Өгүүллэг 2026.02.03

Сүүдэр...

Bayraa

Bayraa

Зохиогч

5 мин
Сүүдэр...

Их сургуулийн зоогийн газар. Өдрийн 12:30 минутын их завсарлага. Эрдэнэтуяа заалны булангийн ширээнд суух ба сургуулийнхаа хамгийн үнэтэй хоолыг голон байж иднэ. Түүний сайн найзууд болох Зулаа, Шигтгээ хоёр нь мөн адил хажууд нь амаа хөдөлгөн суух ажээ. Тэр хоол идэх зуураа араас нь өөрийг нь хэн нэгэн харж байгаа эсэх талаар сонирхон өөдөөс нь харан суух хоёроосоо асуухаар ам нээтэл утас нь жингэнэв. Охин залгаж буй утасны дугаарыг харснаа царай нь ярвайж, нэг таслах гэснээ болиод харилцуураа авлаа.

— Байна уу, яасан?

— Байна уу, Эрка минь, дүү, би байна аа. Эгч нь түлхүүргүй гэртээ орж чаддаггүй ээ. Чи түлхүүрээ хаана үлдээсэн юм бэ?

— Ээжээс л асуугаач дээ?

— Ээж нь чамд байгаа гэсэн юм л даа. Эгч нь өглөөнөөс хойш гадуур зөндөө яваад ядарчихлаа. Миний дүү, эгчийгээ зовоолгүй хаана байгааг нь хэлчих, тэгэх үү?

— Таныг зовоосон хүн алга аа. Түлхүүр доод дэлгүүрт орхичихсон. Миний нэрийг хэлээд аваарай, таслалаа шүү!

— Хүүе……

Охин утсаа таслаад үргэлжлүүлэн хоолоо идэж эхлэв. Зулаа түүнийг гайхаж хоолоо идэхээ болилоо.

— Эрка, түлхүүр чинь чамд түрүүн байсан биш билүү?

Эрдэнэтуяа халааснаасаа түлхүүрээ гарган эргэлдүүлж:

— Тийм ээ, түлхүүр надад байгаа,

гэв.

— Тэгээд эгч чинь яах болж байна аа? Чи сая худлаа ярьчихлаа шд.

— Мэдэхгүй ээ. Би ямар тэр нарыг хүүхдүүдтэй нь гэртээ урьсан биш. Өөрсдөө л хүрээд ирсэн шд. Орой болтол бүгдээрээ орцонд сууцгааж байна биз.

— Ээж чинь уурлана даа.

— Уурлаад яадын. Ойрд бүр харихаас дургүй хүрээд байдаг боллоо. Уул нь гэртээ хоёулхнаа тайван сайхан байдаг байсан юмсан. Одоо баахан муухай үнэртэй юмнууд ирчихээд ёооо!!!

Үүнийг сонссон Зулаа амаа хамхиж, Шигтгээ хахаж цацан инээж гарав.

— Хахаха, муухай үнэртэй гэнээ? Ах дүү нар чинь муухай үнэртэй юм бол чи ч гэсэн адилхан юм биш үү?

Эрдэнэтуяа энэ үгийг сонсоод яагаад ч юм гэнэт өөрөөс нь ямар нэгэн хачин үнэр үнэртэж байгаа гэсэн мэдрэмж төрөөд явчихав. Тэр ярвайн өөрийнхөө үсийг үнэрлэж үзтэл Шигтгээ үргэлжлүүлэн:

— Хүүе, найзаа, тоглож байхаад юундаа барайгаад байгаа юм бэ?

— Хмммм, барайсан юм алгаа. Тоглож байгааг чинь мэдэж байна. Гэхдээ л зэвүү хүрээд байна.

— Хэнд? Надад уу?

— Үгүй ээ, манайд ирчихээд явахгүй байгаа тэр новшнуудад. Зүгээр зайлаад өгөөсэй.

— Аан, тийм байлгүй дээ. Ёооё, намайг хэлж байна гэж гайхлаа шд.

— Заза, тэд нарыг мартаж юмаа идье, хичээл орлоо.

Аальгүйтэн салат сэрээдэж байсан Шигтгээ Эрдэнэтуяа руу тонгойж, нүдээ гялалзуулан:

— Тэр чам руу ширтээд байна. Битгий эргэж хараарай! гэв.

— Хэн? гэж асуугаад охин рефлексээрээ эргэж харах шахав. Шигтгээ үргэлжлүүлж:

— Яагаа вэ, нөгөө ангийн золбин гар. Чамтай юм ярих гэж оролдоод байдаг ш дээ. Тэр харсаар л байна.

Эрдэнэтуяа бүр барайж хоёр гараараа нүүрээ сэвэн бослоо.

