Тэр орой гэр бүлийн маань "аз жаргалтай" гэх баг хууран унасан юм. Нөхөр маань архи ууж ирээд, өөрийнхөө бүтэлгүйтэл, уур бухимдлаа над руу гаргаж эхлэв. "Чи байхгүй байсан бол би өдийд... чи ба зүүгдсэн амьтан" гэх мэтээр хашхичиж, эцэст нь охиныг минь уйлахад тэр тэсэрсэн. Тэр намайг, нялх үртэй минь хамт хаалгаар түлхэн гаргаж, араас минь цүнхтэй хувцсыг минь шидэж орхиод хаалгаа түгжчихэв. Гадаа намар оройн жихүүн бороо зүсэрч, шөнийн арван нэгэн цаг болж байлаа.
Би шатан дээр хэсэг балмагдан суув. Охин маань даарсандаа ч тэр үү, чангаар орилон уйлахад би яаран хөдөлж, гараа гарган такси барихаар зам руу зүглэлээ. Хаашаа явахаа мэдэхгүй байв. Ээж аав минь хөдөө, харин хотод байгаа ганц нэг найзууд маань өөрсдөө амьдралтай, шөнө дөлөөр нялх хүүхэдтэй очиж төвөг удахаас зүрхшээв.
Утсан дээрх харилцах дугааруудаа гүйлгэж байтал нэгэн дугаар дээр хуруу минь зогслоо. "Тэмүүлэн эмч". Тэр бол хоёр сарын өмнө намайг төрөхөд эх барих эмчээр ажилласан, залуухан мөртлөө тун нямбай, эелдэг залуу байсан юм. Хүндрэлтэй төрөлт байсан болохоор тэр надад маш их тусалж, эмнэлгээс гарсны дараа ч охины биеийг асууж хоёр удаа залгаж байв. Эх барих эмч нар өвчтөнүүддээ дугаараа өгөх нь байдаг л зүйл боловч, энэ шөнө надад түүнээс өөр хандах хүн санаанд орсонгүй. Өөрөө ч мэдэлгүй залгах товчийг дарчихлаа.