Төгсөөг 3-р курсд ордог намар нь сургуулийн дотуур байр нь хөгшин оюутан өөрөө учираа ол гээд авсангүй. Төгсөө ч олон юм бодолгүй хүргэн ахындаа танайд л суухаас өөр арга алгаа гээд зөвшөөрөл ч авсангүй хамаг юмаа чирээд очжээ. Угаасаа төрсөн эгч нь анх 1 дүгээр курсд ороход нь л надад ханьтай дүү нараа хараад бай гэдэг байсан болохоор ч тэр үү, хүргэн ах нь угаасаа дуу цөөтөй хүн болохоор ч тэр үү ямартай ч тэр жилдээ тэднийд байхаар болсон аж.
Хүргэн ахынх нь хуучны ганц өрөө, 2 хүүхэдтэй учир зай талбай хомс том өрөөндөө л бөөгнөрч байдаг байв. Өглөө эрт 2 дүүгээ цэцэрлэгт нь хүргэж өгөөд ирэхэд нь ах эгч 2 нь хэзээний ажилдаа яваад өгнө. Орой дүү нараа авахаас наана гэртээ ганцаараа хоол ундтай хамаг юм нь бэлэн байх нь оюутны дотуур байранд байхаас хавь илүү жаргалтай. Ах эгч 2 нь үргэлж л гэртээ оройтож ирдэг нь бүр ч амар юм шиг. Хүргэний нагац дүү Сувдаа гэх хөөрхөн бор охин амралтын өдрүүдээр ирж усанд орж юмаа угааж гэр орон цэвэрлэлцээд явна. Энэ жил оюутан болж хотод ирсэн Сувдаа Амгаланд эмээгийндээ байх болж л дээ.
Уг нь бол Сувдаа тэднийд суух ёстой байсан ч Төгсөө түрүүлж ирээд суучихсан болохоор яах ч аргагүй түнжин муутай ч эмээтэйгээ хамт байхад хүрч. Тэгээд ч эмээгийнд нь Сувдаагаас гадна өөр олон хамаатан садан нь бөөндөө сууцгааж тав тух муутай байлгах нь Сувдааг тэднийхрүү ойр ойр гүйх, болж өгвөл амралтын өдөр ч гэлтгүй үлдэх шалтгаан хайлгадаг аж. Энэ бор охиныг анх хараад л Төгсөө татагдсан байна. Гэсэн ч цусан биш ч хамаатан болохоор Солонгос кино шиг өөр хоорондоо давхар давхар ураг барилдалтай биш гэж бодоод, нөгөөтэйгүүр хүргэний талаа үргэлж хөл хөнгөн, явдал суудал ихтэй хүмүүс гэдэг ээжийнх нь үг бодогдоод нээх сүйд бололгүй мэнд мэдэх төдий л байх ажгуу.
Ингээд сар гаруй өнгөрч Сувдаа эмээгийндээ байна уу, энд байгаад байна уу гэж бодохоор л ойр ойрхон ирээд 2 3 хоноод явдаг болоод ганц өрөө байранд багтаж шингэхгүй шахуу байцгаагаад, энэндээ ч хэн нэгэн түүртсэнгүй. Эр хүн болсон хойно үеийн хөөрхөн охин хажууд ойр байхад нь эм хүн гэсэн нүдээр Төгс харах ч харахаас өөр юм хийж чадахгүй тэгэсгээл өнгөрнө. Сувдаа харин аядуу зөөлөн зантай, Төгсөө ахаа Төгсөө ахаа гээд гэрийн эзнээс асуух зүйлээ ч заавал Төгсөөгөөс асуугаад байх нь их л эвгүй байдалд оруулдаг байв. Үүнийг эгч нь тэр дор нь анзаараад Төгсөөд: За чи барагтайхан байгаарай. Айлын охин хүүхэд элдэв юм болгов, эднийхтэй би л холбогдсон байхад өөр хэн нэгэн хэрэггүй шүү. Тэгээд ч Сувдаа жаахан хөнгөн хүүхэд чамд хань болно гэж бол мөрөөдөөд ч хэрэггүй байх шүү гэж аминчлан хэлжээ.
Төгсөө ч угаасаа олон юм бодоочгүй байсан болохоор “аниа балайраад бай” гэхээс өөр юм хэлсэнгүй. Ингэж явсаар шинэ жил дөхөж 12 сарын сүүлээр ах эгч 2 нь найзуудтайгаа шинэ оноо тэмдэглэнэ гээд 2 хүүхдээ аваад 4 хоног зуслангийн байшинруугаа яваад өгөв.