— Ёоо, болио, эндээс гарья. Тайван ч юм идэж чадсангүй. Тэр ч гэсэн зайлаасай! гээд үргэлжлүүлэн ширээндээ суусаар байгаа Зулаад хандаж:

— Хөөе, Зулаа, явъя. Юугаа хийгээд суугаад байгаан? Хоолондоо цадаагүй юм уу? гэхэд Зулаа суусан хэвээр:

— Би ямар тамхи татах биш дээ. Юмаа идэж дуусчихаад түрүүлээд орж байя, гэв.

Эрдэнэтуяа эргэж харалгүй:

— Заза, буцаж орохгүй байж магадгүй шүү. Аргалаарай! гэсээр Шигтгээтэй хамт гарч одлоо.

Зулаа дунд зэргийн нуруутай, тайрмал үстэй, даруухан цагаан охин бол Шигтгээ урт тэгшхэн хөлтэй, гоолиг нуруутай “будмал” хочтой нэгэн. Тэр сургуулийнхаа хамгийн сайн гоо сайханч бөгөөд Эрдэнэтуяа өөрийн гоо сайхандаа анхаарахын тулд түүнтэй нийлж хичээлээ хийлгэхийн тулд Зулааг хань татдаг гэдгийг нь бүгд мэднэ. Эрдэнэтуяа бол өөртөө зохисон махлаг хацартай, дунд зэргийн нуруутай, урт үстэй царайлаг охин билээ. Түүний өөртөө итгэлтэй байдал, тоомжиргүй харц зэрэг нь их зантай гэдгийг нь илтгэнэ. Бардам их зангаа тэр өөрт байх ёстой нэг чимэг гэж эндүүрдэг болсоор уджээ. Охин саяхныг хүртэл ээжтэйгээ хоёулхнаа хотын төвд амьдардаг байсан боловч ээжийнх нь эгч эмэгтэй, хүү охин хоёртойгоо хөдөөнөөс түр ирж тэднийд өдөр хоног өнгөрөөх болсон байна. Охин тэдэнд анхнаасаа дургүй байв. Тэдний байгаа байдал нь ядруухан тул өрөвдмөөр, эсвэл хэнэггүй, арчаагүй байдал нь үзэн ядмаар санагдуулж, өөрийнх нь орон зайд халдаж байгаад тэсэхүйеэ бэрх болжээ. Хэлээд байхад өөрийнх нь биеийн алчуураар тэд нүүрээ арчих, хаа хамаагүй аяганд цай хоол аягалах, гараа ч сайн угаалгүй хоол хийж эхлэх зэрэг тэдний хийж байгаа үйлдэл нь түүнд огт таалагдахгүй бөгөөд уур нь хүрч ядаж байхад ээж нь хүртэл төрсөн эгчийгээ хүндэлж харьцах нь бүр галзууруулах шахна. Иймдээ ч охин байнга тэр гурваас өө хайж, өөрийн дургүйцлээ харц, үйл хөдлөл, үг яриагаараа үргэлж илэрхийлэх ба тэрхэн мөчид тэдний гаргаж буй өөртөө итгэлгүй, байж суух газраа олж ядсан тэр өрөвдөлтэй царайг нь олж харж байж л тайвшралыг мэдрэнэ. Охин өөрийгөө тэдэнд ингэж хандаж болохгүй гэдгийг, бусдын нүдэнд ямар арчаагүй харагдахаа мэдэж байсан ч болихыг хүссэнгүй. Учир нь тэднийг зовоож, үргэлж өөрсдөд нь арчаагүй байдлыг нь мэдрүүлэх нь түүнд таалагдаж байв. Тиймээс хөөрхий гурвыг гэрээсээ яван явтал нь хяхан хавчиж, харцаараа бөндгөс хийлгэхээр бүрмөсөн шийджээ. Түүний энэ зан ээжид нь болон ээжийнх нь эгч, мөн хүүхдүүдэд нь туйлын дарамттай байвч өдийг хүртэл тэвчсээр ирэв. Тэд Эрдэнэтуяагийн муухай аашийг намдана гэж найдсаар байлаа. Тэдний найдлага талаар болох болов уу?

Оройн 21 цаг. Одод үүлсээр халхлагдсан бүрхэг тэнгэрийн дор амьдрал намуухан үргэлжилнэ. Гадаа бүрий болжээ. Байрныхаа урд зогсох Эрдэнэтуяа дээш өлийн ажиглавал байрны бүх гэрэлтэй цонхнууд дунд цор ганц тэдний цонх тас харанхуй байгаа нь нэг л эвгүй бөгөөд гэр нь эзэнгүйг илтгэнэ.

