Насанд хүрэгчдийн агуулга

Энэхүү нийтлэл нь 18+ насанд хүрэгчдэд зориулсан агуулга агуулж байна.

Та 18-аас дээш насны хүн мөн үү?

Өгүүллэг 2026.01.05

Ээж маань анх дүрслэн өгүүлж байсантай яг адил уранхай ноорхой хувцастайгаа явах бөгөөд...

negdeh

negdeh

Зохиогч

5 мин
 Ээж маань анх дүрслэн өгүүлж байсантай яг адил уранхай ноорхой хувцастайгаа явах бөгөөд...

Хорин гурван жилийн өмнө манай тосгонд нэг сэгсийсэн үстэй залуухан хүүхэн тэнүүчлэн ирээд хүмүүсийн зүг марсайтал инээхийн зэрэгцээ хаа дуртай газраа суугаад бие засахыг харсан тосгоны авгай хүүхнүүд ихэд зэвүүрхэн түүн рүү шүлсээ нулимж өшигчин зодоод «Хурдан эндээс зайл!» хэмээн хөөж туудаг болжээ. Гэвч тэр солиотой бүсгүй марсайтал инээсээр тосгоны энэ тэрүүгээр тэнүүчлэн явсаар байлаа. Тухайн үед манай аав гучин таван настай хэдий ч чулуу бэлтгэлийн ажилд зүтгэж явахдаа суурь машинд зүүн гараа таслуулчихаад эрэмдэг амьтан гэртээ суудаг болчихоод байж л дээ. Ядахад яр гэгчээр гэр орон нь ядуу зүдүүгийн эрхээр эхнэр авч чадалгүй гон бие гозон толгой чигээрээ явахаас өөр аргагүй байсан гэдэг. Мөнөөх солиотой хүүхэн хаа очиж царай зүс танагтай нэгэн байсан тул эмээд маань: «Түүнийг түр зуур гэр орондоо орогнуулж байгаад голомт залгах ач төрүүлсэн хойно хөөгөөд явуулчихъя!» хэмээх атгаг хорон бодол төрсөн аж. Аав маань эхэндээ төдийлөн дуртай биш байсан боловч яваандаа эмээгийн санаатай эвлэрээд зөвшөөрсөн гэдэг. Тэгснээр аав маань сохор улаан зоосны гарлагагүй эхнэртэй болжээ.

Ээж намайг төрүүлсэний дараа эмээ элгэндээ энхрийлэн тэврээд шүдгүй улаан буйлаа язайлган инээх зуур: «Энэ солиотой хүүхэн надад ийм энхрий ач төрүүлэн өгдөг байна шүү!» хэмээн баясан өгүүлсэн атал намайг ээжид маань тэврүүлэх нь байтугай ойртуулахаа ч байсан гэдэг юм.

Хөөрхий ээж минь намайг тэврэх санаатай гараа сунган зүтгэхэд эмээ улаан нялзрай амьтныг солиотой хүүхэнд өгөөд хөсөр унагачихвал яах билээ хэмээн зовниод хавьтуулдаггүй байсан нь нэг бодлын зөв юм л даа. Эмээ ээж рүү ширүүн харцаар ширвээд: «Чи хүүхэд тэвэрнэ гэж саналтгүй! Би юу боллоо гэж чамд өгөх билээ? Хэрвээ чи хүүг маань хулгайгаар тэврэх гээд оролдоод үзвэл сайхан мэдээрэй! Би чамайг болгоод өгөхөө мэдье гайгүй! Чамайг зодоод алчихаж чадахгүй ч гэсэн гэрээсээ хөөгөөд явуулчихаж болох байлгүй!» хэмээн зандран өгүүлнэ. Ээж маань хаа очиж тиймэрхүү утгатай зүйлсийг сайн ойлгодог болохоор айсан янзтай хулмаганан холхон очоод чимээгүй суучихдаг байжээ. Түүнээс гадна эмээ маань солиотой хүүхний сүүг хөхөөд «Мэдрэлийн согог» халдчихаж мэднэ хэмээн сэжиглэж намайг угжинд оруулчихсан тул хөөрхий эхийн маань хоёр дэлэн чинэрээд сүүгээ савируулан явах болсон гэдэг.

