Өгүүллэг 2026.03.16

Чамд ямар ч эр хүн татагдана гэж тэр үглэх завсраа намайг...

negdeh

negdeh

Зохиогч

5 мин
Чамд ямар ч эр хүн татагдана гэж тэр үглэх завсраа намайг...

Борооны түрүүчээс амжиж ажил руугаа орох гээд гүйж явтал саяхан манайд нягтлангаар орсон шинэ охин залуу юм гэсэндээ өмнүүр гүйж ороод хаалгаараа арай л хамар хавччихсангүй. Хаалга нээгээд хүлээж байхгүй юмаа гэхэд хаачихгүй байж болоогүй юм байх даа гэсэн шүү юм санавч өрөөндөө орж амжсандаа бага зэрэг тайвширсан намайг

-Ёох, эгээтэй л бороонд цохиулчихсангүй гээд үс гэзгээ сэгсрэхэд манайхан хариу дуугарсангүй. Намайг олигтойхон норгож амжаагүйдээ азарган бороо цонхон цаанаас нижигнүүлэн балбана. Борооны хэдэн том дусал миний нимгэн цагаан цамцны минь энд тэнд цоохортуулан норгож нэвтэрсэн тул биеийн зарим хэсэг гэрэлтэж үсэн дээр туссан хэдэн дусал үсийг маань үл ялиг долгионтуулсан нь намайг улам аятайхан харагдуулж байгааг би мэдэж байлаа. Тиймээс сандлын түшлэг дээр үргэлж дохоотой байдаг ноосон цамцаа шүүрэн авч өмсөхийг урьтал болгосонгүй. Тэгтэл Цэрэн ах түрүүлж

-Хувьтай хүн хурнаар гэж үнэн юм даа. Манай Доогий бороо дагуулсаар ирлээ гэж нэлээн нялуун өнгөөр хэллээ. Түүний дууны өнгөнд бас харцанд би бас дургүй. Яг л барьж аваад идчих гэж байгаа юм шиг тэр шунамгай харцыг удаан харахын аргагүй. Толгойгоороо халзарч яваа хижээл насны энэ ах анхандаа их л намбалаг аятайхан хүн шиг санагддаг байсан сүүлдээ нэг л бишээ.

Гэтэл булангийн ширээнд суудаг гурван хүүхний нэг Булган

-Хн! Ойрд энэ усан бороо үнэхээр залхааж байна. Өдөр бүр шавшаад уйтгартай гэдэг нь гэж шилбэлзэх нь юу гэж хариулахаа мэдэхгүй байсан надад тус болох шиг. Цэрэн ах халааснаасаа алчуур гарган сарвайлаа. Санаа зовсондоо надад салфетка байгаа гэж хэрэндээ хэлсэн боловч огт сонссон шинжгүйгээр чи авах ёстой гэсэн аятай ширээн дээр тавьчихаад эргээд суучихлаа. Миний дотор арзасхийсэн боловч юу ч хэлж чадсангүй. Түүний эзэрхий гэмээр энэ авир өөриймсүү гэхээсээ илүү Долгормаа аль хэдийн минийх болсон гэж бусдад харуулах гэсэн мэт санагддаг тул би үнэн голоосоо дургүй ч гэлээ яаж ч чаддаггүй.

Үүд сэвхийн онгойж усан хулгана болтлоо норсон Боргил орж ирлээ. Цамц, өмд, үс үгүй ер нь түүнд хуурай юм алга. Бас тэгээд инээмэр аядчихаж. Цэрэн ах

-Дүү хүү ч бүр шалбийтлаа нороод, осгож үхэх нь шив. Эр хүн болох ч болоогүй байна даа гэж ирээд л тавлав. Миний дотор нэг юм зарсхийж эгээтэй л амаар гарчихсангүй бас ухасхийн босож нөгөө цамцаа түүнд нөмөргөн Цэрэнгийн өгсөн алчуурыг гарт нь атгуулан

-Алив яваад цамцаа тайлаад энийг өмс. Аягүй бол салхи савир авчихна гэж ээж нь ч юм шиг, эгч нь ч юм шиг хэлчихээд бас санаа зовлоо. Адтайгаараа Булган анзаарав бололтой харцандаа үл мэдэг шооч гэрэл анивалзуулав. Би өөрийн жолоогүй мэт энэ үйлдэлдээ ичмэглэж үсээ өөрийн биш гараар илж байгаа юм шиг эв хавгүйхэн илмэр аядаад ширээндээ суулаа. Өрөөнд нэг хэсэг чимээгүй ноёлох нь тэр гагцхүү булган тэргүүтэй гурван хүүхний товчлуурыг учир зүггүй балбах дуу сонсогдоно.

