуун сүрчиг ханхлуулан угтацгаав. Тэд орилолдон хэрэлдэж оволзож байснаа намайг сонжин харцгааж, миний эсрэг халз тулаанд бэлтгэцгээв бололтой түр намжицгаав. Би тэдний дунд хоёр дахиа орж байгаа шинэ хүн. Энд бол бараг зуун удаа ирсэн янхнууд ч бий. Шоронгийн банданг эзэгнэсэн хэсэг нь яс царцмаар хүйтэн харцаараа нэвт сүлбэчих шахна. Би нэг мухар олоод эвгүйрхэж байгаагаа мэдэгдчихгүйн тулд хэнэггүйхэн инээмсэглэчихээд тэднээс холдов. Мэдэхгүй ээ. Тэдний дунд дахиад л хэрүүл дэгдэж заваан үгсээр биесээ доромжлох нь чихний хажуугаар үл өнгөрч, зүрх зүснэ.
Садар самуун, үжид завхай явдал, бөгсөө худалдагчдын тухай нэгэн баримтат кино хийхээр сурвалжлагч миний бие энд, хүйтэн бетон шалан дээр сууж буй нь энэ. Эхлээд энд ирэхэд адгуусны амьдралаар амьдрагч мянга мянган охидыг харахаас ч ой гутаж, энэхүү эвгүй заваан үнэрт тэсч чадахгүй уйлж орилмоор болж билээ. Би энд ирэхээсээ өмнө эр эмийн явдал гэгчийг аз жаргалын мэдрэмж, хүн болсны баяр цэнгэлийн нэг болгож боддог байлаа. Yнэн баримттай аятайхан хэдэн минутын материал бэлтгэчих санаатай бүтэн гурван долоо хоног хачин хувцас өмсөж, хараал ерөөл хэлж явлаа. Гэтэл хэдэн цагдаа нарт ээрүүлээд эхний удаа камерт орж үзэж билээ.
Харин дараа нь дараа нь юу болсон гэж санана. Өнөө орой би түүнтэй тааралдсан. Бүхэл бүтэн хоёр жилийн турш хайрлаж, дурлаж явсан тэр ихэмсэг залуутайгаа шүү. Шөнийн бүрэнхийд, нийгмийн хог шавхруу гэгдэж адлагддаг янхнууд дотроос тэр маань намайг сонгов. Гэгээн цагаан өдөр нүднийх нь буланд өртчих юмсан гэж хэчнээн хичээвч бүтэлтэй юм огт болоогүй, тэр намайг хялайж ч хардаггүй байсан юм. Би ирээдүйдээ итгэлтэй хүн учир түүнийг өөрөө эхэлж улаан цайм өдчихвөл дараа нь бүх юм утгагүй болчихно гэж боддог л байснаас цаашгүй. Тэгтэл өнөөдөр шөнийн хамаг л муу муухайг үйлддэг “мэхлэлтийн зах” буюу хүний зах дээрээс тэр минь над дээр ирж, тэр бүү хэл, мэнд усыг минь хүн ёсоор асуугаад эгэл жирийн яриа өдөөж, хямдавтар хөлс амласан ч гэлээ би өөрийн мэдэлгүй зөвшөөрч орхив. Тэр үед толгой эргэж, амьсгал давчдаад байсан ч би гэгч хүн чухамдаа найруулагч оператор хоёроосоо яаж зугтах аргаа л бодож байлаа. Yнэхээр түүнтэй явах нь зөв үү, буруу юу гэдгийг ч бодох ч сөхөө сэхэл авалгүй машин руу нь бушуухан ороод суучихав. Тэр ч олон үг ярилгүй түргэхэн хөдлөв. Ард ямар үйл явдал болж хоцорсныг бүү мэд…
Хямдхан буудлын хамгийн тохилог өрөөг бид сонголоо. Хамаг бие минь чичрээд