Тэр үед манай гэр ядуу зүдүү хэвээр байсны дээр ээж бид хоёр гэж хоолны савнууд нэмэгдсэнээр хоёр идэхгүй хоосон хонохгүйхэн шиг өлөн зэлмүүн өдөр хоногийг өнгөрөөх болжээ. Ээж зүгээр ч нэг хоол хороогоод суухгүй байн байн хэрэг төвөг тарих тул эмээ түүнийг хөөж явуулахаар шийдсэн байна.

Нэгэн өдөр эмээ маань тогоо дүүрэн будаа агшаачихаад ээжийн аяганд нэмж өгөнгөө: «Охин минь! Манайх гэдэг айл дэндүү ядуу болохоор ээжийгээ зөвөөр ойлгоорой доо! Чи наад аягатай будаагаа сайн идэж аваад илүү баян тарган айлын хаяаг бараадаж үз! Харин манай үүгээр дахин бүү үзэгдээрэй!» гэх үгийг сонсоод ээж ам дүүрэн будаагаа залгих тэнхэлгүй ангайж хоцорсон нь эмээгийн үгний цаад санааг ойлгоод айж цочирдсоны илрэл байжээ. Тэр эмээгийн өвөрт нойрсож байгаа над руу харснаа: «Үгүй ээ! Болохгүй!» хэмээн түл талхан хэлжээ. Эмээгийн царай тэр даруй барайгаад дуугаа байдгаараа өндөрсгөж: «Муу хар солиотой амьтан чи байтлаа өөдөөс олон таван үг хэлэх санаатай юу? Чи тэглээ гээд сайнаа үзэх байлгүй. Чам шиг хэрмэл тэнэмэл амьтанг гэртээ хоёр жил толгой хоргодуулсныг их юм гэж бодоорой! Өөр яалгах санаа байгаа юм бэ? Наад будаагаа гударчихаад эндээс даруйхан тонилж үз! Дуулж байна уу!» хэмээн өгүүлээд гартаа тааралдсан галын шилээгүүрийг шүүрэн авч хөсөр дэлдэхэд хөөрхий ээж маань давхийтэл цочоод эмээгийн зүг хулмаганан харснаа толгойгоо доош тонгойлгоход том том нулимс будаатай аяга руу дуслаж байлаа. Тэр гэнэт нэг санаа төрөв бололтой аягатай будааныхаа дийлэнх хагасыг өөр нэгэн аяганд юүлчихээд эмээ рүү өрөвдөлтэй харцаар ширтжээ.

Түүний энэхүү үйл хөдлөл нь «Үүнээс хойш өөрөө хагас аяга будаа идэж байя! Харин та намайг битгий хөөгөөч дээ!» гэсэн санаа болохыг төвөггүй ойлгоод эмээ бүр алмайрч хоцорсон гэдэг. Эмээ маань хэдийгээр ээжид хатуу хариг ханддаг байсан нь үнэн боловч явж явж хад чулуунаас бүтсэн хүн биш болохоор уярлын нулимсаа буруу харан шударчихаад буцаж ширүүн харцаар түүнийг ширвэнгээ: «Наад будаагаа хурдан идчихээд хурдан эндээс холдож үз! Манай гэрт байгаад байвал чамд өлсөж үхэх ганц л арга зам байгаа.» гэхэд ээж маань аягатай хоолоо ч идэж баралгүй бүдчин хашааны хаалгаар гараад холдож өгөлгүй зогсоод байжээ. Эмээ сэтгэлээ хатамжлан: «Чи хурдан нүднээс далд орж үз! Хорвоо дэлхийд буянтай айл хунар хаа мундах билээ?» гэсэнд ээж маань харин ч түүн рүү дөхөн ирээд хоёр гараа элгэндээ тэвэрч үзүүлсэн нь төрүүлсэн үр намайгаа ганц удаа тэврүүлээч гэсэн гуйлт байжээ.

