Өгүүллэг 2026.04.24

Махлаг зөөлөн хацраа түүний даланд наалдуулан халуу дүүгүүлж...

negdeh

negdeh

Зохиогч

5 мин
Махлаг зөөлөн хацраа түүний даланд наалдуулан халуу дүүгүүлж...

Дамба, Норжмоо хоёр наадам тарсан өдөр сумын төвөөс нар шингэхийн өмнөхөн гарлаа. Тэд өндөр уулын сүүдэр буусан тал дундуур шинэхэн улаан “Ява”-гаар тийрэлтэт онгоц шиг цэнхэр утаан зам үлдээн дээд зэргийн хурдтай давхилаа. Норжмоогийн улаан алчуур салхинд дэрвэлзэн хийсэж, дотроо ялимгүй зүрхшин айсан тул Дамбын бэлхүүсээр чанга тэвэрч, махлаг зөөлөн хацраа түүний даланд наалдуулан халуу дүүгүүлж сэтгэлийн дотор хэмжээгүй баяр жаргалд автагдан явжээ. Зарим хотгор, жижигхэн судаг газар мотоцикль нисэх мэт дүүлэхэд тэр хоёр нүдээ тас анина.

Нэлээд давхисны дараа Дамбыг эрүүгээрээ аяархан ёворсонд цаадах нь мотоциклынхоо хурдыг хасан бараг зогсох дөхөөд:

- Юу гээв? хэмээн асуулаа.

- Яасан хамаагүй давхих юм бэ. Миний толгой эргэж, дотор муухай болж байна гэж Норжмоо худал хэлж аяар явуулахыг оролдсонд Дамба тийнхүү хурдан давхихыг больж зөөлөн явах зуур:

- Энэ чинь барагдахгүй арвин тал байгаа юм. Би цэрэгт явахдаа аавын хонины хээр мориор өглөөнөөс орой хүртэл шогшуулсан юм даа ... гэж хууч хөөрч эхлэв.

Энэ явдал гурван жилийн өмнө болжээ. Хоньчин Лхагвын ганц хүү цэргийн албанд мордоход сумын төв орох унааны тухай гэрийн дотор бөөн маргаан дэгдэв. Эх Долгор:

- Хүүгээ хөнгөн хөлтэй мориор сум руу явуулна. Урьд хатуу хэцүү ажлы нь хийж, хойно урьд нь гүйдэг байсны хэрэг юу билээ. Халтарынх сум орох хөнгөн хөлтэй унаа өгөлгүй яахав гэж зүтгэхэд

- Ямар хүнээс юм гуйхын дон шүглэсэн биш, тэгж царай алддаг цаг өнгөрсөн. Чи Халтарын занг мартаа юу, тэр чинь хясаж л байвал ганц болдог хүн гэж Лхагва эсэргүүцжээ. Эцэг эх хоёрыг маргалдахад Дамба хөмсөг буулган дуугүй суулаа.

- Нүүрэндээ илэг наасан юм шиг хүнтэй уулзахаас айдаг жигтэйхэн хүн шүү. Халтарынд очоод унаа гуйхад юунд нь хойш сууна даа. Амнаас нь ам уначих юм биш. Өгвөл өгнө л биз, өгөхгүй бол байна л биз. Ямар гарзтай юм уу...гэж Долгорын яншихад Лхагва ундууцаж түүн рүү муухай харснаа Дамбад хандан:

- Миний хүү аавынхаа хээр морийг унаад яв. Муу ч гэсэн өөрт байгаа юмыг хүнээс гуйгаад яах вэ. Аавын нь хээр морь хаа ч хүрчихнэ гэж итгэлтэй өгүүлжээ. Лхагвын зөрүүд зан хөдлөхөөр юу ч хэлээд нэмэргүй тул Долгор түүний чихнээс хонох уяхыг болив. Харин үгэнд нь оролгүй өөрийнхөөрөө зүтгэсэнд хяхуурхан аашилж загнах өө сэвийг сайн олж байв.

Хэрэв Дамба “Хээр мориороо явна” гэж зүтгээгүй бол бас л Долгор санасандаа хүрэхээс нааш санаа амрахгүй байж билээ. Маргааш нь өглөө эрт Дамбыг хээр мориндоо мордоход эх Долгор дөрөөн дээр нь суу дусааж баруун хацры нь үнсэхдээ нулимсаа барьж ядан хоолой нь зангиран биеэ хайрлаж явахыг захин эх адаггүй юм урсгахад:

- Залуу насандаа юм л сурахыг бодоорой. Хүний хойгуур сууж юм сурахаас хоцорвол хожим өөрөө гэмшихэд хүрнэ. Хүнтэй л адилхан хүн юм чинь хүнээс хоцрох хэрэггүй хэмээн эцэг Лхагва өгүүлжээ.

Дамба аавынхаа хонины хээр морийг унаж, айл амьтнаас холуур дөлж дөрвөн мөчөөрөө зай завсаргүй далавчлан балбавч яг, яг шогшихоос үл хэтэрнэ. Намрын халуун өдөр ингэж явах нь яршигтай санагдавч бас ухаа толгой даван явсандаа тайвширч, заримдаа хашин хээр мориныхоо тааваар сажлуулж байв. Намайг ингэж явахад нутгийн залуус л битгий тааралдаасай гэж Дамбыг бодоход хоёр чих нь улайн духнаас нь хөлс чийхарав. Аз болоход тэр өдөр Дамбатай замд хэн уулзалдсангүй.

