Дэнжийн мянгын Цагаан байр цаашилбал захаа тойрон шавцгаах согтуу “шонхрууд” бүр тэд ямар ч шалтгаангүй гударцгаана. Элэг бөхтэйг нь яана. Эхнээсээ авахуулаад элс шороондоо булагдахаар л цаг өнгөрч яваа юмсан. Олон ч хүн ингэж боддог.
Гарцаагүй! Учир нь энэ газрын хүмүүст нь битгий хэл хөрсөнд нь хүртэл архины нэвширсэн үнэр нэвт шингэсэн.
1999 он. Хавар зуны зааг дээр айлын хоёр дахь хүүхэд болон мэндэлсэн тэр өдөр жаргал зовлонг хамтад нь авчирсан өдөр байлаа. Охин үртэй болсондоо баярласан ээж, төрөхийн гадаа согтуу ирсэн аав. Эмнэлэгт амаржсан тэр хэдхэн өдөр магадгүй ээжид минь урт хугацааны дараах амар амгалан нь байсан ч юм шиг. Чухам миний хувьд яг эндээс л бүх зүйл эхэлсэн.
Уйлж сэрлээ. Хар дарсан юм байх. Ээжээ гээд дуудахад амнаас уур гарч байлаа. Урд шөнө гал түлээгүй хоносон болохоор тэр. Том өрөөний сандал дээр сууж байсан ээж минь намайг аажуухан хувцаслав. Цаг яг өглөөний долоо болж бид цэцэрлэгтээ явах хэрэгтэй байлаа. Миний ээж цэцэрлэгийн багш бас манай ангийн багш. Даарч хоносноос болоод бага зэргийн халуунтай, хоолой загатнаад ханиалгамаар байсан ч тэвчлээ. Үүдний шалан дээр хэвтэх аавыг сэрээхгүй гэж. Энд тэнд хагархай шилний хэлтэрхий, гишгэчихгүй юмсан гээд өлмий дээрээ гэтэн явсаар ашгүй хаалга ойртож бушуухан л гарлаа. Гадаа тэр аяараа сааралтаж тавхан алхмын цаадах хашаа ч үл харагдана. Гэр хорооллын энэ утаанд нүдээ нээж анихад ч хүндхэн санагдаж хорсоод нулимс гарч хацраар урсаж амжилгүй хөлдөх шахна. Хэдэн давхар хувцас өмсдөг байсан юм мэдэхгүй. Пөөнийсөн юм хөдөлж дийлэхгүй “үүрүүлье” гээд гараа сунгана. Ээж минь намайг өдөр бүр үүрч явдаг. Очих хүртлээ бууна гэж үгүй. Хэдий ингэж эрхлэдэг ч хэзээ ч идэх юм нэхэж байсангүй. Дөрвөн настай надад “Миний охин чинь одоо том болчихсон байхгүй юу” гэж хэлдэг ээжийн үгсэд бардаад тэр байх. Цэцэрлэгийн хаалгаар ороход хүн бүр ээжийн минь нүүр лүү өрөвдсөн харцаар удаан гэгч нь дагуулан харна. Гэсэн хэдий ч тэдний хэн нь ч түүнээс юу ч асуудаггүй байсан. Юу болсон нь, юу болдог нь дэндүү гэмээр илхэн. Би ангийнхаа бүх л хүүхдүүдийг яг өөр шигээ л боддог байлаа. Бүх аавууд ээж нарыг зодож, өглөө сэрэхэд нь үргэлж шахуу амнаас нь уур гардаг гэж. Гэхдээ надаас ялгаатай хоёр зүйл тэдэнд байдаг. Өглөө болгон ээж аав нь тэдэнд чихэр авч өгдөг. Бас тэд ангийн үүдээр орж ирэхээсээ өмнө хойш эргэн хараад гараа даллан “Орой намайг хамгийн түрүүнд ирж аваарай” гэх тэр инээмсэглэл. Би үүнийг огтоос ойлгодоггүй.
Ангийнхан авч ирсэн чихрээсээ багшдаа амсуулах гээд яарна. “Баярлалаа” гэж хэлээд өгсөн чихрийг нь гялс миний гарт атгуулчихна. Хүүхдүүд харвал багшийн чихрийг авчихлаа гээд бөөн юм болох учраас сэмээрхэн ор хөнжил хураадаг жижигхэн өрөөний мухарт арагш харан зогсоод амтархан идчихээд гарч ирнэ. Тэгээд ээж рүүгээ хараад ямар их баярлаж байгаагаа нүдээрээ л хэлчихдэг байж билээ.