“Хмммм, ээж ирээгүй юм байх даа. Нөгөө юмнууд яг орцонд сууж байгаа юм байна л даа. Тэд ч өөр хаачихав дээ.”

Охин ингэж бодон алхсаар лифтэнд сууж утсаа асаалаа. Тэр өдрөөс хойш утсаа унтраачихсан байсан бөгөөд одоо л асааж буй нь энэ. Ассан даруй янз бүрийн дугаараас залгасан мессежүүд дараалан ирж, хажуугаар нь утасных нь сүлжээ уналаа.

“Хммм, лифтэнд суухаар л сүлжээ уначих юм. Хэрвээ эндээ гацчихвал яаа гэж байгаа юм бол доо, муу тэнэгүүд.”

Охин ингэж бодож дуусаагүй байхдаа лифтний доргилтонд цочин хашгирч утсаа газар алдчихав. Тэр дэлбэрчих шахан цохилж буй бяцхан зүрхээ тайвшруулахаар гараараа дарж, айсандаа тас анисан нүдээ аажуухан нээвэл нүдэнд нь түнэр харанхуйгаас өөр юу ч үзэгдсэнгүй. Утас нь мөн хэдэн хэсэг болж хөл дор нь хөглөрөх тул гэрэл үл тусна. Тас харанхуй болон туйлын нам гүм байдал өөрөө түүн дээр айлчлан иржээ.

“Лифт!!! Тог!!!”

Охин энэ мөчид л тог тасарч, лифт зогссоныг ухаарлаа. Ямар ч гэрэлгүй, ямар ч дуу чимээгүй аймшигтай бүгчим орчин түүнд хавханд орсон мэт л санагдуулав.

“Ингээд бүх юм дууслаа. Би эндээс ахиж хэзээ ч гарахгүй байх. Би удахгүй үхнэ!!!”

Тэр духан дээрх хөлсөө гараараа арчихын хамтаар урьд өмнө хэзээ ч мэдэрч байгаагүй айдсын мэдрэмжийг мэдэрч гарлаа. Бүх юм хэвийн байгаа гэж дотроо найдан өөрийн толгой дотор ургаж буй элдэв муу ёрын зүйлсийг мартахыг хичээвч мартах гэж хичээх тусам байдал улам дордож, орчин тойрон нь учир битүүлэг болж эхлэх нь тэр! Юу ч харахыг хүсэхгүй байсан ч харанхуй дундаас юу хайж нүдээ бүлтийтэл ширтээгээ тэр үл мэдэх ч нүдээ тормолзуулан ийш тийш харна. Чихэнд нь юу ч үл сонсогдох бөгөөд охин дотроо “орцонд хүн гараад ирээсэй эсвэл тог ирээсэй” хэмээн залбирч оюун ухаанаа төвлөрүүлэхийг хичээвч төвлөрөх нь битгий хэл байдал улам дордож байлаа. Тэр харанхуйд хэр удаж буйгаа мэдсэнгүй. Цаг хугацааны гажуудалд орсон мэт, бүх юм, амьдрал, цаг хугацаа зогсчихсон юм шиг л... Удсан ч гэсэн тэр өөрийн хоригдон буй хавхандаа дасаагүй хэвээр. Анхандаа амьсгал нь түргэсэн, хамаг бие нь хөлөрч, шээс нь хүрээд ч байгаа юм шиг санагдаж байтал удалгүй гэдэс дотор нь үй түмэн эрвээхий нисэлдэж байгаа мэт хачин оргиж, хамаг булчин нь суларч, өөртөө итгэлгүй арчаагүй байдал бүх биеийг нь бүрхэн авлаа. Охин айдсаас урсан гарсан нулимсаа арчаад ядаж гэрэл асаахаар хэдэн хэсэг болсон утсаа авахын тулд удаанаар доош суун хайж эхлэв. Лифтний хүйтэн шалыг хуруугаараа тэмтрэн утасныхаа хэсэг бүрийг хайх явцдаа тэр айсандаа улам атийжээ. Доош сууж байх хооронд хойно нь хэн нэгэн араас нь хараад зогсоод байх шиг санагдах бөгөөд хурдан босохгүй бол дээр нь суучих гээд ч байгаа юм шиг, эсвэл араас нь тэврэх гээд байгаа юм шиг хачин мэдрэмж төрүүлж сандраана. Эхлээд утасныхаа их биеийг олсон охин баярлаж, цааш хайсаар утасныхаа арын тагийг олов.

“Одоо баттерейг нь олоод л боллоо.”

Охин хурдан гэгч нь гараараа газар тэмтэрсэн ч баттерей олдсонгүй тул “ардаа унажээ” хэмээн бодож эргэж харах гэснээ жийрхээд чадсангүй. Яагаад ч юм ямар нэгэн зүйл түүний дээрээс тонгойн юу хийж байгааг нь хараад байгаа мэт санагдана.