Тэгэхэд харамч хочтой Халтарын охин Норжмоо ишигний сүүл шиг годгор хоёр салаа гэзэгтэй, залуу эрийн анхаарал татмааргүй байсан. Халтарын ялимгүй юм харамлаж боож үхэх дөхөн бачимдахыг Дамба дотроо жигших тул болж л өгвөл Халтарынхаас холхон явахыг хичээнэ. Харин Халтар бол “Хар Лхагва заяа муутай учраас манай хаяа түшихгүй, тошсон бух шиг ганц гэр явна” гэж боддог байв.

Эцгийн хашин хээр мориор сумын төв орж, оройдоо түүнийг таних хүнд хөтлүүлэн буцаасны дараа Дамбын санаа амарчээ. Тэр цэрэгт ирээд барилгын ангид орж ажилласан нь өнгөрсөн гурван жилд барилгын олон төрлийн ажил хийж чаддаг болсноор барахгүй хаана ч толгой, өвдөхгүй өрлөгчин болжээ.

Норжмоо түүнийг дахин эрүүгээрээ зөөлөн ёвров. Дамба мотоциклоо алгуурхан зогсоолоо. Талд холбоо нуур, хужир марз дундуур урссан нарийхан гол гайхалтай сайхнаар шингэх нарны эцсийн туяанд гялалзан өдрийн халууныг давж оройн сэрүүнийг угтан буй хот айл үнэхээр жаргалтай харагдаж байлаа. Дамба, Норжмоо хоёрын зогссон ухааг бараан сүүдэр бүрхжээ. Гэвч өдрийн наранд улайсах мэт халсан газрын хөрс хөрч амжаагүй ажээ.

- Дамба нэгдлийн дарга та хоёрын яриа юу болж тарсан бэ? гэж Норжмоо анх суман дээрээс хөдлөхөөс эхэлж сэтгэлийн нь зовоосон нөгөө зүйлээ асуулаа.

- Хэд хоногоос сумын төвд ирж, барилга дээр ажил хий л гэж байна. Яадаг шүү юм байгаа юм бэ, мэдэхгүй. Нэгэнт мэргэжлий нь эзэмшсэн болохоор очиж ажилладаг л хэрэг байх даа хэмээн тээнэгэлзсэн байртай ярьсанд Норжмоо түүний яриаг тасалж,

- Очсон нь дээр. Хөдөө байхлаар хайран сайхан мэргэжил нэг л мэдэхэд зэврээд хэнд ч хэрэггүй болчихно шүү дээ гээд:

- Чи суман дээр суух дуртай байна уу? гэхэд:

- Мэдэхгүй гэж хэлээд баясангуй инээжээ.

Тугалын зэлний хажууд нойтон аргалаар май тавиад, үнээ саалгах хүн юусан билээ хэмээн гэрийн үүдэнд нүцгэн хүрэн хэнхдэгээ ил гарган өмд цамцтай зогсож байсан Халтар хажуухнаар нь шурдхийн өнгөрсөн мотоциклоос цочин ухасхийхдээ тотго мөргөж аман дотроо хараал тавив. Гэвч Норжмоог түргэн ирсэнд баярлан:

- Ашгүй та хоёр хүрээд ирэв үү? Би ч өнөөдөр амжиж ирэхгүй, хэдэн үнээгээ хэнээр саалгадаг юм билээ гэж л бодож байлаа шүү хэмээн албаар инээмэр болжээ. Тэгээд тулганы хажуу дахь мөнгөн бүслүүртэй зэс домбо тийш зааж:

- Хүйтэн юм залгилцгаа. Мөн ч халуун өдөр байлаа шүү гээд,

- Замд ам цангах зав ч болсонгүй. Бид суман дээрээс тун саяхан гарсан гэж Норжмоогийн хэлэхэд Халтар зовхи нь унжсан ногоон нүдээ бүлтийлгэн:

- Их хурдан явжээ. Энэ “мулцагсэлээдий” гэдэг чинь хөдөөний хүнд л ганц тохирох сайхан унаа юм даа. Ийм хурдан юм чинь дээр нь явахад халуун өдөр салхи татуулаад мөн сайхан байдаг бий гэж гайхав.

- Сум орох ажил гарвал та надтай хамт яваарай гэж Дамбын өгүүлэхэд Халтар их олзуурхан:

- Тэгье байз. Сум орох ажил байлгүй яахав гэж хэлэхдээ “ойр зуурын юманд бэлэн сайхан унаатай боллоо. За байз энэ унаагаар чинь л өнөө хэдэн морины хойноос эрэлд явдаг хэрэг. Хар Лхагвын хүү манайхаар эргэлддэг чинь тийм ч муугүй юм болох бий. Хүнээсээ унаа нь илүү хэрэг болно” гэж бодож байв.

Дамбыг явсны дараа Халтарын жөтөөрхөл гэнэт хөдөлж хэлэх муу үг олж ядахдаа хамар дороо доогтой дуугарч:

- Юм гэдэг хачин байх юм. Бүх л амьдралдаа хөнгөн хөлтэй морины нуруун дээр гарч үзээгүй хар Лхагва гэнэт далавчит унаатай болчих гэж. Дамба ч хүн харахад нурмайсан томоотой юм шиг хир нь дотуур тамиртай муу санаатай золиг байгаа юм гэхэд Норжмоогийн дотор сэрдхийн...

Үргэлжлэлийг унших

Энэхүү нийтлэл нь төлбөртэй контент юм. Та 2,500₮ төлснөөр бүрэн эхээр нь унших боломжтой.

Хуваалцах
Бүх мэдээ