Би шинэ хувцас авч үзээгүй. Хамаатны охидын багадсан хувцасыг л өмсдөг. Надад ямар ч барби хүүхэлдэй байгаагүй. Цаас харандаа л байсан. Тийм болохоор унтлагын цагаар бүх хүүхдүүдийг унтсаны дараа ганцаархнаа босоод ээж рүүгээ том нүд гарган ангийн хүүхдүүдийн ягаан өнгөтэй, том шигтгээтэй, саатай гутлуудыг өмсөж үзэхийг гуйна. Тэгээд хүүхдүүдийг сэрэх үеэр яг байранд нь буцаан тавиад орноосоо дөнгөж сая л босож байгаа мэт жүжиглэнэ. Өдөр бүр өөр өөр гутал өмсөн толинд харна. Ангийн нэг булангаас нөгөө хүртэл гараа ташаандаа аван алхана. Цэцэрлэг бол миний хүүхэд насны хамгийн амар тайван газар байсан. Тарах цаг болоход зарим ээж, аав хоцорч ирнэ. Тэгээд бид цэцэрлэгээс нэлээд оройтож гарна. Гэртээ харих ойртож гэр хүрэх зам надад тэр үедээ л хамгийн айдас хүрэм түгшүүртэй мэдрэмжийг өгдөг байв. Бид замдаа олон зүйлийг ярилцан явах хэдий ч дотроо ганц л зүйлийг хүсэцгээнэ.
Автобусны буудлаас нэг их холгүй зайд манай тэндэхийн хамгийн том хүнсний дэлгүүр харагдана. Энд хүмүүс “Ягаан дэлгүүр” гэж нэрлэдэг. Дэлгүүрийн хоёр хажуу талын өндөр босгон дээр гарч зогсоход айлуудын яндан тодхон үзэгдэнэ. Бид хоёр өдөр бүр түүн дээр гараад гэрийн яндангаас утаа гарч байгаа эсэхийг шалгана. Аав эрүүл үедээ галаа түлчихсэн сууж байдаг болохоор. Гэвч энэ үзэгдэл яг л өдрийн од гэмээр. Өнөөдөр харамсалтай нь тэр өдөр бас л биш бололтой. Надаас зургаан насаар дээгүүр ах бий. Хэрэв над шиг ингээд бичвэл минийхээс хэр их зүйл өгүүлэх байсныг таашгүй. Энэ удаад ээж бид хоёр яндангаасаа дохио авсан болохоор гэрийн хаалгаар орсонгүй. Цонхоор сэм хартал ах уйлчихсан, аав орон дээр сууж байлаа. Тасраад уначихсан бол гэж дотроо зүхнэ. Архи уусан хүн яг ийм үедээ л хамгийн харгис авирладаг. Эрүүл биш хэрнээ бүр согтуу ч биш. Арга ядсандаа ээж минь цагдаа дуудна. Гэвч энэ тийм ч сайхан санаа биш. Цагдаа биднийг зөвхөн нэг л шөнө түүнээс холдуулж чадна. Харин тэр шөнө нь маргааш ирээд яах бол гэж бодсоор хөрвөөнө. Эрүүл болчихсон гээд гэр лүү нь явуулна. Өглөө гарч ирээд өдөр хүртэл ууна. Орой орж ирээд өчигдрийн хэргийг санан улам агсарна. Олон удаа цагдаад барьж өгснөөс болж намайг цагдаагийн хүүхэд гэдэг байсан. Хаанаас нь ч харсан ав адилхан царайндаа голдоо ортол дүргүй хүрдэг надад энэ үгс тийм ч хатуу сонсогддогүй байв.
Заримдаа бид хамаатнуудаа бараадна. Цэцэрлэгээсээ тараад цонхоор сэм харчихаад орж чадахгүй болохоор намайг л аваад явчихна. Ах минь үргэлж согтуу аавтайгаа үлдэнэ. Юу болдог байсныг ёстой чөтгөр бүү мэд. Надад энэ талаар бодох ч сэхээ байгаагүй. Ээжийн эгчийнх бид хоёрыг их л нүд үзүүрлэнэ. Оройн хоолоо харамлана, шөнө намайг ханиалгалаа гэж загнана. Гэхдээ гэртээ байхаас хавь илүү. Хоёр хонов уу үгүй юу “Одоо нөхөр чинь ойлгосон байх, Яв яв” гэж хэлнэ. Тулгаад хэлдэг энэ үгэнд нь яалт ч үгүй гараад л явдаг байлаа. Дэнжийн мянгын ихэнх айлууд тартагтаа тулсан ядуу. Тэд эндэхийнхээ дэлгүүрээс есийн тосоо хүртэл граммлаж авна. Элсэн чихэр, давс гээд ер нь бүгдийг л граммлан авна. Ээж минь цалингаа аваад гэртээ хоол хүнсээ цуглуулна. Шуудай гурил, будаа, талх, ногоо гээд л. Сар хэрэглэхэд хангалттай хүрэлцэхээр. Гэвч долоохон хоногийн дотор юу ч үгүй дуусчихна. Дэлгүүрүүд нь граммлаж зарахын зэрэгцээ мөн граммаар худалдаж авдаг учраас. Ээжийн авсан бүх хүнсийг ширхэглээд хэсэгчилж зараад уучихна. Ингээд хоолгүй бас хүйтэн өдрүүд үргэлжилнэ.
