Нар оройхон болж байлаа. Цээнээ гал зуухны өрөөнд халбага сэрээ шажигнуулан юм угаана. Банзар өөр нэг өрөөнд цонх бараадан сууж, хийх юмаа олж ядсан байдалтай гараа элгэндээ зөрүүлж бариад дуу аялж суув. Дуулахын хажуугаар тэр «шийдэх л хэрэгтэй» гэж сэтгэлдээ бодож суулаа. Банзар гэртээ харилгүй бараг долоо хонож байгааг эхнэр нь мэднэ. Хийж яваа балагт явдалдаа сэтгэл нь будлин, шаналж шаналж сүүлдээ тэр «шийдэх л хэрэгтэй» гэдэг ганцхан юм л боддог болжээ
Цээнээ аяга сав угааж гүйцээд нойтон гараа арчсаар Банзарын сууж байсан өрөөнд орж ирэв. Банзар дуулж байснаа больж суудал дээрээ эргэн Цээнээгийн өөдөөс хараад «энд суу!» гэж өвөр дээрээ гараа тавив. -За би гараа арчаадахъя, гэж Цээнээг түдгэлзэн байтал гадна үүд тогших чимээ гарлаа. Банзар Цээнээ хоёр нэгэн зэрэг үүд рүү харж чимээ чагналаа. Дахиад тогшлоо. Цээнээ гайхсан янзтай Банзар руу нүдээ том болгон харж «Хэн болоо?» гэж шивнэн асуув. Банзар «яадаг юм, очоод асуу» гэж мөн шивнэн хэллээ.
Цээнээ үүдэнд очоод чимээ чагнан зоссоноо үүд дахин тогшиход,
-Хэн бэ? Гэж асуув.
-Би байнаа гэх эмэгтэй хүний дуу гарлаа. Эрт орой нэгэн цагт учрах ёстой байсан зүйл ёсоороо учрах нь энэ. Банзар Цээнээгийнхээр орогнон хонож өнжих болсноос хойш сар гаруй болжээ. Гэвч сүүлийн энэ долоо хоног шиг ингэж улайм цайм хэд хоног дараалан орон гэрээ орхиж байсангүй. Бас энэ хугацаанд эхнэр нь ч түүнийг мөрдөн мөшгөж хөөцөлдсөнгүй.
«Одоохондоо миний байгаа газрыг мэдэхгүй байгаа. Нэг л цагт тэр сүр хийтэл ороод ирнэ байх» гэж Банзар сэтгэлдээ ёрлон хүлээсээр байжээ. Ёстой юм ёсоороо болов.
Цээнээ хулгана руу гэтэж яваа муур шиг чимээ гаргалгүй алхалсаар Банзарын дэргэд буцаж ирээд чих рүү нь ойртон тонгойж
-Яахав? Гэж сэмхэн асуув.
-Тайл, тайл гэж Банзар эрүүгээрээ үүд рүү заав.
-За яршиг хэсэг балбаж байгаад л буцна биз. Би л тайлахгүй гээд Цээнээ орон дээрээс цагаан даашинз авч яаруу өмсөв.
Үүд тогших чимээ нэг дуулдаад түр намдлаа. Тэгснээ дахиад сонсогдов.
«Ороод ирнэ. Юу гэж хэлэх гэж байгаа бол» гэж бодож суусан Банзар гэнэт уур нь хүрэх шиг болж Цээнээ рүү хараад,
-Яадаг юм тайл гэв.
-Нэг их хэрүүл шуугиан болох юм биш байгаа?
-Болбол болог. Ямааны мах халуун дээрээ гэж харин сайн юм боллоо. Түргэн шийдэж, олон юм яривал хүчээр түлхээд гаргачихгүй юу гэж хэлээд Банзар пиджакныхаа товчийг тайлан үүд рүү явснаа,
-Тайллаа шүү, Цээнээ гэж хэлэв.
-Би энэ рүү орчих уу? Гэж Цээнээ инээмсэглэн хэлээд нүднийхээ булангаар хувцасны шүүгээ рүү харав.
-Хэрэггүй ээ, чи зүгээр эзэн хүн шиг сууж бай. Гэртээ байгаа хүнийг хүн яадаг юм. Яривал надтай ярина биз. Би чамайг яасан ч доромжлуулахгүй гэж Банзар хэлэхэд Цээнээ,
-Тэгвэл би тайлъя гэв
Банзар өнөөх дуу дуулж суусан мухрын өрөө рүү ороод ширээний ард суух гэснээ үүд рүү чимээ чагнан тасалгааны голд зогсов.
Цээнээ очиж үүд нээгээд,
-Танд юу хэрэгтэй вэ? Гэж асууж байгаа дуулдлаа. Орж ирсэн хүн...