Тэд гэв гэнэтхэн ажлаа хийгээд эхлэв гэж зүгээр л хоорондоо мессенжерээр шивнэлдэж байгаа нь тэр. Би сая Боргил руу өөрийн эрхгүй ухасхийж эднийг ярих яриатай болгочихлоо. Бид хоёрын явдлыг эд гадарлахаар барахгүй мэдэж байгаа. За тэгээд өөрт дийлдэхгүй байгаа энэ сэтгэл зүрхийг ер нь яалтай билээ. Хүний сэтгэл гэдэг жолоогүй гэж хэн нэгэн хэзээ хэлчихсэн юм болоо. Зүв зүгээр ажлаа хийгээд нөхрөө хайрлаж, үрээ энхрийлээд явсан намайг өдөр шөнийн алинд ч гэлээ бодолд оруулан манаруулж орхидог золигийн залуу бол доо чи. Залуу ч гэж дээ хүүхэд гэмээр ч юмуу бодохоор эгдүүтэй гэдэг нь. Анх инженер гээд орж ирэхэд яагаад ч дахин дахин хармаар санагдаад байж билээ. Яаж ч бодсон миний нөхрөөс илүү гарахгүй л дээ, гэтэл юунд нь тэгтлээ сэтгэл алдарсан юм бол. Магадгүй түүний инээмсэглэлд юм болов уу. Яг түрүүний шалба нороод орж ирсэн шигээ инээмсэглэж байсан байх.

Түүнээс хойш энэ хагас жилийн дотор их юм болоод өнгөрчээ. Худалч хүнд би бараг өөрөө гүйж яваад өвөрт нь орчихов. Гэхдээ ямартай ч гэсэн хүссэндээ хүрэх сайхан л юм билээ. Залуу хүүхэд шахуу юм болохоороо өөрөө жаргахаа урьтал болгодог ч гэлээ түүнтэй хамт байж, түүний гэнэн гэмээр яриаг чагнан тэвэрч хэвтэх сайхан байдаг юм билээ. Гэлээ гээд тийм сайхан нөхрөөсөө салж ийм юм мэдэхгүй хүүтэй хань ижил болно гэж юу байхав. Гэхдээ сэтгэл гэдэг жолоогүй юм даа хэмээн бодолд дарагдан суутал хажууд миний цэцгэн хээтэй аягыг хэн нэгэн чимээ гарган тавив. Гайхаад хартал ус уумаар байсныг мэдсэн юм шиг Цэрэн ах надад халуун ус авчирсан байлаа. Уг нь Боргил аваад ирсэн бол ямар их баярлах байснаа төсөөлсөнгүй. Өнөө гурав маань яаж энэ мөчийг алдахав гэж дахиад л тачигнуулж гарав. Зүгээр ч үгүй жиг жуг хийн хоорондоо инээлдэхийг яанаа. Миний яс хавталзсаар, харин Цэрэн ах мэддэг эсэх нь тодорхойгүй. Аягүй бол мэдэхийн дээдээр мэдэж, үүгээрээ сэтгэл нь дүүрдэг байж мэдэх юм. Энэ хэдэд ёстой нэг зугаатай сэдэв болж байна, хүний мууд дуртай гэдэг нь гэж санаад өчигдрийн орхисон ажлаа явуулах санаатай хавтсаа авах гэтэл ямар нэгэн нүд намайг ширтэж байгааг би мэдрээдэхлээ. Мэдээж нөгөө Цэрэн. Би түүн рүү харахгүй байгаа ч гэсэн мэдэж байлаа. Энэ усыг нь уухаас даа тэгэхгүй бол ингээд гөлрөөд салдаггүй үнэхээр төвөгтэй хааяа цочмоор шүү гэж санаад би усыг оочлоод буцааж тавих зуураа өнөөх цоргисон нүд алга болсныг ажаад санаа амрах шиг болов.