“Үгүй ээ. Миний ард хэн ч байхгүй. Юу ч байхгүй. Юунаас ч айлгүй эргэж хар. Би олох ёстой!”

Охин өөрийгөө зоригжуулж эргэж харан шал тэмтэрч эхлэв. Түүний хуруу ямар нэгэн зүйлд хүрлээ. Гэвч энэ баттерей нь биш, хачин нойтон нялцгай зүйл байх нь тэр! Эрдэнэтуяа хашгиран гараа татаж, өөрийгөө тэврэн уйлж гарлаа. Тэр юунд хүрснээ мэдээгүй ч лав олигтой зүйл толгойд нь орж ирсэнгүй. Харин ч эсрэгээрээ нөжирсөн цус, хүний дотор эд эрхтний ямар нэг хэсэг эсвэл ялгадас төсөөлөгдөж гарлаа. Энэ төсөөллийг нь дагаад юуных нь үл мэдэгдэх хачин өмхий үнэр хамрыг нь сэтлэв.

“Ээжээ, ээжээ, та хаана байна аа? Би айгаад байна. Намайг ирж авраач дээ.”

Охин дотроо ээжийгээ дуудан мэгшүүлж гарав.

“Хийж байсан бүх муу зүйлс болон муухай занг минь уучлаач дээ. Би ахиж хэзээ ч тэгэхгүй ээ, бурхан минь. Ээж минь, намайг өршөө. Би ахиж хамаатнуудаа үзэн ядахгүй. Гуйж байна. Ахиж хэзээ ч тийм юм болохгүй.”

“Түссссссс…”

Охин нүдээ анин, алгаа хавсраад залбирч байтал лифт яг л доош унах гэж буй мэт хүчтэй донслоод эргэн дээш явж эхлэв. Тэр нүдээ аажуухан нээгээд дахин гэрэл харсандаа туйлын их баярлав. Бараг л тамд оччихоод эргээд ирсэн мэт санагдаж, гэрэл гэгээ гэдэг нь ямар сайхан болохыг нь ахин нэг удаа шинээр мэдрэх нь түүнд гайхалтай байлаа. Баярлаж догдолсон охин доош хартал гарт нь мэдэгдсэн тэр нялцгай зүйл нь зүгээр л хэн нэгэн хүүхдийн хаясан цэлцэгнүүрт тараг байсан нь үнэхээр инээдтэй. Охин инээмсэглэж, эргээд биеэ хэвийнээр мэдэрч буйдаа таатай байв. Гэвч нэг таагүй зүйлийг гэнэт мэдэрч өгзгөндөө гараа хүргэвэл нойтон байлаа. Өмхий үнэр бүгчим лифтээр тархан дотор муухай оргиулна. Охин баяр баяслаа эргэн гээж, өөрөөсөө туйлын их ичиж санаа зовсондоо үсээ зулгаан дотроо хашгирч гарав. Хэрвээ өөрийг нь өмдөндөө дусаасныг хэн нэгэн, ялангуяа нагац эгч болон хүүхдүүд нь мэдчихвэл яанаа гэхээс үнхэлцгээ хагартал айсан тэр зүгээр ч зогсож чадалгүй хавчигнан хөдөлж байтал

“ДИНН” гэх дуу зүрх палхийлгэлээ.

Лифт дөнгөж онгойтол Эрдэнэтуяа хар эрчээрээ гүйн гарч, салганасан гараараа хаалгаа түлхүүрдэн гэртээ оров. Тэр угаалгын өрөөнд өөрийнхөө бохир завааныг цэвэрлэж байхдаа хаалганы чимээ болон хамаатнуудынхаа өөртөө итгэлгүй алхан орж ирэх хөлийн чимээг нь дургүйхэн чагнав. Тэд аажуухан гэгч нь хувцсаа тайлж, өрөөндөө гэтэн ороод унтахаар хэвтэцгээсэн биз ээ.

Шөнөжин уйлсаар улайтал хавдсан нүдээ үзэн ядсан Эрдэнэтуяа хаалгаа саван гал тогоондоо орж иртэл цай уун сууж байсан үеэл охин нь түүнийг харсан даруй огло харайн босов. Тэр сандралаа нуухгүйг хичээн түүнд нэг зүйл сарвайж:

— Эрка, энэ чиний утасны баттерей юу? Өчигдөр лифтэнд…

Үргэлжлэлийг унших

Энэхүү нийтлэл нь төлбөртэй контент юм. Та 2,000₮ төлснөөр бүрэн эхээр нь унших боломжтой.

Хуваалцах
Бүх мэдээ