Эмээ хэсэг зуур эргэлзэн тээнэгэлзсэний эцэст манцуйтай бяцхан үр намайг ээжид минь өгчээ. Ээж маань анх удаа намайг тэвэрч үзээд тэсгэлгүй баярлаж байгаа бололтой шүдээ ярзайлган баяртайгаар инээсэн аж. Эмээ минь ээжийн өвчин хөдлөөд өлгийтэй бяцхан намайг хог сэг мэт хөсөр хаячих вий хэмээн болгоомжлохдоо хоёр гараараа миний манцуйн дороос тосон зогсож байлаа. Ээж намайг хоёр гурван минут тэврээгүй шахам байхад эмээ тэсгэл алдсан байдалтай булаан аваад хашаа руугаа буцан орж хаалгаа тасхийтэл түгжжээ.

Би гэдэг хүн мэдээ орсон даруйдаа бусад хүүхдүүд бүгд л ээжтэй байхад надад яагаад байдаггүй юм бол доо хэмээн гайхан бодох болсон юм. Эмээ аав хоёроос энэ тухай асуухад тэд нар «Ээж чинь үхчихсээн!» гэдэг ганц л үгээр ам таглаад өнгөрдөг байлаа. Гэвч үе тэнгийн жаалууд «Танай ээж үхээгүй ээ! Харин түүнийг солиотой байсан болохоор эмээ чинь хөөгөөд явуулчихсан юм.» гэж хэлэхийг дуулаад эмээ дээрээ буцан очоод ээжийгээ эргүүлэн өгөхийг нэхэхийн сацуу «Чоно шиг дотортой эмээ» гэж уурлан хашгирч аягатай хоолоо идэлгүй газар асгах явдал хааяа боловч тохиолддог байлаа. Тэр үед балчир хүүгийн тархинд галзуу солиотой хүн ямархуу төрх байдалтай байдгийг мэдэхгүй болохоор дотроо бэтгэртлээ үгүйлэн санадаг байж дээ. Харин түүнийг ямархуу царай зүстэй хийгээд өнөө хэр амьд мэнд байгаа болов уу гэдэг талаас нь бол үнэндээ бодож байгаагүй юм. Гэтэл намайг зургаан нас хүрдэг тэр жил гэрээс гараад таван жил алга болсон ээж маань гэнэт эргэн ирдэг байна шүү.

Тэр нэгэн өдөр миний хэдэн жаахан найзууд гүйлдэж ирээд: «Сяо Шү! Чи мэдээгүй юм уу? Танай солиотой ээж эргэн иржээ.» хэмээн маш чухал мэдээ дуулгаж байгаа мэт хашгиралдав. Би ч бөөн баяр хөөр болсон амьтан тэднийг дагалдан гадагш тавхай гялалзуулан хурдлахад аав эмээ хоёр ч араас минь хөөцөлдөн гүйсэн юм. Тэр бол миний хувьд мэдээ орсон цагаас хойш анх удаа ээжтэйгээ уулзаж байгаа хэрэг бөлгөө. Ээж маань анх дүрслэн өгүүлж байсантай яг адил уранхай ноорхой хувцастайгаа явах бөгөөд үсэн дээр нь хатсан өвс ширэлдэн наалдсаныг үзвээс...

Үргэлжлэлийг унших

Энэхүү нийтлэл нь төлбөртэй контент юм. Та 2,000₮ төлснөөр бүрэн эхээр нь унших боломжтой.

Хуваалцах
Бүх мэдээ