Энэ хүн үнэхээр сонин хүн юмаа. Гөлөн гөлөн ширтээд л яаж ийж байгаад тал засчих гээд л эв таарвал бүр гар хөл барьчих гээд бас үе үе анхаарал халамж үзүүлчихнээ болоогүй. Ухаандаа надад их сайн юм шиг байгаа юм. Өдий насны хүн ингээд байх нь сонин ч юм шиг, муухай ч юм шиг. Ядаж байхад өрөөний хүүхнүүдийн жиг жуг ядаргаатай. Эртээр Булган гэж аманцар юм Цэрэн ахын мөрөөдлийн охин гэж ирээд л ёстой нэг бах тав нь ханасан маягтай арзайтал шоолж гэнэ. Зэвүүн амьтан шүү. Булган ч яахав, боломж гарвал ангалзаж байдаг амьтан. Харин энэ Цэрэн ахыг яая даа, яаж ч болдоггүй хүн гэж энэ байна даа. Та битгий ингэж бай л даа гээд хэлчихвэл өөрийгөө их юманд бодлоо энээ тэрээ гэвэл одоо хаашаа харж үхнээ. Тэгээд тэгэхгүй гэхээр өөрт ч төвөгтэй, надад ч зовлонтой юм гэж элдвийг бодсоор сая нэг юм асаах гэтэл асдаггүй. Залгуур юмыг нь үзвэл миний мэдлээс гарсан нь ойлгомжтой. Боргилыг дуудахаас. Түүний нэрийг санахаар хүнд бодлуудаас ангижирч хөл хөнгөрөх шиг. Бас хэл амны бай болох вий гэхдээ нэг их хөл хөөрцөг бололгүй гарлаа. Өнгөрсөн хагас жилийн хугацаанд ингэж анхаарал болгоомжтой байснаа санасангүй. Гэхдээ би түүнийг харна гэхээс яарч байна. Магадгүй ойрд түүнтэй учраагүй болохоор хүсэхийн дээдээр хүсч байсан байж болох юм.

Хүссэн үедээ уулзаад байж чаддаггүй нууц амрагуудын сайхан оршдог байж болох юм. Тэгээд ч дарсыг дарах тусам улам амт ордог гэдэг шиг учралыг хясах тусам надад сайхан юм шиг санагддаг шүү гэсэн аальгүйхэн бодолд өлгөгдсөөр өрөөнөөс гарлаа. Боргилын өрөөгөөр шагайвал тэр байсангүй. Өрөөнийх нь залуу над руу ч харалгүйгээр хуруугаараа дээш заахын бодоход дээд давхарт гарсан бололтой. Угаасаа энэ байгууллагын бүх техник жигд ажиллана гэж байхгүй. Заавал хэн нэг нь дуудаж байдаг хойно доо гэсэн шүү юм санан дээд давхрын хонгилд гараад иртэл Боргил өнөө өглөөхөн намайг дайрчих шахсан охины гарыг атгачихсан зогсож байх нь тэр. Бас болоогүй миний ноосон цамцыг бэлхүүсээрээ уячихаж. Би хурдхан шиг хаалганы цаагуур орлоо. Нөгөө охин

-Нойтон цамцаа солиочээ.

-Юугаараа солихов дээ.

-Наад ноосон цамцаа өмсөхгүй юу.

-Аан, энэ үү? Доод давхрын нэг эгч өгсөн юм. Сунгачихвал хар төвөг. Тэгээд ч одоо бараг хатаж байна дөө.

-Бас цамц өгдөг эгчтэй, айн?

