Дэчингийн сүнс хяхатнасан хоолойгоор:
— Хайрт минь, наашаа хүрээд ир. Хамтдаа явъя, — гэж хэлээд дөхөхөд нь тэр нүдээ анилаа.
Хачирхалтай нь нүдээ аньсан ч гэсэн Дэчингийн сүнс тодхон харагдсаар байв. Орилох гэсэн боловч хүүгээ айлгахаас эмээгээд уруулаа цус шүүртэл нь хазаж байлаа.
Сүнс түүн рүү улам бүр дөхөж ирэхэд хүүгээ айлгачих вий гэсэндээ хөнжлөөсөө сугаран, дуулгавартай нь аргагүй босож очжээ. Сүнс сэрүү татуулах мэт умдаг, хөхөн дээгүүр нь сарвуугаараа илэх аж. Хаа очиж биегүй хоосон тул гойд мэдрэмж төрсөнгүй. Түлхэх гэтэл хий хоосон зүйл учраас яаж ч чадсангүй.
Дэчингийн сүнс нөгөөх л муухай хоолойгоороо:
— Би нөхрийн чинь биед шингэж, чамайгаа эдэлмээр байна, — гэж хэлэв.
Түүнд бүх зүйл нэг л сонин, бодит бус мэт санагдана. Нэг мэдэхэд айдас хүйдэс ч алга болжээ. Сүнс түүний биеэр чөлөөтэй тэнүүчилж, холын хол нэгэн ангал руу авч явж байгаа мэт санагдаж байтал хүүхэд нь часхийтэл уйлан сэрээв.
Үүнтэй зэрэгцэн гэрэл аслаа. Харин сүнс тэр дороо ор мөргүй алга болов. Дөнгөж сая ухаан орсон Тунгалаг хүү рүүгээ ухасхийв. Азаар шөнөжин гэрэл унтарсангүй.