Ховд аймгаас Улаанбаатар хотын чиглэлд пургон автомашин шөнийн зам дээгүүр цас манарган хурдалж байв. Ганаа хэмээх гуч орчим насны энэ жолооч эр хоёр хотын хооронд гуравдахь жилдээ хүн зөөж буй нэгэн. Энэ шөнө нэг л ёозгүй бөгөөд гадаа тэсгим хүйтэн байгаа нь андашгүй аж. Нүүр нүдгүй цасан шуурга шуурч ямар ч ээлжийн жолоочгүй тэрээр зорчигчдыг хугацаанд нь хүргэхийн тулд нүд цавчилгүй хурдалсаар. Уг нь өглөө аймгийн төвөөс гарахад цаг агаар сайхан байсан боловч яг энэ эзгүй хээр талд хүн байтугай машин явахад бэрхтэй байлаа. Хүмүүсийн амнаас ч дуу шуу гарахгүй бүгд суудал дээрээ унтаа байдалтай явах бөгөөд харин жолоочийн хажуугийн суудал дээрх нэгэн настай эмгэний өвөр дээр суух тавхан настай бяцхан охин л нүд цавчилгүй зам ширтэж явна. Машинд суугаа хүмүүс бараг үхчихсэн юм уу гэлтэй амьсгалах нь сонсогдохгүй байгаа энэ цаг мөчид зөвхөн танихгүй эмгэний өвөр дээр томоотой суух бүлтгэр нүдтэй охин л Ганаад хань болж яваа мэт санагдаж байлаа. Машины моторын хүнгэнэсэн чимээ дуулдаж зах хязгааргүй зам үргэлжилсээр.
Хэн ч юу ч ярихгүй унтах энэ харанхуй шөнө машин жолоодон яваа Ганаагийн нойр хүрч үе үе нүд нь анилдаж эхэллээ. Гэнэт “Ах аа, манай ээж сая зам хөндлөн гарлаа шүү дээ, унтлагынхаа хувцастай гүйж явна” гэсэн охины цовоо дуугаар Ганаа сэртэсхийх нь тэр.
-Юу гэнэ ээ, миний дүү?
-Манай ээж байсаан
-Хаана?
-Сая зам хөндлөн гүйснийг ахаа та хараагүй юм уу?
-Үгүй ээ. Ганаа ингэж хэлээд хурдаа сааж эхлэв.”Машиных нь гэрлээс өөр ёлтойх ч зүйлгүй энэ эзгүй хээр газар амьд хүн байгаа гэсэн ямар ч ул мөр баймааргүй санагдах.Үгүй ер нь яаж ч бодсон энэ их цасан шуургатай, чөтгөр тогтохын аргагүй хүйтэн шөнөөр хэн л эзгүй хээр газар бүр унтлагын хувцастай гүйж явах билээ” гэсэн бодол төрж охиныг дэмий ярьлаа гэж боджээ.
-Миний дүү түрүүн ээжийгээ харсан гэв үү?
-Тийм ээ, унтлагынхаа хувцастай гүйж байсан. Машины урдуур гарахдаа намайг хараад инээгээд л байсан
-Ахын дүү хий юм харсан байлгүй дээ.
-Үгүй ээ, үнэхээр миний ээж мөн байсан. Тээр ахаа яг таны хажуугийн цонхны чинь харалдаа ээж маань гүйгээд байна шүү дээ. Машинаа зогсоо л доо ахаа. Манай ээж даарч байгаа гэж хэлээд охин уйлагнаж эхлэх нь тэр. Ганаагийн дотор харанхуйлаад явчихав.