Шинэ жил, цагаан сар гэх тэмдэглэлт баяруудыг хүн бүр л догдлон хүлээнэ. Бид шинийн нэгний өглөө нар мандахаас өмнө босч мөрөө гаргана. Дараа нь аавын том эгчийнд тэгээд ээжийн том эгчийнд очино. Ингээд л болоо. Хоёр гурван өдөр хэсч дуусдаггүй их хамаатан бидэнд байхгүй. Харин үлдсэн тэр хоёр гурван өдөр нь аав намайг дагуулаад охиндоо бэлэг цуглуулж өгнө гэсэн нэрээр хэдэн архичдын гэрээр орж гарна. Сайндаа л хэдхэн атга чихэртэй үлддэг байлаа. Хөл дээрээ ч тогтож чадахгүй том биетэй хүнийг унагаачихвал босгох аргагүй гээд ташаанаас нь тулсаар арайхийн авч явна. Замдаа байн байн “Ээж чинь хаана байна” гэж шалгаана. Нэг асуусан асуултаа хэдэн зуун удаа асууж хариулахгүй бол уурлана. Эцэст нь аав намайг биш би аавыг дагуулсаар гэртээ ирнэ. Эдгээр баярууд хүүхдүүдэд аз жаргал авч ирдэг бол надад зовлон л болдог байлаа. Гэтэл би дөнгөж тавхан настай шүү дээ.
Бага байхдаа ааваасаа айдаг байсан бол хэдэн жилийн дараа тэр айдас минь үзэн ядалт болон хувирсан. Харахаас ч дургүй хүрч хүн гэж авч үзэхээ байв. Энэ үед би сургуульд орох болчихсон байлаа. Түүний зан авир тэсэхийн аргагүйд хүрч, хамт байх ямар ч боломжгүй болсон юм. Ээжийн дүү бидний энэ байдлыг мэдээд хамт амьдрахыг зөвшөөрсөн. Бид хоёрыг дагуулаад гарсан тэр өдөр, үүнээс хойш бүх зүйл сайхан болно гэж бодож явсан.
Би ээжийнхээ ажлын хажууд байдаг сургуульд бүртгүүлэв. Хичээл өдөр ордог ч гэлээ өглөө хамт гардаг. Намайг хүргэж өгөх хүн байхгүй шүү дээ. Хичээлд сууж, шинэ найзуудтай болох надад үнэхээр их таалагдсан. Хоёр настайгаасаа эхлэн харандаа барьж зураг зурсан болохоор бусад хүүхдүүдийг бодвол гар хэдийн эвлэчихсэн төвөггүй бичдэг байлаа. Орой гэртээ харих зам надад ямар нэгэн айдсыг төрүүлэхээ больсон. Эгчийн гэр надад яг л төрсөн гэр шиг санагдаж халуун устай байрны айлын амьдрал үнэхээр л жаргал байв. Зун байрныхаа гадаа хүүхдүүд өдөржин өнжинө. Тэд дээс, чирта, баавгайн чих гэх зэрэг олон тоглоом тоглоно. Надад мэддэг тоглоом цөөхөн болохоор хамт байхыг тийм ч их хүсдэггүй байсан. Бас тэдний ярьж байгаа зүйлсийг ойлгоход их хэцүү. Бүгд л дэлгэдэг гар утастай. Ард талд нь битүү зураг нааж энд тэндээс нь зүүсэн чимэглэлүүд гаргаж ирэхэд нь гялалзаад л. Өмсөж байгаа нь хүртэл цаанаа л нэг дэгжин. Тэд намайг гадуурхдаг нь илт мэдэгддэг байсан. Бас тэдэн шиг болж чадахгүй гэж бодсоноос хойш гадаа гарч тоглохоо больсон. Гэрт байх нь илүү дээр санагдаж зургаа зуран сууна. Энэ үед биднийг хаана амьдарч байгааг аав мэдээгүй байсан...