-Компьютерээ засуулах гээд тэгсийн байгаа биз дээ гэж тунирхахад

-За за тоглосон юм, угаасаа чи чинь халуухан цустай юм чинь дор нь хатаах байлгүй дээ, тэ. Найз нь орлоо. Нөгөө ахлах чинь шилбэлзээд унана гээд оров бололтой хаалга хаагдах сонсогдов. Би ч хэрээрээ хурдан доошлов. Хүний яриа санаандгүй чагнах чинь яасан ч эвгүй байдаг юм. Тэгээд өөрийнхөө тухай ийм яриа сонсоно гэж зүүдлэж ч явсан биш.

-Өө, яасан Доогий гэх Боргилын дуу ард сонсогдтол явлаа. Би байдгаараа биеэ барьж

-Аан, чи энд байсан юм уу? Миний компьютер асдаггүй ээ гэж арай ядан хэлээд хурдхан шиг өрөө лүүгээ чиглэлээ. Зүгээр үедсэн бол халуухан гараас нь атгах л байсан байх. Харин энэ удаа юун тэр гар мар. Түүний гайхах мэт хоёр гараа алдлан мөрөө хавчих дүрсийг хаалганы шилэнд туссан сүүдрээс хараад дотроос хамаг юм ураад хаячих шиг болов. Өрөөндөө нэлээд ширүүхэн орсон юм байлгүй, тэд огцомхон над руу харахад биеэ барилаа. Төдөлгүй Боргил орж ирээд миний дэргэд ирж

-Яасан? гэж асуув. Тэр намайг аргадах гэсэн аяс дүүрэн нүдээр ширтэнэ.

-Мэдэхгүй ээ, асахгүй байна гэж би ширүүхэн хариуллаа.

-Яасан юм бол доо? Алив үзье гээд доош тонгойх зуураа миний гуянд хүрлээ. Хамаг бие зарсхийн уурлаж байсан уур хаашаа юм ч алга болчихов. Тэр ширээн доор байдаг процессорын араар нэгэн юм үзэж байснаа

-Ягаан гэж амандаа шивнэн над руу сэрэл тачаалын од бадарсан харцаар над руу харах нь тэр. Би энэ харцыг харах тоолондоо мэдрэлээ алддаг гэхэд болно. Өөрийн мэдэлгүй хоёр гуяа татвас хйилгэн хавчив. Тэр өнөө өглөөхөн өмссөн миний ягаан дотоожийг харсан хэрэг байж. Удсан ч үгүй компьютер асаж бидний романтик аялгуу дуусахаас өөр аргагүй болов. Боргил гарч хаалга хаагдасны дараа түүнийг хаана яваа бол гэхээс миний уур дахиад л бадарч эхэллээ.

“Би яасан тэнэг юм бэ? Дөнгөж сая намайг хөнгөхөөн хуурч мангартуулж байгаад гарчихлаа ш дээ. Одоо бодвол нөгөө охиндоо намайг яасан тухайгаа ярьж шоолж байгаа биз. Ёстой нээрээ... за тайвшир, тайвшир гэж аль болох биеэ барихыг хичээж

“Түүнийг хардах эрх надад байхгүй. Намайг бодвол залуухан царайлаг охин байна лээ. Тэгээд ч надад юм бүхэн байна. Би хайртай л юм бол түүнд саад болох учиргүй...” гэж бодтол дотоод сэтгэлийн хаа нэгтэйгээс хахир хүйтэн дуугаар

“Үгүй ээ, үгүй. Энэ нэг л болохгүй байна. Шал худлаа өөрийгөө ингэж хуураад байхдаа яахав дээ. Юу гэнэ вэ? Доод давхрын эгч компьютерээ засуулах гэхдээ өгсөн гэв үү? Тийм ээ, тийм би хөгшин нь үнэн. Нэртэйгээр нь бүр нэг муу эмгэн өгсөн гээд хэлчихгүй яагаав”. Одоо л нэг болж байх шиг. Бодол хурцдах тусам гараад гүйчихмээр боловч ямар жаахан охин биш дээ гэсэн бодлоор...

Үргэлжлэлийг унших

Энэхүү нийтлэл нь төлбөртэй контент юм. Та 2,000₮ төлснөөр бүрэн эхээр нь унших боломжтой.

Хуваалцах
Бүх мэдээ